Ч.Ариунганга
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.
-Хэлмэгдүүлэлт гэж чухам юу байв. Тэр үед чухам юу тохиолдсон юм бол оо?
-Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг зөвхөн нэг хэсэг хүн хэлмэгдсэн асуудал биш. Энэ бол Монгол Улсыг бүхэлд нь хэлмэгдүүлсэн гэмт хэрэг. Бид хэлмэгдүүлэлтийг 1930-1940 оноор хязгаарлах юм уу, оргил үеийг нь яриад байдаг. Олон ч жил ярилаа.Тэгэхээр бид ч сэтгэлгээгээ өөрчилмөөр байна. Монголын төр ч гэсэн хардаг өнцөг, боддог бодол, ажиллаж буй арга барилаа өөрчилмөөр байна. Тухайлбал, Монголын төр зөвхөн цагаатгасан гэх юм уу, нөхөн олговор олгосон гэдэг зүйлээр хязгаарлаад байх шиг байгаа юм. Тэгвэл гадаадын улс орнууд хэлмэгдүүлэлт, гэмт үйлдлийнхээ талаар гэмшиж,уучлал гуйхаас гадна тэдний үр хүүхдүүд, ач зээ нарт дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг үе шаттай хийдэг. Тодруулах юм бол тэд хэлмэгдэгсдэд зориулсан гудамж талбай, барилга байшин, сургууль цэцэрлэг, эмнэлэг гэх мэт боловсрол, эрүүл мэнд рүү хандсан томоохон далайцтай ажлуудыг зориулан хийж бүтээж байгаа юм. Хэлмэгдэгсэд бол улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн төлөө амь биеэ золиослосон хүмүүс шүү дээ. Гэтэл зарим хүн өрөөсгөлөөр ойлгодог. Жаахан бялдууч, долигонуур хүмүүсээс гардаг үг нь “Тусгаар тогтнол чинь хэлмэгдсэн хүмүүсийн үхэл зовлон, яс цусан дээр тогтсон шүү дээ” гэдэг. Нөгөө хэсэг нь хэлмэгдүүлэлтийг гай зовлон тохиолдсон гэлцдэг. Сүүлийн үед ингэж ярих болсон. Үхэх ёстой юм шиг яриад байдаг хүмүүст хэлэхэд тэр хүмүүс заавал үхэх ёстой биш юм л даа. Тухайн үеийн удирдагчид улс орноосоо урвасан гэх юм уу, эх орныхоо тусгаар тогтнолд гай болсон үйлдлийг зогсоох ёстой хүмүүс шүү дээ. Монгол Улс тэр үед бүр ч хүнд байдалд орох байсан. Бүр гадныханд үйлчилсэн хүмүүс ч бий.
-Тэгвэл хэлмэгдэгсэд гэж хэн байв?
-Хэлмэгдэгсэд ямар хүмүүс байв гэвэл нийгмээсээ түрүүлсэн сэтгэгчид байсан. Тиймээс ингэвэл улсаа хөгжүүлэх юм байна, ард иргэддээ илүү боломж олгож, хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш амьдрах юм байна. Монголынхоо баялгийг хүн бүрт тэгш хүртээе гэдгийг харж, ярьж байсан. Гадаад харилцаан дээр л гэхэд ганц Орос улстай харилцаж байхаар өөр бусад улс орнуудтай холбоо харилцаа тогтоох хэрэгтэйг хэлж зангарагтай шийдвэрүүдийг ч гаргаж байсан.Франц, Германд боловсон хүчнээ сургаж байсан. Харамсалтай нь тэр хүмүүсээ бүгдийг нь хэлмэгдүүлсэн.Үүнийг шинжлэх ухаанч байдлаар харах юм бол боловсролтой, сэхээтэн иргэдээ хэлмэгдүүлж, ажил амьдралгүй болгож, алахыг нь алж, шоронд хорихыг нь хорьж, эрүүдэн шүүж, цаазалж, цөллөгт явуулсны хор уршиг нь улс орныхоо хөгжлийг олон зуун жилээр хойш татсан байдаг.
ЗАЛУУЧУУД ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ТАЛААР САЙН СУДАЛЖ, ГҮНЗГИЙ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Сэтгэлгээг өөрчилмөөр байна гэж та хэллээ. Юуг нь өөрчилмөөр байна гэж?
