Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг эхлүүллээ
Хуваалцах:
img

Эдийн засгийн идэвхжил хумигдмал байгаа энэ цаг үед Рио Тинто Монгол компанийн санаачилгаар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалж үлдэх зорилгоор хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ хүрээнд Инвескор ББСБ-аар дамжуулан хөнгөлөлттэй хүүтэй бизнесийн зээлийн хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон юм. Ингэснээр эргэлтийн хөрөнгийн санхүүжилт шаардлагатай жижиг, дунд бизнес эрхлэгчид хөтөлбөрт хамрагдан, бизнесээ үргэлжлүүлэхэд чухал үр нөлөө үзүүлнэ хэмээн харж байна.

Дээрх хөтөлбөрт жилийн орлого нь 150 сая төгрөгөөс хэтрэхгүй аж ахуйн нэгж байгууллага, жилийн орлого нь 50 сая төгрөгөөс хэтрэхгүй хувиараа бизнес эрхлэгчид тус тус багтах боломжтой.

Түүнчлэн нийгмийн зорилтод бүлэг буюу өрх толгойлсон эцэг эх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд давуу эрхтэйгээр зээлийг олгож, цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг давахад чухал ач холбогдолтой юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчдээ чадавхжуулах цогц сургалт, зөвлөх үйлчилгээг мөн давхар үзүүлнэ.



Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг. Тэдний дийлэнх нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг байна.

Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх бичил болон хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал, Инвескор санхүүгийн байгууллагын Гүйцэтгэх захирал Д.Баясгалан нар гарын үсэг зурсанаар хөтөлбөр хэрэгжих боломж бүрдлээ. Эдийн засгийн гол хөшүүрэг болсон жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, үйл ажиллагаагаа хадгалж үлдэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршиж байна.



Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш Рио Тинто групп үйл ажиллагаа явуулдаг улс орнууддаа хүнд хэцүү цаг үеийг хамтдаа даван туулахын тулд тус, дэм болж ажилласаар ирсэн. Тухайлбал, цар тахлын нөлөөллийг бууруулахаар эрүүл мэндийн байгууллагын оношилгоо, зайн тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулах төслийг хэрэгжүүлж, 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Монголд 4 PCR-ийн цогц лаборатори байгуулсан юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img