3 жил
АИ-92 авто бензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн шалтгаан, тайлбар мэдээллийг өнөөдөр АМГТГ-аас өглөө.
АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: "Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг. Шатахуун импортлогч ААН-үүдтэй хамтран өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авсаар ирсэн.
2020 оны гуравдугаар сараас хил үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт гурван удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. Мөн оны зургаадугаар сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөлттэй байсан хэдий ч улсын хэмжээнд АИ-92 төрлийн автобензиний жижиглэн борлуулалтын үнийг 2020 оны тавдугаар сараас хойш, АИ-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг Улаанбаатар хотод 1,450 төгрөгөөр, орон нутагт 1,480-1,670 төгрөгөөр тогтвортой барьж ирсэн.
Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт нь шатахууны үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрэв төр засгаас шатахууны үнийн өсөлтөд хатуу арга хэмжээ авбал шатахууны хомсдолын асуудал үүснэ. Түүнчлэн компаниуд үүдээ барьж, импорт буурна гэсэн үг. Засгийн газрын зүгээс одоогийн байдлаар онцгой байдлын албан татварын үнийг хөнгөлсөн байгаа. Цаашид ямар арга хэмжээ авах талаар хэд хэдэн хувилбарыг яам, агентлагийн зүгээс судалж байна. Нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Найман сарын хилийн үнийг харж байна. Тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах нь шийдэгдэнэ.
Өнөөдөр шатахуун импортлогч компаниуд АИ-92 автобензинийг литр тутамдаа 2,000 орчим төгрөгөөр худалдан авч 1,750 төгрөгөөр хэрэглэгч нарт зарж байна.
Газрын тосны үнэ 2021 оны нэгдүгээр сараас өсөлттэй байгаа бөгөөд олон улсын шинжээчдийн байгууллагаас “Goldman Sachs” энэ оны дунд үеэс гарын тосны үнэ 70 ам.долларт, харин “JPMorgan” оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх төлөвтэй гэж таамагласан" гэв.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111