-Манай залуус уншиж, судлахгүйгээр социализм сайхан байжээ. Сайн удирдагч нар байж гээд хүн болгон машин, гар утастай өнөөдрийнх шиг эрх чөлөөтэй байсан мэт өнгөц дүгнээд байдаг.Тийм байгаагүй. Нэг нам ноёрхсон, бүх зүйл хаагдмал, бүгд ижилхэн хувцас болон эд зүйл хэрэглэдэг, нэг загварт орчихсон. Даргынхаа өөдөөс үг хэлбэл хэлмэгддэг. Жижиг түвшиндээ ч хэлмэгдэж байдаг, нийтээрээ тийм байсан. Энэ байдлыг 1990 оны өөрчлөлт шинэчлэлтээр халж, улс орноо нэг орны хараат байдлаас гаргаж бие даасан улс болгосон. Тэр үеийн удирдагчид ард түмнийхээ баялгийг бусдад хэт хямдхан өгснийг улс орноо худалдсан гэхгүй өөр юу гэх юм бэ. Тэгээд гадаад улсын заавраар ажиллаад байдаг.Одоо ч манайхан нэгийгээ “тагнуул” гэхчлэн гоочилж ярьдаг. Тэгвэл тэр хүмүүс гадаад улсын заавраар ажиллаж байсан нь тагнуул биш байсан гэж үү. Улс орныхоо эдийн засгийг сүйрүүлж байгаа хүн тагнуул биш үү. Эх орныхоо эрх ашгаас урвасан биш гэж үү. Хэлмэгдүүлэлтийн энэ түүхийг монголчууд нэг үеэ бодвол бүгд мэддэг болсон. Мэддэг болсон учраас тоохгүй байх хандлага руу орж байна.Олонх нь “Болоод өнгөрсөн үйл явдал,сургамж” гэх маягтай. Иймд одоо дөнгөж юм ойлгож байгаа хүүхдүүдээс эхлэн ерөнхий боловсролын сургуульд ядаж зургаар ч гэсэн хүний эрх зөрчиж болохгүй, хүнийг доромжилж, гүтгэж болохгүй гэдгийг заах ёстой.Залуучууд хэлмэгдүүлэлтийн талаар сайн судалж, гүнзгий ойлгох хэрэгтэй.
-“Хэлмэгдүүлэлтийг бүү март, мартвал сөнөнө”, “Хэлмэгдүүлэлт цуст яргалал, аймаглан устгах гэмт үйлдэл байсан” гэж хүмүүсийн олонх нь ярьж, бичиж байна?
-Үндэсний ой санамж гэдэг зүйл ямар ч цаг үед байх ёстой. Хүүхэд, залуус маань үүнийг сайн анзаардаггүй. Үндэсний ой санамжид манай өвгөд дээдсийн алдаж, онож байсан бүх зүйл тээгдэж ирдэг. Хэлмэгдүүлэлтийн хар толбыг ч гэсэн тээж авчирсан. Түүнийг дахин бүү давтагдаасай гэж Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо сургамж хэлбэрээр нийгэмд ойлгуулах, таниулах ажлыг 1990 оноос эхлэн хийж ирсэн анхны төрийн бус байгууллагын нэг. Өнөөг хүртэл 30 гаран жил тэр л ажлаа хийж яваа. Үүнийг зарим хүн ойлгохдоо өс хонзон гэж ойлгодог. Зориуд тийш нь гуйвуулдаг хүмүүс ч байдаг. Хамгийн гол нь тийм бузар зүйлийг дахин гаргуулахгүй гэж бид үндэснийхээ ой санамжид байлгах, соён гэгээрүүлэх ажлыг хийж байна. Хэлмэгдүүлэлт Чингис хааны алтан ургийнхныг үе удмаар нь хэлмэгдүүлсэн. Жирийн ард иргэдийг ч үе удмаар нь хохироосон.Тэрийг амсаагүй хүмүүс ойлгохгүй. Тэгээд “Сайхан байсан” гэж яриад байдаг. Эрх баригч нам ХХХ их хурлаараа анх удаа хүний эрхийг хамгаална гэж анх удаа хэлсэн. Тэр нь цаасан дээр л үлдсэн. Хүний эрхийг хамгаалсан юу хийж байгаа нь тодорхойгүй дандаа дарангуйлал үйлдэж байна. Бид хүүхдээ 3-6 настайгаас ядаж хүний юмыг булааж болохгүй, бусдад гай болж болохгүйг ойлгуулах ёстой юм. Нэг л болохгүй гэвэл тэр хүүхэд болохгүй гэж ойлгоно, тэр нь зарчим болж тогтоно.
