2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа
Хуваалцах:
img

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хувийн хэвшилтэй төр өрсөлдөхгүй, урт хугацаанд дэмжинэ

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан дийлэнх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас боловсруулж, УИХ-аар батлуулсан. Энэхүү анхдагч хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа гаргах, түншлэлийн гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох зэрэгт дагаж мөрдөх журам, аргачлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үндсэн зорилт нь төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, урт хугацаанд дэмжиж, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлнэ. Төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар өрсөлдөөн үүсэх, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, урт хугацаандаа төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон давуу тал бий болно. Түншлэгч талуудын нийтлэг эрх ашгийг тэгш бүрдүүлж, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах, төслийн эрсдэлийг хуваах, төрөөс үзүүлэх дэмжлэг тодорхой болсноор түншлэлийнгэрээний суурь харилцааны хууль, эрх зүйн орчингтодорхой болгох зохицуулалтыг хуульд тусгажээ.

Ингэснээр Монгол Улсын үнэлгээ олон улсад нэмэгдэж, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин сайжирч, ОУ-ын байгууллагуудын хамтын ажиллагаа, дэмжлэг нэмэгдэнэ. Томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн чадамжийг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд хүртээмжтэй хүргэх олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдэж байна.

2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа

2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталснаас хойш 22 жил өнгөрсөнбайна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 46.8 хувь нь амьдарч, ААН-ийн 75.8 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 84 хувь, ДНБ-ний 63 хувь бүтээгдэж байна. Харин орон нутагт нийт хүн амын 53.2 хувь нь амьдарч, ААН-ийн 24.2 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 16 хувь, ДНБ-ний 37 хувийг бүрдүүлж байна. Энэхүү харилцан адилгүй байдлаас шалтгаалж орон нутагт ажиллах хүчний дутагдал үүсэж, эдийн засгийн төрөлжилт алдагдаж, эсрэгээрээ Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл үүсэж, түгжрэл, утаа, агаар, хөрсний бохирдол огцом нэмэгдэж, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг бууруулж байна.

“Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого буюу Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.  

Мөн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд энэ оны 02 дугаар сарын 28-нд байгуулсан “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд тус хөтөлбөрийн I үе шатыг хэрэгжүүлэх Монгол Улс, Европын хөрөнгө оруулалтын банк хоорондын Санхүүгийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо.  Хөтөлбөрийг нийт 735 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 17 аймгийн 52 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих инженерийн дэд бүтэц, тээвэр логистикийн төв байгуулах, ногоон санхүүжилтийг дэмжих ажлууд багтжээ.  

Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална

Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Төрөөс иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа. Энэ дагуу Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорацийг байгуулахаар шийдвэрлэлээ.

Иргэдийг орон сууц худалдаж авахад зориулж олгох орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр эхэлснээс хойш 2023 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газар, Монголбанк, арилжааны банкуудын эх үүсвэрээр 7.2 их наяд төгрөгийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийг 115.1 мянган иргэнд олгожээ. Зээлд хамрагдсан иргэдийн 60 орчим хувь нь хоёр сая төгрөгөөс дээш буюу дунджаас дээгүүр орлоготой иргэд эзэлж байна. Энэ нь бага, дунд орлоготой иргэдэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилгодоо хүрч чадахгүй байна гэсэн үг.

Тиймээс төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны санхүүжилтийн бодлогыг өрх, гэр бүлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төрөлжүүлэх, бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид зориулж татварын таатай орчныг бий болгох, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулан гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх, төслийн хүрээнд газар чөлөөлсөн иргэдийг түр болон байнгасуурьшуулах төрийн орон сууцны тоог тогтмол нэмэгдүүлэх, нэн ядуу, бага орлоготой болон бусад зорилтот бүлгийн иргэдэд тохирсон  халамжийн,түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага үүссэн. Энэ бүхнийг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулж байгуулахаар тогтоолд тусгасан байна.

Улаанбаатар хотод метро барих ажлыг Нийслэлийн Засаг дарга хариуцна

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоолыг өөрчлөн найруулав. Энэдагуу 2024-2028 онд Улаанбаатар хотод “метро”-г барьж байгуулах гүйцэтгэгч болон менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын сонгон шалгаруулалтыг олон улсад нээлттэй зарлах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу  зохион байгуулахэрхийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт олголоо. Мөн 2024 онд санхүүжих эх үүсвэрийн холбогдох тооцоо, судалгааг боловсруулж, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, нийслэлийн төсөвт санхүүжилтийн эх үүвсэр болон хөрөнгийн зардлыг тусгаж шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт даалгалаа.

Засгийн газраас “Метро”-ны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж, батлах чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Улаанбаатар хотод өмнө нь хийгдэж байсан БНСУ-ын “Суонг Инженеринг” ХК-ийн 2011 онд боловсруулсан ТЭЗҮ болон “Жайка” олон улсын байгууллагаас 2013 онд боловсруулсан ТЭЗҮ-г тус ажлын хэсгийнхэн харьцуулж судалж дууссан байна.

Эдгээр ТЭЗҮ-үүдэд Улаанбаатар хотын хөрсний бүтэц, гүний усны талаарх урьдчилсан дүгнэлтийг боловсруулахдаа 1983 онд хийсэн хөрсний гүний өрөмдлөгийн судалгаанаас трассын дагуух таван цэгийн өрөмдлөгийн мэдээллийг ашигласан учир 40 жилийн өмнөх уг мэдээллийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байна. Мөн “Жайка” олон улсын байгууллагаас 2013 онд хийсэн судалгаагаар 2030 оны Улаанбаатар хотын хүн амын өсөлтийг урьдчилан тооцоолж, өдөрт 976 мянган хүн метрогоор зорчихоор тооцсон байна. Гэтэл хүн амын огцом өсөлт бий болж, жилд дунджаар 40 мянган иргэн шинээр шилжин суурьшиж, 2023 оны байдлаар Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч буй тул уг судалгааг бас шинэчлэх шаардлага үүсчээ.

Товч мэдээ:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад айлчлалын үр дүнд Монгол Улсад шаардлагатай, өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Үүнтэй холбогдуулж дараах төслүүдийг 2024-2033 онд үе шаттай хэрэгжүүлэх асуудлыг боловсруулан зохих журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Өндөр ур чадвартай инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх төслийг ХБНГУ-ын талтай, нарийн мэргэжлийн 1000 эмч, сувилагч, судлаач, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, хамтарсан судалгаа хийх төслийг БНСУ-ын талтай, Япон Улсын талтай “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг үргэлжлүүлэх боломжтой болно.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img