Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Энэ хичээлийн жилд Боловсролын багц хууль батлагдсан гэдгээрээ онцлогтой болж байгаа. УИХ-ын анх удаа бүх шатны боловсролын тогтолцоонд шинэчлэл хийсэн. Шинэ хуулийн эрх зүйн орчинд зохион байгуулалт хийх шаардлага байгаа.
Засгийн газраас энэ жил хэд хэдэн зүйлд анхаарлаа. Нэгдүгээрт, гурван ээлжээр хичээллэх 68 сургуулийн 50 мянга гаруй хүүхдийн асуудал гарч ирсэн. Нэг ангид 50-60 хүүхэд хичээллэх шалтгаан нөхцлийг тодорхойлох талаар ярилцлаа. Гурван шалтгаан байна. Нэгдүгээр ангид 70 мянган хүүхэд орж байхад арван жилийн сургуулиа төгсөж байгаа 30 мянган хүүхэд байна. Жил 35-40 мянган хүүхэд нэмэгдэж байгаа учраас ачаалал эхэлж байна.
Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын буруу хуваарилалт байна. Зураггүй, газаргүй хэр нь төсөвт хөрөнгө оруулалт төлөвлөж, жил бүр төсөв нь өсөж байна. Тендерийын хонгил үүсэж байна. Гуравдугаарт хот төлөвлөлттэй холбоотой байна. Улаанбаатарын хэмжээнд сургуульгүй 50 хороо, цэцэрлэггүй 17 хороо байна. Мөн хороолол хотхонууд сургууль цэцэрлэггүй барилга барьж байна. Уг нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тухайн баригдаж байгаа хороолол сургууль, цэцэрлэгээ төлөвлөсөн байх ёстой. Гэтэл улсын комисст хүлээлгэж өгөхдөө хэсэгчилж, хорооллууддаа хүлээлгэж өгөөд сургууль, цэцэрлэггүй болох эрсдэл үүссэн байна.
Ингээд Засгийн газраас энэ ондоо багтаан 74 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн байрыг хүлээн авна. Түүнчлэн тав болон 71 дүгээр сургуулийн барилгын ажил дууссан хэр нь цоожтой хоёр жил болсон байна. Барилга гүйцэтгэл дээр үл ойлголцол үүссэн байна. Үүнийг эцэслэж, асуудлыг шийдвэрлэсэн” гэлээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0