Зохиолч, сэтгүүлч Очирсүрэнгийн Энхжавхлан "Мэрилэнд гудамжны эмэгтэй" өгүүллэг
Хуваалцах:
img

Агуу Ерөнхийлөгчийн алдраас ялгах гэж олноороо “Вашингтон ДиСи” хэмээн онцлон нэрлэдэг их хотын төв хэсэгт, Цагаан ордны хажуухан дахь “Үндсэн хуулийн гудамж”-аар зүүн тийш чигээрээ хөдөлбөл зуур замдаа баахан музей, галерей, үзэсгэлэнгээр дайран өнгөрч, Холбооны улсын Засгийн газар байрлах Капитолын ордны хойгуур гараад, Нэгдсэн улсын Холбооны шүүхийн сүрдэм барилгын хажууд хөтөлж аваачих бөгөөд зам тэндээс зүүн хойш даялахдаа нэрээ өөрчлөн “Мэрилэнд гудамж” болон үргэлжлэх билээ.

Сунайсан урт Мэрилэнд гудамжны гуравны нэгтэй дүйх зайд өрнө, дорно, өмнө, умраас зорьсон дөрвөн зам огтлолцон зөрөх бөгөөд тэрхүү дөрвөн замын уулзварын дэргэдтээ овоо хэдэн давхар өндөр барилга сүндэрлэх нь андуураагүй бол албан газрууд бөөгнөрсөн бизнес төв, эсвэл худалдааны төв шиг санагдана.

Өглөө эртээс шөнийн одод түгтэл хүний хөл татрахгүй мөнөөх барилгын хавьд алхаж байтал үүдэн тушаагаас Луи Армстронгийн этгээд мөртлөө дотно сөөнгө хоолой “үнэхээр гайхамшигтай ертөнц шүү” хэмээн уянгалуулах нь содон дуулдаж, гайхан харвал барилгын үүд хавьд хуучин сандал дээр суух нас ахимаг, үс нь өнгө алдсан шаргал, биеийн жин лагс зузаан байрын эмэгтэй мөнөөх гайхалтай дууг хавь ойрт дуурьсган цацах ажээ.

Час улаан сарнай... ногоохон модод

Чамд бас надад... дэлбээгээ бэлэглэхийг хараад

Өөртөөн би бодном

Үнэхээр гайхамшигтай ертөнц шүү

Агаарт цацрах жирийн үгс шидээр амилан нисэж, хүүхэд ахуйдаа үзэж байсан “It’s a wonderful life” хэмээх эгэлгүй хүчтэй киног санагдуулна.

Тэр киног үзэх бүрд сайхан сэтгэлт Жон Бэйлийг өрөвдөж уйлмаар, төгсгөлд нь түүнтэй цуг хөгжин баясмаар санагддаг сан. Энд, “Мэрилэнд гудамжинд”, Жон Бэйлийн нутагт би Жон Бэйлийн гунигийг Жон Бэйлийн мэдэрсэн баяр хөөртэй цуг амтална. Тэр баяр хөөрөөс Зул сарын баярын хүсэмжит шөнө мэдрэгдэж, хайртай хүмүүстэйгээ хамт байсан жаргалтай цаг амтагдана.

Асар тэнгэрийн хөхийг... арсах үүлсийн цагааныг

Ариухан шөнө... гэгээхэн өдрийг хараад

Өөртөөн би бодном

Үнэхээр гайхамшигтай ертөнц шүү

Ийм ид шидтэй, гайхамшигтай, энэ дэлхийг, хүмүүсийг, тэнгэрт мандах нарыг, хацар илбэх салхийг, зүгээр л баяр хөөрийг магтан тунхаглах ер бусын дууг энэ олны хөлийн газар, ийм эгэл бааз, хайхрамжгүй хувцастай, гандсан үстэй, гунихарсан нүдтэй эмэгтэй эгшиглүүлж байх гэж...

- Энэ юун эмэгтэй вэ? гэж сониучирхахад найз минь хэлнэ:

- Мэдэхгүй ээ. Тэр энд байнга сууж байдаг юм. Өвөл ч, хавар ч, намар ч, зун ч...

- Үргэлж Армстронгийг тавьдаг уу?

- Үгүй ээ, би лав нэг удаа Элвисийг, дараа нь Пол Анкаг дуулуулж байхтай таарсан.

- Дандаа л ийм дуунууд уу?

Найз минь хариуд чимээгүй толгой дохих нь эгэл даруухан үдшийн бүрийд “Дандаа л ийм...  сэтгэл хөндсөн... сонсголонтой уянгын... дөч, тавь, жаран жилийн өмнөх дуунууд...” хэмээн хөврөн үргэлжиллээ.

Хаанаас ирсэн юун эмэгтэй хэний төлөө юуны учир хүн хөлхсөн их хотын гудамжинд, өвөлжин, хаваржин, зунжин, намаржин, ер бүхэл жилийн турш хүмүүст хуучны сайхан цаг, хүмүүний алтан үеийг сануулсан сайхан дуунууд эгшиглүүлэн суугаа нь бөөн таавар.

