Ч.Ганга
Монголын аялал жуулчлалын салбарын анхдагчдын нэг "НЬЮ ЖУУЛЧИН ТУРС" группын ерөнхийлөгч Ш.НЭРГҮЙТЭЙ ярилцлаа.
-Аялал жуулчлалын сүүлийн үеийн чиг хандлага хийгээд Монголын онцлог, аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын талаар таны байр суурийг сонирхоё?
-Дэлхий нийтээрээ дулаарал, даяаршлын асуудалд анхаарлаа хандуулж, түүнийг хэрхэн саармагжуулах талаар ухаанаа уралдуулж байна. Энэ үед монголчууд бидний уламжлалт нүүдлийн амьдрал, зан заншлыг, байгальдаа хамгийн ээлтэй, зөв зүйтэй, ухаалаг амьдралын хэв маяг хэмээн тодорхойлоод байна. Тиймдээ ч манайх дэлхийн аялагчдын анхаарал, сонирхолд байсаар байна. Гэтэл дэлхийн бусад улс оронд нэг улсыг, нөгөө улс орноос ялгахад төвөгтэй болсон. Маш олон зүйлсээрээ дэлхий нийтээрээ ижилсэж байна. Мэдэхгүй, танихгүй, сонирхолтой зүйл улам бүр цөөн болоод байна. Гэтэл аялагчдын дийлэнх нь алмайрал, гайхшрал, цоо шинэ зүйл мэдрэх хүсэлтэй хэвээр. Иймдээ хөгжиж буй орнуудын нутгийн иргэдийг түшсэн аялал жуулчлалын хандлага руу дэлхий нийтээрээ чиглэх болсон. Харин Монголд энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Нүүдэлчин зан заншил, өргөн уудам нутаг, өвлийн улирал энэ бүхэн нь өөрөө дэлхийн аялал жуулчлалын ирээдүйн хандлага юм. Иймд одоо бид аялал жуулчлалыг хөгжүүлэх зөв, цогц, нэгдсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Энэ салбарт Монголдоо хамгийн олон буюу 30 гаруй жил ажиллаж байгаа хүний хувьд Монголын аялал жуулчлалын бизнесийн өнөө болоод ирээдүйг хэрхэн дүгнэж байна?
-Гадаад, дотоод гэлтгүй аялал жуулчлалын бизнес нэг тоглолтын дүрэмтэй байх ёстой. Манайхаас бусад оронд энэ төрлийн бизнес эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгодог. Тэр зөвшөөрлийнхөө дагуу тухайн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ хянадаг, удирддаг. Гэтэл Монголд хэн дуртай нь энэ бизнесийг хийж байна. Тусгай зөвшөөрлийг сэргээснээр энэ салбар нэгдсэн зохион байгуулалтад орох, жуулчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг хамгаалах ач холбогдолтой. Олон улсад бол аялал жуулчлал нь маш хариуцлагатай бизнес байдаг. Байгаль орчноо хамгаалах ёстой, зан заншлыг дээдлэх ёстой, аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хариуцлагатай байдаг. Мөн бусад салбарынхаа холбоос нь болж ажиллах ёстой. Үүнийг төр нь хянадаг байх ёстой. Ер нь бол төр нь бизнес эрхлэгчидтэйгээ ширээний ард суух цаг нь болсон. Бодлого гаргагч, бизнес эрхлэгчид ойлголтоо нэгтгэмээр байна. Ер нь нэг хэсэг хүмүүс, нэг компанийн бүтэлгүй ажиллагаанаас болоод тухайн улсын аялал жуулчлалын салбар хөгжихгүй байх боломжтой.
- Сүхбаатар аймагт бүс нутгийн болон хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэх талаар үнэ цэнтэй санал зөвлөгөө хэлж байсныг сонсч байсан. Түүнийгээ энд дэлгэрүүлж ярина уу?
