МАН-ын “бантанг” хутгаж, ангаахайнуудыг хооллож явсан Т.Бадамжунай “хогийн тантан” болоод дуусах уу, эсвэл...
Хуваалцах:
img

Ч.Ариун

Монголын газрын наймаа, авлига, албан тушаалын бүх хэргийг эцэстээ ганц хүн үүрээд дуусахаар байна.Тэр нь Т.Бадамжунай. Мань хүн цагтаа Хотын ерөнхий менежер, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд зэрэг албан тушаалыг хашиж явсан. Намдаа төдийгүй Монголын улс төрд нэртэй сүртэй, эрх мэдэлтэй ч байсан. Тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН –ын дунд үеийнхэн бүгд түүний “ангаахайнууд”, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэсэн хуурай дүү нар. Тэр үед НАМЗХ гэж намын дэргэдэх залуучуудын нэг байгууллага байсан.

Одоо ч нэрээ жаахан засварлаад байж л байгаа. Одоо төрийн өндөрлөгт байгаа  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЕТГ-ын дарга Я.Содбаатар, УИХ-ын дарга Г.Занданшатар бүгд сөөсгөр халимагтай бацаанууд залуучуудын байгууллагад бужигнаж явсан. Том ах Т.Бадамжунай нь л  хооллож, ундалж, хувцаслаж, улс төрд хөлд оруулсан ачтан. Хожим  У.Хүрэлсүх, Г.Занданшатар парламентын гишүүн болж “Том ах”-тайгаа УИХ-ын танхимд тохой залган сууж,   “Хадгаламж банк”-ны 14 тэрбумын хам хэрэг, улмаар Солонгост очиж  казино  тоглосон гэх асуудлаар  хамтдаа шалгуулж явсан. Бүрэн эрх нь түдгэлзэхэд хүрч түргэн авч сандарсан үе цаг  ч тэдэнд  бий.

Гэтэл  “Том ах” нь Засгийн газраас зарласан “Шувуу” ажиллагааны хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Филиппин улсаас “шүүрүүлж” ирээд сууж байна. Замын-үүд боомтоор 62 настайдаа гарч зугтсан Т.Бадамжунай таван жил  янз бүрийн улс орноор  дамжин зугтаж зувчиж  явсаар  67 настайдаа буюу 70 насны босгон дээр  баривчлагдаж эх орондоо ирсэн нь энэ. Түүний хувьд  2000-2004 онд Хотын Ерөнхий менежер, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2008-2012 онд ХХААХҮ-ийн сайд байхдаа үйлдсэн авлига, албан тушаалын бүх гэмт хэргийг нь сэргээн шалгаж эхэлсэн гэж байгаа. Үнэхээр тийм бол гараас нь хөтөлж өсгөж өндийлгөсөн дүү нар нь ч хамт шалгагдах ёстой баймаар.

Гэтэл МАН болоод Монголын хамаг бузар, булайг Т.Бадамжунай гэдэг 70 насны даваа руу мацаж яваа ганц өвгөн рүү л чихэж байгаа нь өрөөсгөл юм. МАН сонгуулийн өмнө хамаг бузар булайгаа ганц түүн рүү чихэж, өөрсдөө цэвэрхэн гялгар, ганган, дээр нь гэмт хэрэгтэйгээ тэмцдэг нэр зүүж гарч ирэхийг зорьсон байж мэднэ. Угтаа бол энэ бүхэн МАН дахь хоёр бүлэглэлийн л “зодоон”. Нэг нэгнээ барьж идэж, эрх мэдэлд хүрэх гэсэн ийм л тэмцэл. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр нэг нь нөгөөгөөс ялгарах юмгүй, ер нь бол бүгд л хулгайч, луйварчид. Чи надаас их идсэн, би бага идсэн гэх ийм л хэрүүл болж байгаа. Энэ бүхний золиос нь өвгөн Т.Бадамжунай дээр бөөгнөрч байна гэхэд хилсдэхгүй.

Гол нь МАН түүнийг мандаж явахад туг шиг залж, улс төрийн “бантан”-гаа хутгуулж, өөрсдөө хооллож, цадаж, таргалж аваад одоо  муу бүхнийхээ “хогийн тантан” болгож золигт гаргаж байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Т.Бадамжунай бол дотроо нэгэн цагт өөрт нь “Ах аа, намайг авраарай” гээд гүйж ирж байсан хуурай дүү нартаа  итгэж, бараг өөрийн хүсэлтээр   эх орондоо ирсэн байх. Зугтаж, нуугдаж олон юм болоогүйг бодоход зүүн ,баруун талдаа хөтөлж явсан У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёртоо тэр итгээ биз. Түүнд ял өгүүлсэн болоод хорьсон нэртэй  “сувилалд”  амрааж байгаад гаргах биз гэж найдаа ч биз.Хүний амийг зэрлэгээр хороосон  алуурчин Б.Махбалыг 13 жилээс тавыг нь биеэр эдлүүлээд өнөөдөр  суллаж байгаатай адил боломж олгоно гэж итгэж байгаа ч байх. МАН-ын зодоон, малгай доторх хэрүүл нэг иймэрхүү.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img