Ч.Ариун
Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт нэвтэрсэн онц ноцтой гэмт хэрэгтнийг саатуулан баривчлахад онцгой хувь нэмэр оруулсан тогооч Х.Цэцэгийг “Шударга журам” медалиар шагнуулахаар Хүний эрх, шударга ёс төвөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид ханджээ.
Тэрбээр Дорноговь аймгийн төв Сайншандаас энэ сарын 3-ны өглөө хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон охиныг хулгайлж, улмаар амийг хөнөөсөн этгээдийг замд нь саатуулан барихад иргэний үүргээ биелүүлж оролцсон юм.
Х.Цэцэг нь Өмнөговь аймгийн Манлай суманд насаараа тэмээ маллаж, мал аж ахуй эрхэлсэн нэгэн. Монгол Улсын гавьяат нэгдэлчин, тэмээчин Д.Хүүхэндүү хэмээх хүний 11 хүүхдийн дунд охин ажээ. Аав, ээжээс олуулаа тэрбээр багаасаа тэмээ малтай ноцолдож, эмнэг хангал сургаж өссөн аж.
Эмэгтэй хүн гэхэд их тэнхээтэй, эршүүд дайчин хүн гэж түүний тухай нутгийнхан нь ярилцдаг. Манлай сумандаа наймдугаар анги төгсөж, эмнэлэг, соёлын төвд 2-3 жил ажиллаад тэмээчин болсон. Сүүлийн үед хүүхдүүд нь малаа маллах болж, Х.Цэцэг гэр бүлийн хамт нүүрсний зам дагуу газар цайны газар нээн ажиллуулаад арав гаруй жилийг үджээ.
Өдгөө нас сүүдэр 58 хүрч буй тэрбээр аравдугаар сарын 3-ны орой Дорноговь аймгаас 12 настай охин алга болсон. Суулгаж явсан машин нь Өмнөговийн чиглэлд гарсан байж болзошгүй гэх мэдээллийг охиноосоо анх сонсчээ. Ингээд маргааш нь буюу аравдугаар сарын 4-ний үдээс хойш нүүрс тээврийн жолооч Ш.Мэндбаяр түүн рүү утасдаж “Сэжигтэй машин надтай таарлаа. Тамхи гуйхаар нь би нэг хайрцаг тамхи өгсөн. Надад 10 мянган төгрөг өгөөд, хариулт хэрэггүй гэсэн. Цагаан өнгийн приус машин байсан. Та нар болгоомжтой байгаарай. Наагуур чинь очих байх шүү” гэж дамжуулсан байна. Х.Цэцэг гарч орох зуур дурандаж байтал хурдтай давхиж байгаа цагаан машины бараа харагдсан ч холуур өнгөрөх чигтэй тул хоол идэж байсан жолооч нарт хэлж, оргодлыг угтуулан улмаар хоолны газартаа авчирч саатуулах, баривчлах ажлыг зохион байгуулсан байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0