Манай улсын цахим шилжилтийг олон улсын байгууллага үнэлж, хүндэт өргөмжлөлөөр шагнасан
Хуваалцах:
img

Засгийн газрын өнөөдрийн /2023.09.13/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Эстони улсад зохион байгуулагдсан “Нээлттэй засаглалын түншлэл” дээд хэмжээний уулзалтаар Монгол Улс цахим шилжилтэд манлайлж, авлигын эсрэг ил тод ажиллаж буй улсаар шалгарчээ.

Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал “Есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд “Нээлттэй засаглалын түншлэл” дээд хэмжээний уулзалт Эстони улсад зохион байгуулагдсан.  Энэхүү уулзалтад Нээлттэй засаглалын түншлэл байгууллагад бүртгэлтэй 70 гаруй улс оролцсон. Эдгээр улсуудын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Харилцаа холбооны сайд, Шадар сайд, Дэд сайд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд уулзалтад ирдэг юм.

Уулзалтаар цахим шилжилтэд манлайлж, авлигын эсрэг ил тод ажиллаж байгаа улс орныг зарлаж, Засгийн газрынх нь үйл ажиллагааг үнэлж дүгнэн хүндэт өргөмжлөл гардуулдаг уламжлалтай.

Хөндлөнгийн үнэлгээ хийсний дагуу “Нээлттэй засаглалын түншлэл” дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академийг хүндэт өргөмжлөлөөр шагнаж, цахим шилжилтэд өндөр хувь нэмрээ оруулж байгааг бодитоор үнэлсэн.

Энэ бол бол И-Монголиа платформыг хэрэглэж байгаа 1.6 сая хэрэглэгч, тоон гарын үсэг хэрэглэж буй 800 мянган иргэний хамтын шагнал юм. Ирээдүйд хийх ажил үйлсийн хариуцлага гэж харж байгаа.

Мөн НҮБ-аас гаргадаг цахим хөгжлийн индексээр Монгол Улс 18 байр урагшилж, 74 дүгээр байрт орсон. Энэ үзүүлэлт цаашдаа авлигын индексийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулахаар хүлээгдэж байна.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд 5Ш ажиллагааны хүрээнд Шилэн ажиллагааг явуулж, үлгэр загвар болох нээлттэй засаглалын бодлого хэрэгжүүлснийг олон улсад өндрөөр үнэллээ.

Өнгөрсөн хугацаанд shilen.gov.mn нээлттэй мэдээллийн нэгдсэн санд 750 мянган мөр өгөгдлийг байршуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 68 мэдээллийг олон нийт нээлттэй хэрэглэх боломжоор хангуулсан. Цаашид үүнийг машинд уншигдах байдлаар боловсруулж, хувийн хэвшил, төрийн байгууллагууд хэрэглэх бололцоог хангуулахаар ажиллаж байна.

Монгол хүний уураг тархиар бүтсэн буюу манай салбарын 2,900 гаруй инженерийн хамтын бүтээлийг өндрөөр үнэлсэн хариуцлагатай, нэр хүнд дагуулсан хүндэт өргөмжлөл гардуулсан” гэлээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img