2096 тонн давс, 627 тонн бодис зарцуулаад байна
Хуваалцах:
img

Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 7258 тонн бодис, 5500 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Одоогийн байдлаар 3351 тонн бодис, 4574 тонн давсны нөөцтэй байгаа. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 2000 тонн бодис худалдан авах ажиллагаа  зарласан ч амжилтгүй болж дахин худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Хоёр удаагийн цас болон үргэлжилсэн хялмааны үеэр өнгөрсөн хугацаанд 2096 тонн давс, 627 тонн бодис зарцууллаа. Зам цэвэрлэгээний 24 байгууллагад зам, талбайн 847 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай ажиллаж байгаа. Үүнээс давс, бодис цацах 49, шүүрдэгч 50, ковш 22, хог тээврийн 187 машин бий. Мөн хувийн хэвшлийнхэн “Хас” банктай хамтран зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 19 машин худалдаж авсан. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд цэвэрлэгээ үйлчилгээний 13 машин авах санал хүргүүлсэн. Европын сэргээн босголтын хөгжлийн банкны Хатуу хог хаягдлыг дахин боловсруулах төслийн хүрээнд 29 машин, тоног төхөөрөмж нийлүүлэгдэнэ” гэв.

“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Манайх 13,480 орчим барилга байгууламжийг дулаанаар хангадаг. Хэрэглэгчдэд очиж байгаа усны халуун 60 градус байна. Арваннэгдүгээр сарын 6-12-ны хооронд Амгалан дулааны станцын нэг зуух доголдож, зарим байгууллагаас гомдол гаргасан. Одоогийн байдлаар бүх дулааны станц хэвийн ажиллаж байна” гэсэн бол

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “Өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Амгаланг дулааны станц, ТЭЦ-4-т гэмтэл гарсантай холбоотойгоор үүний өмнөх 14 хоногт хэрэглэгчийн 550 дуудлага ирсэн. Өнгөрсөн 14 хоногт 120 дуудлага ирлээ. Найман гэмтэл гарч, тухай бүр зассан” гэж ярилаа.

“Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээл “Манай гурван үйлдвэр нийт 10 шугамаар хоногт 2000-2200 тонн түлш үйлдвэрлэж байна. 88 агуулахад 104 мянган тонн түлшний нөөцтэй. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа” хэмээв. Мөн түүхий эдийн нөөц хангалттай байгааг хэлж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img