7 сар
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Зам, тээврийн хөгжлийн яамнаас дэвшүүлсэн ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд өнгөрсөн 2023 онд 9 аймагт орон нутгийн нислэгийг сэргээсэн.
Энэ хүрээнд өнөөдөр /2024.04.28/ МИАТ ТӨХК орон нутагт нислэг үйлдэх 70 хүний суудалтай CRJ-700 Мазаалай агаарын хөлгөө хүлээн авч, анхны нислэгээ Ховд аймаг руу үйлдлээ.
2024 онд зам, тээврийн салбарт Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгох зорилт дэвшүүлж, агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах зорилт дэвшүүлсэн нь биелэл болж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ,
Агаарын тээврийн салбарт либералчлал, тэгш, шударга өрсөлдөөнийг дэмжсэний үр дүнд салбарын хөгжлийг хөдөлгөх хүч болж байна.
Үүний үр дүнд 2023 онд зам, тээврийн салбарт 73 хувийн өсөлт гарсан.
Тухайлбал, Иргэний нисэхийн салбарт зорчигч тээвэр 3,5 дахин нэмэгдэж, олон улсын болон дотоодын нислэгийн тариф 2-3 дахин буурч, МИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээсэн зэргийг дурдаж болно.
Хэдхэн хоногийн өмнө МИАТ компани хурд хүчний гайхамшиг болсон өргөн биетэй, алсын зайн хоёрдахь В787-9 агаарын хөлгөө хүлээн авсан бол өнөөдөр орон нутгийн чиглэлд нислэг үйлдэх 70 хүний суудалтай CRJ-700 хөлөг Ховд аймгийн чиглэлд анхны нислэгээ үйлдэх гэж байна.
Орон нутгийн нислэгийг 15 жилийн дараа сэргээснээр тийзийн үнэ буурч, 1500 километрээс дээш алслагдсан Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг аймаг руу автомашинаар 22-25 цаг явдаг бол, тогтмол нислэгтэй болсноор 1 цаг 25 минут зорчиж цаг хугацааг 20 дахин хэмнэх ач холбогдолтой юм.
Цаашид иргэний агаарын тээврийн салбарт өрсөлдөөнийг дэмжих замаар орон нутгийн нислэгийн үнэ тарифыг тодорхой түвшинд бууруулах, хуваарьт нислэгийг тогтворжуулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх болно хэмээн онцоллоо.
Тус онгоцоор Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Завхан, Увс, Баянхонгор аймаг руу нислэг үйлдэнэ.
70 хүний суудалтай CRJ-700 агаарын хөлгийг авиа компаниуд бүс нутгийн нислэгт илүү ашигладаг.
CRJ-700 агаарын хөлөг нь 1 цаг тутамд 100 кг түлш хэмнэдэг.
CRJ-200-тай харьцуулахад илүү урт зайтай тул түлш цэнэглэх шаардлагагүй хол зайд нисэж чадна.
Илүү өргөн бүхээгийн зохион байгуулалттай тул зорчигчид хөлийн зай, өргөн суудал, тээш хадгалах зайг сайжруулсан.
Дэвшилтэт аэродинамик шинж чанар, далавчтай тул түлшний зарцуулалтыг бууруулж, хурдыг нэмэгдүүлсэн зэрэг технологийн дэвшилтэй онгоц юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0