-Аялал жуулчлалын салбарт олон жил ажиллаж туршлага хуримтлуулсны хувьд надад ханддаг аймаг сум, хамтын ажиллагаатай байгууллага олон бий. Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага ч сүүлийн жилүүдэд орон нутаг руу, тэр дотроо нутгийн иргэдийг оролцуулахад чиглэх болсон. Энэ хүрээнд нутгийнхаа биет болон биет бус соёлын өвийг сэргээх ёстой гэсэн бодол надад байсан. Иймд нутгийнхаа сэхээтнүүдтэй хамтран “Ганга нуурын чуулган” соёлын өдрүүдийг гурван жил зохион байгуулсан. Түүнд их хөрөнгө мөнгө зараагүй, гол нь нутгийн иргэдийг яаж оролцуулах вэ гэдэг асуудал байсан. Соёлын өвийг сэргээх талаар ч олон ажил хийсэн. Үр дүнг нь харвал Сүхбаатар аймгийн зургаан суманд, айлын гэрт, хүний гар дээр хадгалагдаж байгаа ховор буюу түүхэн эд өлгийн зүйлүүдийн бүртгэл бүрэн гарч ирсэн. Хоёрдугаарт, Дарьганга соёл гэж юуг хэлдэг вэ, мөнгөн урлал гэж юу вэ гэдэг талаас хүмүүс иж бүрэн ойлголттой болсон. Мөн мартагдсан соёлын өв, тухайлбал “Дарьганга татлага” гэж зургаан татлагыг Сүхбаатар аймгийн өндөр настан, морин хуурч Л.Цэдэвсүрэн гэж хүн өөрийнхөө багшаар заалган сурч, өвлөж авсан байсан. Түүнийг нь бид 150 хүүхдэд зааж өгсөн. Дарьганга марзай, гийнгоо, хурдан морины зан үйлийн зүйлүүд нэлээд сэргэсэн. Одоо Сүхбаатар аймгийн төв, Дарьганга суманд нутгийн иргэд бие даагаад соёлын өвийн аялалын жуулчлалыг хийх бүрэн бололцоотой болсон. Энэ хүрээнд хийсэн бас нэг том ажил бол Ганга нуурыг сэргээх асуудал байсан. Өмнө нь гурван жил хэртэй ярьсан. Түүний эцэст манай баг бүрэлдэхүүн ямар ч байсан бүх нийтийн анхаарлыг хандуулж чадсан.
-Ганга нуурыг сэргээх ажил одоо ямар шатанд яваа вэ?
-Тэр хүрээнд бид нэлээд ажлыг хийх гэж оролдсон. Түүн дотроо Ганга нуурыг сэргээхийн тулд нэгдүгээрт, нуурыг хамгаалах төслийг эрдэм шинжилгээний баг бүрэлдэхүүн ажиллаж хийсэн. Тэр ажлын суурийг БОЯ-ныхан өмнө нь гаргасан байсан. Бид түүнийг нь баяжуулж Ганга нуурыг хамгаалах асуудлыг ярьсан. Энэ асуудлыг ярихад хэд хэдэн хүндрэл үүссэн. Тэр нь юу вэ гэвэл, шинжлэх ухааны үндэслэлийг гаргаж, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтээр шийдвэр гаргуулах байсан. Манай багийн бүрэлдэхүүнд ургамал, мод, ус, байгаль орчин, амьтан судлаач зэрэг 20 гаруй эрдэмтэн ажиллаж ирсэн учраас мэргэжлийн цогц санал дүгнэлтийг салбарын яаманд хүргэж чадсан. БОЯ бидний саналыг хүлээж аваад өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Гэхдээ сүүлийн 2-3 жил Ганга нуур ширгэлт 80 хувьд хүрсэн. Гадаргын ус нь бороо орохоор сэргээгддэг. Нуурын ёроолд 80-120 см лаг шавартай. 21 булгаар тэжээгддэг байснаас хоёрхон нь л үлдсэн. Энэ хоёр булаг үндсэндээ эх үүсвэр татахаа байсан. Геологийн ухааны доктор Ч.