Төрийн албаны зөвлөлийг өнөөдрөөс /2024.01.26/Л.Цэдэвсүрэн удирдах болж, тамгаа гардаж авлаа. УИХ намрын чуулганаа өндөрлүүлэхийн өмнө Төрийн албаны зөвлөлийн шинэ гишүүдийг томилсон юм. Тодруулбал, Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нарыг тус зөвлөлийн гишүүнээр томилж, Б.Баатарзориг, С.Цэдэндамба нарын бүрэн эрхийн хугацаа дуусан тул чөлөөлсөн.
Төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Баатарзориг нь 2019 оны хоёрдугаар сард дээрх албыг хүлээн авч байсан бол дөрвөн жилийн дараа ажлаа хүлээлгэн өгч байна.
Л.Цэдэвсүрэнгийн хувьд өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Түүний нэрийг Засгийн газраас Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн бол Б.Пүрэвдагвыг УИХ-ын Тамгын газраас нэр дэвшүүлж, Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилсон юм.
Төрийн албанд мэргэжлийн бус хүмүүсийг томилж байгаагаас ажил цалгардаж, ард иргэдэд хүндрэл учруулж байна гэдэг санал шүүмжлэл олонтаа өрнөж ирсэн. Иймээс шинэ даргын зүгээс хийх нэгдүгээр ажил нь мэргэжлийн, чадварлаг хүмүүсийг төрийн алба руу татах, ажиллах нөхцөл боломжоор хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал тавигдаж буй юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0