”Greening transport” сэдэвт Олон улсын тээврийн форум 2024-дээд хэмжээний уулзалт ХБНГУ-ын Лайфциг хотноо энэ сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Уг арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Авто тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа нар холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар оролцож байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын урилгаар ХБНГУ-ын Цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг Монгол Улсад айлчилж, хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон.
Дээрх ажлыг хэрэгжүүлэн ХБНГУ-ын холбогдох байгууллагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлэв. Энэ үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон ХБНГУ-ын Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төв хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал 2024 оны тавдугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын мэргэшсэн жолооч нарт ХБНГУ-д мэргэжлээрээ дадлагажих, ажиллах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн жолоочийн мэргэшлийг ХБНГУ-ын стандартад нийцүүлэх, мэргэжилтнүүдийг Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төвд чадавхжуулах сургалтад хамруулах, сургагч багш бэлтгэх чиглэлээр хамтран ажиллана.
Мөн тавдугаар сарын 21-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яам, ХБНГУ-ын Холбооны Автотээврийн судалгаа, туршилтын хүрээлэн хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0