ХУУЛЬДАА ЗААВАЛ ҮХСЭН БАЙХ ЁСТОЙ, ЦААЗЛУУЛСАН БАЙХ ЁСТОЙ. ҮХСЭН БОЛ АР ГЭРТ НЬ ТЭТГЭМЖ ӨГНӨ ГЭДЭГ
-Өнөөдөр хэлмэгдэгсдийг авч үзвэл олонх нь өөд болж, үр хүүхэд нь ч бас цөөрчээ. Төрөөс 500 мянган төгрөгөөс 80 сая төгрөг хүртэл тэтгэмж олгосон ч гомдолтой үлдсэн иргэд цөөнгүй байх шиг?
-Төр тэтгэмж олгосноор хэлмэгдүүлэлтийн хор уршгийг бүрэн арилгана гэж байхгүй. Хэлмэгдсэн хүмүүс, тэдний үр хүүхэд жирийн иргэдээс ялгаатай нь оюун санааны маш том дарамт, сэтгэл зүйн гэмтэл авсан. Тэр хэзээ ч эдгэхгүй. Насан туршдаа айдастай, янз бүрийн арга хэмжээнд оролцдоггүй. Дахиад би хэлмэгдэх вий, үр хүүхэд минь хэлмэгдэх вий гэсэн айдастай болчихсон. 90-ээд хувь нь ийм байна. Хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, 1930-1940-оны их хэлмэгдүүлэлтийн үеийн хүмүүсийг цагаатгах, нөхөн олговор олгох, амьд сэрүүн байгаа бол 500 мянга, нас барсан бол нэг сая төгрөг өгөх анхны шийдвэр гарч байсан. Энэ бол төрөөс үзүүлж буй нэг үйлчилгээ, хэлмэгдэгсдийн сэтгэлийг дэвтээж буй үйлдлийн нэг. Дараа нь 2018 онд хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тэр нь өрөөсгөл болсон тал бий.
-Тухайлбал?
-Яагаад гэвэл хэлмэгдээд цаазлагдсан, эсэх гэдэгт чиглэсэн, тийм л хууль болсон. Ерөөс 1930-1940 оныхонд зориулагдсан. Цаазлагдсан хүний үр хүүхдэд 80 сая, шоронд ял эдэлсэнд нь 40 саяын нөхөн олговор олгосон. Ингэхдээ зөвхөн төрсөн болон 10 сарын дотор үрчлэгдсэн хүүхдэд олгоно гэж хуульчилснаар маш цөөхөн хүнийг хамруулсан. Гэтэл үүнийг үзэж чадалгүй нас барсан хүмүүсийг яах вэ гэдгийг шийдээгүй. Энэ бол ялгаварлан гадуурхалт. Дээр нь 1960-1980-аад онд хэлмэгдсэн хүмүүсийг орхичихсон. Тухайн үед орон сууц өгсөн гэх мэт зүйл хэлээд хаячихсан. Амьд сэрүүн үлдсэн хүмүүст тийм боломж тухайн үед гарсан. Гэхдээ тэр хүмүүс хамгийн хүнд хэлмэгдсэн улсууд шүү дээ. 20 гаруй жил хугацаагүй цөллөгт, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, гэр бүл, аж амьдрал, үр хүүхдийнхээ ирээдүйгээр хохирсон. Хэрэв 1990 он гараагүй бол тэр хүмүүс тэр чигтээ доромжуулж гутаагдаад дуусах байсан. Тэгэхээр тийм хүмүүсийн үр хүүхэд гомдолтой байхаас өөр яах вэ.
-Хууль боловсруулагчид хэлмэгдэгсдийн төлөөллийг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт оруулсан бол арай л амьдралтай хууль гарах байсан байх?
- Ач зээ нарт нь тэтгэмжийг олго гэдэг хүсэлтийг бид өчнөөн тавьж байхад тоогоогүй. Бас нэг асуудал бол тухайн хүнийг өөрсдөө зохиомол гэмт хэрэг үүсгэчихээд тэрэндээ оролцсон, хамрагдсан гэж байцааж, эрүүдэн шүүж 1-2 жил болсон байдаг. Түүнийг одоогийн шүүх авч хэлэлцдэггүй. Хуульдаа заавал үхсэн байх ёстой, цаазлуулсан байх ёстой. Үхсэн бол ар гэрт нь тэтгэмж өгнө гэдэг. Гэтэл эрүү шүүлт амсаж, байцаагдаж сэтгэл санаа, бүх зүйлээрээ хохирсон хүн зөндөө бий. Тэр хүмүүсийн үр хүүхэд гомдолтойгоор барахгүй асуудал тавиад явдаг. Би тэдэнд Дээд шүүхийн тайлбар гаргуул, мөрдөгдөж байсан хүмүүсийг шүүхээр шийдэгдсэнтэй адил авч үз гэдэг талаас асуудал хөнд гэж зөвлөдөг. Болохгүй байна гээд ирэх юм.