- Өглөө үүгээр явахад сууж л байдаг, өдөр ч байна, бүр орой ч эндээ хадаастай мэт байна. Хэзээ харьдгийг нь мэдэхгүй. Гурван жил үүгээр өнгөрөхдөө эзгүй байхтай нь таараагүй. Арай гудамжинд хонодоггүй л байлтай...

Хааяа хүмүүс саатан зогсож, сайхан дуу сонсчихоод хөлөн тушаа нь тавьсан хайрцаг руу мөнгө хийж харагддаг юм, өрөвчхөн зарим  нь барьж явсан хүнс, жимс, ундаа, уснаасаа өгөх нь бий. Хариуд нь баярлалаа ч байхгүй. Ер юу ч дуугарахгүй. Байгаа төрх нь бидний өмнөөс ийм тавиланг туулж, бидний өмнөөс ингэж сууж байгаа юм шиг л байдаг...

Өнгө өнгийн солонго... өндөр тэнгэрийн чимэг

Өөдөөс ирэх хүмүүс... царай нь ч бас өнгөлөг

Бэлгэтэй үг солилцоод... гар гараа барилцана

Би чамд хайртай гэж... үнэндээ хэлж буй хэрэг

Хатуу цардмал тавцан, хуучин сандал, газар тавьсан тоглуулагч, хоцрогдсон загварын хувцастай лагс зузаан эмэгтэй.

Цахим сүлжээ, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, биткойн, блокчэйн технологи, хиймэл оюун ухааны ертөнцөд хаанаас яагаад ирчихэв. Үгүй ээ, тавь, жар, далан жилийн өмнөх дэлхийгээс хаагуур, ямар цоорхойгоор өнөөдөр рүү гоожчихсон юм бол гэж гайхмаар.

Энэ эмэгтэй эрт нэгэн цагт тохирсон болзсондоо хүрч, ирэх л учиртай хэн нэгнийг хүлээн харуулддаг байх. Эсвэл ингэж суулгахад хүргэсэн эрхэм зорилготой юм болов уу? Эмэгтэй хүнийг хамаг ажлаа хаян, бүх л амьдралаа орхин, өдөржин суулгахад хүргэх ноцтой шалтгаан юу байх бол?

 Эр хүн үү, үр хүүхэд үү, эрхэм зорилго уу, энэ бүхнээс тэс эсрэг- этгээд зөрүүд зан уу?

Хүүхэд уйлахыг сонсохоор... өсч томрохыг нь харахаар

Хүний санаанд оромгүй... ихийг сурна гэж санахаар

Өөртөөн би бодном

Үнэхээр гайхамшигтай ертөнц шүү...

Хэрвээ та нэгэн цагт их гүрний нийслэлд хөл тавибал, явдал аяны эрхээр Цагаан ордон хавиар зугаалбал, зуур замдаа музей, галерей, цэцэрлэгт хүрээлэнгээр алхсаар нэг л мэдэхэд “Мэрилэнд гудамж”-инд хүрчихвэл төвөггүйхэн олох дөрвөн замын уулзварын баруунтаах овоо өндөр барилгын үүдэнд мөнөөх эмэгтэйтэй таарч магадгүй.

Түүний царайг харахаас урьтаж, тавь, жар, далан жилийн өмнөх гайхалтай дуунууд эгшиглэх байх. Тайтгарахаар, хэнтэй ч хуваалцамгүй цээжний хөндүүр, гунигаа асгахаар, эсвэл зүгээр бодлогошрохоор саатсан хүмүүс тэнд, тэр эмэгтэйн өмнө зогсох нь лавтай.

Амьдрал гайхалтай, амьд явах зол заяа шүү!

 

 

Нийт сэтгэгдэл 5

  • А. Энхцэцэг
    2 жил

    Чийг үнэртсэн хаврын анхны борооноор эсвэл намрын бороотой өдрүүдээр гэртээ тухлаад унших хөнгөхөн яг "чихэр" шиг түүхүүд байна шүү. Түүний бичсэнийг зүгээр ч уншаад дууссангүй, "Сэвэлзүүр салхи" ч мөн ижил, дараа нь бодолд хөгжиж, сэтгэлд өнгө нэмснийг мэдэрсээн. О. Энхжавхлангийн ийм л "бяцхан" 2 номыг нь уншлаа би. Уран бүтээлийн амжилт хүсье!

  • Түмэнбаяр
    2 жил

    Сайн өгүүллэг байгаа юм

  • Сор
    2 жил

    Тэр эмэгтэйг яах гэж суудгийг мэдмээр санагдчихлаа

  • Уншигч
    2 жил

    Гоё өгүүллэг байна. Очмоор санагдаж байх чинь.

  • Зочин
    2 жил

    Хөөрхөн өгүүллэг юм аа. Баярлалаа

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img