Хурц тэргүүтэй Сүхбаатар аймгаас төрсөн гидергеологийн олон мэргэжилтэн сүүлийн хоёр гурван жилд БОЯ-наас зарласан тендерт оролцож судалгааны ажил хийсэн. Дүгнэлт нь газрын хөрсөн доор байгаа усны ундарга бололцоотой байна.Тиймээс хиймэл аргаар эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой гэсэн хариу гарсан. Өнгөрсөн жилүүдэд шаардлагатай хайгуулууд хийгдсэн. Салбарын яам цаашид энэ чиглэлээр ажиллавал Ганга нуурыг сэргээх нэмэлт эх үүсвэрийг олох асуудал бололцоотой гэж үзсэн. Энэ дүгнэлт байхгүй бол бидэнд хэцүү байсан. Мэргэжлийн байгууллагууд оролцсоноор асуудал тодорхой болж байгаа. Нөгөө талаар, нуурын ёроолын лаг шаврыг яах вэ гэдэг асуудал бий. Тэр лагийг авчихвал нуур хиймэл болно. Авахгүй гэхээр ширгэлт нэмэгдсээр байна. Бичил биет буюу лаг гэдэг зүйл амьтдыг бий болгодог, түүн дээр шувуу цугладаг. Түүнийг нь аваад хаячихвал цаашдаа шувууд ирэхгүй болох асуудал бий. Энэ асуудал маргаантай, эрдэмтэд ажиллаж байгаа. Нутгийн иргэдийн зүгээс бага багаар буюу эхний жилд 20 хувийг нь цэвэрлээд, тэрийг нь гайгүй болохоор дахиад 20 хувь лагийг цэвэрлэх гэхчлэн алхам алхмаар хийвэл ямар вэ гэсэн санал гаргасан. Энэ чиглэлээр ТББ олон гарсан, удирдлагын хувьд ч тал тал тийшээ тарсан байдалтай байна. Гэхдээ “Ганга нуурыг хамгаалах сан” бол ажиллаж байгаа. Ж.Гомбожав гуай, Ч.Хурц гуай, Г.Мэнд-Ооёо, бусад эрдэмтэн судлаачид бий. Бидний хувьд хийж байгаа ажилд нь оролцоод явдаг. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн байгууллагууд, БОЯ удирдаад явж байгаа.
-“Ноён хутагт Данзанравжаагийн Энергийн төв, цаашлаад Дарьгангын цогцолбор газрыг холбосон аялал жуулчлалын маршрут бий болгоход тун тохирмжтой” гэсэн санал санаачилгууд тухайн үед гарч байсан. Энэ талаар таны бодлыг сонирхоё?
- “Ганга нуурын чуулган” санамсаргүй гарч ирсэн зүйл биш. Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Одончимэд агсан амьд ахуйдаа санаачилга гаргаж байсан. Манай Ж.Гомбожав гуайн санаа бас бий. Ахмадуудын санал ч зөндөө. Тэр хүрээнд энэ асуудлууд яригдаж ирсэн. Тухайлбал, “Ганга нуурын чуулган”-ыг зохион байгуулахад бидэнд хэд хэдэн аялал жуулчлалын чиглэлүүд гарч ирсэн юм. Улаанбаатараас явсан хүмүүс Хэнтийгээр дамжин Дарьганга орж, тэндээсээ Дорноговь орох тойрог зам хэдэн жилийн өмнөөс үүссэн. Бид энэ чиглэлд аялал жуулчлалын хөтөлбөр гаргая гэвэл Хэнтий, Дорнод, Дорноговь гэсэн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хийж болох юм байна гэсэн хувилбар гаргасан. Ялангуяа Л.