Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулганыг 2023 оны 09 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум, Хар зүрхний Хөх нуурт зохион байгууллаа. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 817 залуу офицер өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа хэлэлцэж, чуулганаас гарсан санал санаачилгыг шийдвэр гаргагчдад уламжилжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтад оролцон, залуу офицеруудад баяр хүргэж үг хэлэв. Тэрбээр залуу офицеруудыг хөгжүүлж, нийгмийн хамгааллыг нь нэгдсэн бодлогоор шийдвэрлэж байх ёстой гэж үздэгээ тэмдэглэв. Мөн удирдлагын манлайлал, хамт олны уур амьсгал, ажиллах орчин нөхцөл чухал бөгөөд шударга, ил тод, шатлан дэвших зарчимд тулгуурласан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх нь чухал байгааг удирдах бүрэлдэхүүнд анхаарууллаа.
Залуу офицерууд шинжлэх ухаан, технологи, мэргэжлийн мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлж байхыг захиж, тэдний хүсэл мөрөөдөл, санал санаачилга, хөгжил дэвшлийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа хэлэв. Харин Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр залуу офицеруудад хандан, Чуулганаас гарсан санал, санаачлага, зөвлөмж, уриалга зэрэг нь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуу офицеруудыг хөгжүүлэх, тэдний манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон бодлого, эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах, шинэчлэн боловсруулах үндсийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг тодотгов.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0