Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах орны зам харилцаа тээврийн танхимын орлогч дарга Ли Ши болон холбогдох албаны төлөөлөгчидтэй уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын эхэнд, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал Монгол Улсын авто замын салбарын өнөөгийн нөхцөл байдал хийгээд Монгол Улсын Засгийн газрын зүгээс авто замын салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар товч танилцуулга, мэдээллийг хүргэлээ.
Дурдвал, Монгол Улс 14.921км авто замтай. Азийн авто замын сүлжээний АН-3 буюу Замын-Үүдээс Алтанбулаг, Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоос Баян-Өлгий аймгийн Цагааннуур чиглэлд АН-4 чиглэлийн олон улсын авто замтай.
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн таван цагариг” хөтөлбөр 2024 оноос эхлэн хэрэгжиж аймгуудыг хооронд нь, хилийн боомттой, сумдыг хооронд нь хатуу хучилттай авто замаар холбоно.
Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа авто замын салбарын бодлого, норм, стандарт, дүрэм, баримт бичгийг боловсруулан, эмхэтгэж, шинээр баригдаж байгаа замуудын техник технологи, чанарт хяналт тавьж ажилладаг.
Түүнчлэн шинээр баригдсан болон одоо байгаа авто замын өдөр тутмын засвар арчлалтад хяналт тавьж, төлбөр авах цэгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж ажиллаж байна гэв.
Түүнээс гадна Монгол Улсын авто замын итгэмжлэгдсэн төв лаборатори буюу материал чанарын сорьцод хяналт тавьж ажилладаг төдийгүй авто замын салбарт шинээр нэвтэрч байгаа орчин үеийн шинэ техник технологи, тоног төхөөрөмжүүдийг хэрхэн нэвтрүүлэх болон ашиглалтыг сайжруулах чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг гэдгийг онцлон тэмдэглэв.
Уулзалтаар талууд авто замын салбарын судалгаа, шинжилгээ, орчин үеийн тоног төхөөрөмж, техник технологийг хөгжилд харилцан туршлага солилцоход бэлэн байгаагаа илэрхийллээ гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0