Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргалтай ярилцлаа.
-2024 онд авто замын салбарт хийгдэх томоохон бүтээн байгуулалт юу вэ?
Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе.
Тиймээ. Зам, тээврийн салбарын хэмжээнд 2023 он түүхэн амжилт, өсөлт үзүүлсэн жил байлаа. Энэ хугацаанд Дэлхийн банкны Логистикийн гүйцэтгэлийн индексээр манай улс 33 байраар урагшилж, 97 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Монгол Улсын эдийн засаг 7 хувийн өсөлт үзүүлсэн бол манай зам тээврийн салбар 73 хувийн өсөлттэй байсан гэдгийг юуны өмнө хэлмээр байна.
Энэ 2024 он зам, тээврийн салбарын хувьд их бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно. Сүүлийн 10 орчим жил орчим урд өмнө нь автозамын салбарт түүхэндээ хийгдэж байгаагүй замын их засварын ажлууд энэ жил хийгдэнэ.
Энэ оны хөрөнгө оруулалтын төсөвт өртөг 16 их наяд, санхүүжих дүнг 2.2 их наяд болж нэмэгдүүлсэн.
Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй уялдуулж, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зорилтоо тодорхойлсон.
Энэ онд бүх аймгийн төвүүдээ хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох “Мянганы замын хоёр дахь довтолгоо”-г эхлүүлж байна.
Тухайлбал, Хэнтийн Дадалаас Ховдын Булган, Дорнодын Халхголоос Баян-Өлгийн Цагааннуур хүртэл, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнодоос БНХАУ руу, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатараас ОХУ руу холбогдох авто замын долоон коридортой болно.Мөн “Шинэ сэргэлтийн таван цагариг” зорилтын хүрээнд Монгол Улс урд хойд хөрш Ази Европыг холбосон авто замын босоо-5, хэвтээ-2 коридортой болохоор ажлаа эрчимжүүлж байна.
2024 онд Улаангом-Ховд чиглэлийн 163 км, Улиастай-Алтай чиглэлийн 198 км авто замын барилгын ажил эхэлнэ.
Манай улсын 330 сумын 107 нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон. Энэ онд 40 сумыг хатуу хучилттай авто замаар холбоно.
Зам дагаж хөгжил гэдэг. Гэхдээ зам барих нэг хэрэг ч барьсан замаа арчилж, тордох нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл олон улс, улсын чанартай автозамууддаа ээлжит, урсгал, их засварыг тогтмол хийж байж замын насжилт уртсана.
Өмнө нь замын засвар арчлалтыг тоодоггүй, анхаардаггүй байсан. Бас хангалттай хэмжээний төсөв тавьдаггүй. Үүнээс үүдэлтэй зарим чиглэлийн автозамын эвдрэл гэмтэл одоо шинэ зам барих хэмжээнд очсон. Хөдөлгөөний эрчим ихтэй, өдөр тутам хэдэн мянган машин хөдөлгөөнд оролцдог зам элэгдэж, муудах нь тодорхой шүү дээ. Хор уршиг нь зам, тээврийн осол. Иргэд, жолооч, тээвэрчид амь нас, эд хөрөнгөөрөө хохироод үлддэг.
Энэ жил анх удаа Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто замын засвар арчлалт, 8 гүүрэнд их засвар хийнэ. Ингэхдээ Өвөрхангай, Баянхонгор чиглэлийн авто замд хэсэгчлэн засвар хийнэ. Булган-Мөрөн, иргэдийн нэрлэдэг Тамын 50 буюу Дорнод аймгийн 50 км замд их засвар хийнэ.
-2024 онд Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын хийх онцлох ажлаас дурдвал?
-Манай Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны бодлого чиглэлийг хэрэгжүүлэгч байгууллага. Үндсэн долоон хэлтэстэй.
Өнгөрсөн 2023 онд бид Улаанбаатар хот тойрсон зургаан төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулсан. 2024 ондоо улсын хэмжээнд нийт 32 төлбөр авах цэгийг бүрэн цахим болгох зорилт дэвшүүлсэн.
Чиг үүргийнхээ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих авто зам, гүүрийн барилгын ажилд техник, технологийн хяналт, зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.