Одончимэд агсны ярьж байсан зүйл бол “Энэ чиглэлд энергийн хоёр төв байна. Хэрэв хүн аялая гэвэл Алтан-Овоондоо мөргөчихөөд энергийн төвөөр ороод ирдэг. Эсвэл Энергийн төвөөр ороод Алтан-Овоондоо мөргөчихөөд ирдэг. Энэ бол монгол хүний хувьд хамгийн зөв энергитэй, ховор боломж бүрдэнэ” гэж байсан. Судалгаагаар ч гэсэн энэ чиглэлд олон хүн явж байгаа учраас аяллын ийм хөтөлбөр хийх боломж бий. “Ганга нуурын чуулган”-ыг хийхэд ямар нөхцөл байдал бүрдэв гэвэл хил орчмын аялал жуулчлал идэвхжиж, тэнд хил залгаа байгаа бүх аймаг, сумынхан орж ирсэн. Бүс нутгаа аваад үзэхэд дөрвөн боомттой. Сүхбаатар аймаг Бичигт, Дорнод Хавиргын боомт, дээшээ Манжуур, Хайлаар, барга, үзэмчин, өвөрмонгол гээд бүгд хоорондоо холбоотой учраас Сүхбаатар аймаг маань өөрөө хил орчмын аялал жуулчлалын төв болох боломжтой. Тэнд байгаа хүмүүс зан заншлын хувьд ойролцоо учраас соёлын арга хэмжээнд өөрсдөө оролцох сонирхол их өндөр. “Ганга нуурын чуулган”-ыг зохион байгуулах үед бид оролцъё, зан заншлаа үзүүлж харуулъя, үндэсний хувцсаа өмсч оролцоё гэж ярьж байсан. Сайн дураараа ирж оролцсон хүмүүс олон бий. Үүн дээр бидний зүгээс Сүхбаатар аймгийн есөн том брэндийг гаргасан. Монгол Улсад хүлээн зөвшөөрсөн Сүхбаатарын хамгийн том брэнд бол хурдан морь. Ширмэн тогоонд нэрдэг шимийн архи ч яах аргагүй брэнд. Нэрдэг арга технологи нь өвөрмөц. Бидний сайн мэдэх мөнгөн урлал, шавар зуух гээд сүхбаатарчуудын нэг онцлог болсон брэндүүд бий. Уртын дууг авч үзэхээс аргагүй. “Жаахан шарга” гэхэд л бүх өв нь байгаа учраас аялал жуулчлалыг бас нэг брэндэд зүй ёсоор орно. Түүхт хүн Торой банди, түүний явсан зам, амьдарч байсан газар гээд байна. Монголын хамгийн олон хүн чулуун хөрөг Дарьгангын тал, Онгон сумын нутагт бий. Монгол Улсын хэмжээнд илрүүлж судалсан хүн чулууны бараг 60 хувь нь буюу хүн чулууны бүлэг орд нь Сүхбаатарт байдаг. Нүд алдам хээр тал, тэнгэрийн хаяанаас нар мандах нь хүртэл гайхамшигт бас нэг брэнд. Тийм амгалан цэлгэр талд хүн бясалгал хиймээр орчин, гадаадын хүн ирээд сансарт нисэх мэт мэдрэмж төрлөө гэж хэлдэг. Мөн малынх нь махыг брэнд гэж үзэхээс аргагүй. Хүн байгалийг яаж сэргээж өвлүүлж болдог шилдэг жишээг Эрдэнэцагаан сумаас харж болно. 1800-гаад оны үед Егүзэр хутагт Галсандаш гэж хүн тэнд очиж буга үржүүлсэн нь талын буга гэдэг брэнд болсон. Тарвага нутагшуулсан. Гандигар, хайлаас гээд ховор мод, эмийн ургамал тарьж ургуулсан нь одоо ч байна. Үүнийгээ бид сэргээх хэрэгтэй. Харин бусад аймагтай харьцуулахад Сүхбаатар аймагт аялал жуулчлал харьцангуй бага хөгжсөн. Энэ нь нэг талаар хожоо гэж хэлж болох юм. Бусад аймгууд аялал жуулчлалыг замбараагүй хөгжүүлж, тосгон маягийн хэдэн арван юм барьж нураасан энэ туршлагад үндэслээд тооцоо судалгаагаа сайн гаргаж загвараа гаргаж хөгжүүлэх боломжтой.
-Тухайлбал?