“МӨРДӨГДСӨНИЙГ ЗОВЛОН ГЭЖ ОЙЛГОХГҮЙ, ЦӨЛӨГДСӨНИЙГ ХОХИРСОН ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ”
-Ер нь бол хэлмэгдүүлэлтийн хохирлыг тооцох аргагүй л юм билээ?
-Хүнийг оюун санаагаар нь маш том дарамтад оруулж, амьдралыг нь сүйрүүлсэн байхад хуулиар тэр асуудлыг авч үзээгүй. Тиймээс асуудал гараад байгаа юм. Төр үүнийг эргэж харах ёстой. Цагаатгах албанд хэлмэгдүүлэлтийг амссан хүн орж ажиллавал өөр болох байх. Тэд мөрдөгдсөнийг зовлон гэж ойлгохгүй, цөлөгдсөнийг хохирсон гэж үзэхгүй байна шүү дээ.
-36 мянган хүн хэлмэгдсэн гэсэн тоо байдаг. Тэр бол зөвхөн шүүхээр шийдэгдсэн хүний тоо. Гэтэл барьж ачаад явах замдаа алсан, буудсан, зодуур даахгүй үхсэн хүн зөндөө. Тэр болгоныг тогтоож чадаагүй гэхээр гайхах юм?
-Би ч гайхдаг. Сая чиний асуусныг ойлгохыг хүсэхгүй хүмүүс дээр байгаад учир байх шиг. Би бол МАН, АН засагласан он жилүүдэд аль алинд нь дуулгаж, үе үеийн Ерөнхийлөгч нарт хандаж байсан. Ор сураггүй алга болсон хүмүүсийг нийтэд нь цагаатгаач гэж хэлж байлаа. Өмнөх нийгмийг бүгдийг нь буруутгачихаад байхад тэр үед хэлмэгдүүлсэн, яргалж алсан, энд тэнд аваачиж хаясан бүх хүний ар гэрээс нь уучлал гуйх ёстой. Хэлмэгдүүлэлт юунаас болсон, эх сурвалж, уг үндсийг нарийн тогтоох ёстой.
-Өнөөдөр зарим хүн хэлмэгдэгсдийг бүгдийг цагаатгасан гэж хэлдэг. Энэ үнэн үү?
-Үгүй шүү дээ, тэр ажил огт дуусаагүй. Бид нэг асуудлыг байнга тавьдаг.Тэр бол та нар нэг нэгээр нь материал бүрдүүлж, цагаатгах тогтоол гаргаад яваад байна.Нийтэд нь цагаатгаач гэдэг асуудлыг хөнддөг. Өнөөдөр л гэхэд 100 гаруй “Зохиомол хэрэг” байна.Тагнуулын архивт 5000-6000 хавтаст хэрэг бий. Бид байнга судалж байдаг юм шүү дээ. Олон нийт сайн мэдэх Лхүмбийн гэх зохиомол хэрэгт 1503 хүнийг хамруулсан. Тэгэхээр Лхүмбэ гэдэг хүнийг цагаатгаж байгаа бол, тэр хэргийг зохиомол байсныг тогтоосон юм бол үлдсэн 1502 хүний нэрийг жагсааж байгаад цагаатгах ёстой. Заавал судалж байж цагаатгана гэхээс илүү бүлэг нь тийм байхад түүвэр хийх бус бүлэг дотор нь судлаад гүтгэлгийг тогтоогоод нийтэд нь цагаатгах боломжтой. Тэр үед зарим хүн эрүүдэн шүүж, зодож занчаад ирэхээр худал хэрэг хүлээж, зарим нь ойр дотны,өөрийн таньдаг гэмгүй хүний нэрийг хэлж нийтээрээ хилсдэж, хэлмэгдсэн.Заримыг нь шууд зохиомол хэрэг дээр буу тулгаж байгаад гарын үсэг зуруулж байсан гэдэг.
-Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж буй энэ өдөр та юуг онцолж хэлэх бол?
-Амьд сэрүүн байгаа хэлмэгдсэн иргэдэд үйлчилгээ үзүүлэх тусгай хууль гаргах ёстой. Эмнэлэг, сургууль байгуулах хэрэгтэй. Үр хүүхэд, ач зээг нь сургах сургууль барих хэрэгтэй. Үүнд УИХ, Цагаатгалын комисс, төрд ажиллаж байгаа бүх хүн санаачилга гаргах учиртай. Үр дүн нь хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Хэлмэгдүүлбэл төрөөс зардал гардаг юм байна гэдэг зүйл ухамсарт нь сууна, тэр талаасаа ийм алхам хийгээсэй гэж хүсэж байна даа.
Нийт сэтгэгдэл 0