Олон улс, улсын чанартай 14 мянган км замынхаа засвар арчлалтыг хийнэ. Бодлогын хэрэгжилт, зураг төслийн магадлал, норм, нормативаа шинэчлэн сайжруулж, илүү боловсронгуй болгоно.
Авто замуудын мэдээлэх самбар, хэвтээ тэмдэглэгээ, километрийн заалтыг шинэчлэн сайжруулж, одоо авто замд ашиглагдаж байгаа хурд сааруулагчийг сайжруулах, тодорхой хэсгүүдэд шинээр байршуулахаар ажиллаж байна.
-Автозамын салбарт өмнөх жилүүдэд хийгдсэн томоохон бүтээн байгуулалт ямар ажлууд байна вэ?
-Олон улсын чанартай авто замын сүлжээний уртыг 14.921 км болгож нэмэгдүүлсэн. Олон улсын АН-4 чиглэлийн 742 км замыг хатуу хучилттай авто замыг шинээр барьсан.
Завхан аймгийн Загастайн давааны замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын 21 аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдсон.
Олон жил иргэдийг бухимдуулж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал дөрвөн эгнээ авто замын хөдөлгөөнийг бүрэн нээгдсэн.
Зам дагаж хөгжил гэдэг. Хөгжье гэвэл замаа барь гэдгийн адил одоо аймаг, орон нутгийн авто замуудыг өөр хооронд нь холбох ажил үргэлжилж байна.
Аймгууд хоорондоо авто замаар холбогдсоноор заавал хотоор дамжихгүй баруун аймгууд руу засмал замаар, аятай тухтай оччихно. Ингэснээр түгжрэл ч тодорхой хэмжээнд буурна. Аялал жуулчлал хөгжинө. Үүнийгээ дагаад тухайн аймаг, сумын эдийн засагт ч нэмэртэй. Нутгийн зон олонд тустай.
Дээр хэлсэнчлэн Улаангом-Ховд, Улиастай-Алтайг холбох замын барилгын ажил эхэлнэ. Энэ чинь л БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ гол ажил юм даа.
-Шинэ зам барихаас гадна авто замын засвар арчлалтад онцгой анхаарч байгааг дээр хэлсэн?
-Юуны өмнө энэ онд ЭВДРЭЛТЭЙ ЗАМУУДЫН ИХ ЗАСВАРТ ЭРГЭЛТ ГАРГАНА. Монгол Улс, Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-д өргөн барьж батлуулсан.
Дундговь, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Баянонгор, Архангай, Булган, Хөвсгөл зэрэг аймгийн хамгийн их эвдрэлтэй нийт 361 км улсын чанартай автозамын ээлжит болон их засварын ажлыг 77 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийх боломж бүрдсэн.
Мөн Хэнтий аймгийн Хэрлэн гол, Өвөрхангай аймгийн Орхон гол, Архангай аймгийн Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Төв аймгийн Лүн, Түргэний төмөр бетон гүүрийн засварын ажлыг 4.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөөд байна.
Түүнчлэн “Нутгийн зам төсөл”-д орсон сумдыг хатуу хучилттай авто замаар холбох ажилд 16.9 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байгаа. Төслийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.доллар, Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 7.3 сая зээлжих тусгай эрх буюу нийт 110.0 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.
-Авто замын салбарт хэрэгжүүлэх дараагийн том алхам юу байх вэ?
-Манай улс аймгийн төвүүдээ төдийгүй Ази Европыг холбосон авто замын 5 коридортой болно гэдгийг дахин онцлох байна.
Дээрх бүх зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд авто замчид та бидний үүрэг, оролцоо, хичээл зүтгэл хамгийн чухал.
Монгол Улсынхаа авто замын салбарыг өргөжүүүлэн, хөгжүүлж, ард иргэдээ аятай, тухтай зорчуулж, ОХУ, БНХАУ, Ази, Европыг холбосон авто замын шинэ коридоруудаа нээж, эдийн засгийн судсаа тэлэх өрнүүн их зорилтыг биелүүлэх, ажилд тань амжилт хүсэж, алтан шар замын авшиг мөнхөд ивээхийг хүсье.
Нийт сэтгэгдэл 0