Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 115 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 6 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- “А” нь Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “Б” нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
- Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч “Г” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- Хилийн цэргийн ... дугаар ангийн удирдах албан тушаалтан “Д” нь өөртөө эдийн засгийн давуу байдал олгосон гэх;
- БОАЖЯ-ны Дотоод хяналт аудитын хэлтсийн удирдах албан тушаалтан “А” нь албан үүргийн хувиар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх;
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын удирдах албан тушаалтан “Н”, Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч “С” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө хууль бус давуу байдал бий болгосон, хууль ёсны орлогоосоо илтэд давсан их хэмжээний орлого, эд хөрөнгө нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
- “Б” нь Хөгжлийн банкны охин компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Дархан Арьс ширний цогцолбор” орон нутгийн өмчит компанийн удирдах албан тушаалтан “Э”-тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- Увс аймгийн Өмнөговь сумын удирдах албан тушаалтан “Ө” нь “Ц”, “Б”, “Д” нарын ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд “Д”-гээр дамжуулан хахууль авсан гэх;
- “Т” нь “Геологийн төв лаборатори” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, мөн “Х”-д давуу байдал бий болгосон гэх;
- “Б” нь “Монголросцветмет” ХХК-ийн охин компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа тендер сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авалт хийсэн, өөрийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй компани болон тээврийн хэрэгслийг ХАСХОМ-д мэдүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй, мөн алт олборлох төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар бусдад зарж борлуулсан гэх.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
Нийт сэтгэгдэл 0