-Миний бодож байгаагаар нэг их олон байшин, барилга юм уу, таван одтой зочид буудал чухал биш ерөнхий уламжлал, зан заншлаа сэргээснээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох боломж их байна. Аймгуудын хувьд бизнес хөгжлийн төлөвлөгөө гаргаад явж байна. Сүхбаатар аймгийн хувьд хийгээд гаргачихсан зүйл одоогоор алга. Гэхдээ аялал жуулчлал хөгжүүлэх газар мөн үү гэвэл мөн. Хил орчмын төв цэг дээр байгаа учраас, нөгөөтэйгүүр баялаг ихтэй болохоор боломж өндөр байгаа юм.
-Сүхбаатар аймгийн гол үзвэр, хүмүүсийг татах газрууд, аяллын машрутыг та юу гэж харж байна?
-Аялагчдын зорьж очих гол газрууд нь өнөөдрийн байдлаар Алтан-Овоо, Шилийн Богд, Ганга нуур, Дуут нуур гэхчлэн байгаль нь өөрөө аялал жуулчлалын гол цэг болж байна. Миний ойлгож байгаагаар энэ тухай шүлэг бичиж, дуу зохиогоогүй зохиолч, уран бүтээлч бараг л байхгүй. Дээрээс нь зан заншлын хувьд гэх юм уу, өнөөгийн хүний зөв амьдрах, сайн сайхан явах гол зүйл энерги гэж ярьдаг тэр зүйл, Монгол орны энергийн төв цэг Дарьгангад бий.
Тэгэхээр ойрын үед бид олон талаас нь бодсон, аялал жуучлал хөгжүүлэх бизнес төлөвлөгөөг хийх ёстой юм. Одоо бол мода болчихсон, их сургуулийн нэг эрдэмтэн тэгдэг юм, тэгэх ёстой гээд баахан юм гарч ирж ярьдаг байдал газар авчээ. Бид нутгийнхаа эрдэмтэн судлаачид, иргэдтэйгээ ярилцаад алийг нь гол болгож авч үзэх вэ гэдэг дээр олон талыг хамруулсан судалгаа хийж, түүн дээрээ аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөө гаргах ёстой. Энэ нэлээн бодитой төлөвлөгөө байх ёстой. Тухайлбал, нутгийн бизнесүүдээс ойрын жилүүдэд би Эрдэнэцагаанд ийм зүйл хийх гэж байгаа гэсэн төсөөлөл байна уу. Хувийнхаа хөрөнгөөр Дарьгангад хийх гэж байгаа зүйл байна уу. Эсвэл Сүхбаатарт хийхээр төлөвлөсөн ажил байгаа юм уу гээд бүгдийг судлаад, тэднийг яаж холбох вэ, бас хэрхэн дэмжих вэ, хамгийн гол нь эднийгээ олон улсын зах зээл дээр гаргаж ирэх нь өөрөө маш нарийн асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, манай авдарт юу байгааг хэн ч мэдэхгүй шиг Монголд юу байгааг бусад улс орон мэдэхгүй шүү дээ. Тиймээс хүргэх хэрэгтэй. Тэр нь өөрөө бас хэцүү асуудал учраас эртнээс төлөвлөлтөө хийх хэрэгтэй юм.
Дотоодын аялал жуулчлалын судалгааг авч үзвэл сүүлийн хоёр жилийн байдлаар хүмүүс баруун аймгууд руу аялах сонирхол нэмэгдсэн. Бас Сүхбаатар аймаг руу аялах сонирхол ч нэмэгдсээр байна. Энэ хандлага дээр бид бодлого боловсруулж төлөвлөгөө гаргах нь чухал. Тэрийгээ харин яаравчлах шаардлагатай юм.
-Танай компани өнөөдрийн байдлаар өөрийн зах зээл дээр хэчнээн нэр төрлийн, ямар ямар бүтээгдэхүүнийг санал болгож байгаа вэ?
-Манай компани нь юуны түрүүнд гаднаас ирж байгаа жуулчдад зориулсан шинэ бүтээгдэхүүн хэрхэн бий болгох тал дээр түлхүү анхааран ажиллаж байна. Дээр дурьдсанчлан сүүлийн гурван жил бид нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр голлон анхаарч ажилласан. Одоогийн байдлаар энэхүү аялалын бүтээгдэхүүнд Тэрэлжийн орчимд гурван малчин айл, Булганы Рашаант суманд таван малчин айл, Налайхад бас нэг айлтай хамтраад аялал жуулчлалын зургаан шинэ бүтээгдэхүүнийг бий болгохоор ажиллаж байна. Энэ маань ч амжилттай хэрэгжээд явж байгаа. Бидэнтэй хамтран ажилласнаар нутгийн иргэд жилдээ 60-80 сая төгрөгийн орлого олдог болсон. Жуулчид ч манайхаас санал болгож буй энэхүү аялалын бүтээгдэхүүнд сэтгэл хангалуун байж нутгийн иргэдтэй хамтран зан үйлийг хийх нь сонин содон бас шинэлэг санагдаж байгаагаа бидэнд илэрхийлдэг.
-Аялал жуулчлалын нэгдсэн бодлого хэрэгтэй гэж та хэлсэн. Нэгдсэн бодлого, маркетингийг хэрхэн зохион байгуулбал үр өгөөжтэй болох вэ?
-Бид Монгол гэдгийг л сурталчлах шаардлагатай. Бид бодлогоо нэг дээвэр дор зангидах ёстой. Саяхан нэг олон улсын судалгаа олж харлаа. Дэлхийн 80 гаруй орныг хамруулсан тэр судалгаанд 80 орчим хувь Монголыг мэдэхгүй гэж хариулсан байсан. Тэгэхээр бид Монгол гэдэг ямар улс вэ, ямар түүх соёл, ёс заншилтай орон бэ гэдгийг нийтээрээ таниулах нь чухал болоод байна. Дараа нь бид Монголд аялал жуулчлал хөгжүүлэх топ 10 бүтээгдэхүүнийг сонгон хөгжүүлэх, таниулах хэрэгтэй байна. Түүнээс энэ олон аялалын санаа, бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нэг зэрэг гаргаж авна гэдэг худлаа. Сурталчилгааны тодорхой чиглэл гаргаж улс нийтээрээ нэг бодлоготой байна гэдэг маш чухал. Өнөөдөр бид Монгол бол сайхан бүх зүйл болж байна гэхчилэн хэтэрхий ерөнхий сурталчилгаа хийгээд байна л даа.
-Аялал эуулчлалын салбарын ISO стандарт ямар байх ёстой вэ?
-Аялал жуулчлалын бизнес эрхлэгчид дараах гурван зүйлийн чандлан мөрдөх учиртай. Үүнд үндэсний түүх соёлоо хамгаалах, жуулчдын аюулгүй байдлыг ханган, байгаль орчноо хамгаалах үүрэгтэй. Жуулчдын амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нь маш чухал болоод байна. Үүнээс өмнө 30 гаруй жил энэ бизнесийг хийхдээ болж байна гэж бодоод явсан. Гэтэл энэхүү стандартыг нэвтрүүлснээс хойш үнэхээр цаашид шийдэх, анхаарах, хийх ажил байгааг анзаарсан. Бид эрсдлээ тооцоололгүй, Монгол сэтггэлгээгээр болно, бүтнэ гэж явж ирсэн нь харагдсан. Манай компани ISO стандартыг хэрэгжүүлснээс хойш олон улсын зах зээл дээр, нэр хүнд бүхий комданиудын бидэнтэй хамтран ажиллах хүсэл зорилго нэмэгдэж, манай нэр хүнд өссөн. Мөн бидэнд тодорхой шаардлагуудыг тавьж эхэлсэн. Урьд бол бид хэтэрхий ерөнхий агуулгаар ажиллаж ирсэн нь харагддаг. Ул мөрөө үлдээхгүй аялах гэдэг энэ бизнесийн гол баримжаа болоод байна. Гэхдээ нэг үеийг бодвол хүмүүсийн байгаль орчинд хандах хандлага ч эрс өөрчлөгдөж байгаа нь сайн талтай.
Нийт сэтгэгдэл 0