Зохиолч, сэтгүүлч Очирсүрэнгийн Энхжавхлан "318 дугаарын автобус" өгүүллэг
Хуваалцах:
img

Хүү өглөө ээжийнхээ бэлдсэн цайг амсахгүй цүнхээ шүүрээд гарахдаа “хичээлдээ яавч очихгүй” гэж бат шийдсэн байжээ. Цээжээр нь дүүрэн гомдол үерлэнэ. Өөдгүй гомдол өчигдрөөс хойш цээжин дотор нь битүү чихчихээд, давчдуулан дарж буй. 

Өчигдөр тэр хичээл тараад найзуудтайгаа тоглож, бөмбөгний араас ухаан мэдрэлгүй гүйж яваад цүнхээ гээчихэж. Хоёр ахад нь олон жил зүтгээд, “гавьяаныхаа амралтанд гарахын” даваан дээр хүүгийн эзэмшилд ирсэн түгжээ эвдэрхий, даруулга оёо нь уранхай, элэгдсэн сурагч цүнхийг хэн тоож авна гэж санах билээ. Гэтэл тоохоор барахгүй, хэчнээн хайгаад ул мөр үгүй.  

Хүүг халгаж ядсаар оройхон харьтал том ах нь уурласандаа золтой л барьж аваад балбачихсангүй. Наанаа ил хэлдэггүй ч, цаагуураа дүүдээ элэг татуу бага ах нь хэрүүлийн галыг дэврээхгүйг хичээн том ахыг аргадан саатуулах хооронд ажиг сэжиггүй гэмтнийг ээж нь чимхчихжээ. Ээж нь хагартлаа уурлахаараа л ийн загнадгийг мэдэх боловч санаснаас арай л чанга чимхсэнд Тулгаа үнэнхүү гомдлоо.

Зодохын муу чимхэх гэдэг. Дээр нь ээжийн чимхэлтийн хорон гэж...

Гуяных нь дотор талд часхийгээд явчихад хар багын хэлэмгий хүү “Ээ, ёо ёо л доо. Ээж... ээж та ямар муухай юм бэ? Хог дээр хаях гэж байсан уранхай цүнхнээс болж хүн зодоод... сүртэй юм бэ? Ямар үнэтэй, шинэ цүнх ч байсан биш” гээд их дуугаар бархирчээ.

Чингэх нь ээ, түрүүнээс хойш дүүгээ өмөөрч байсан бага ахынх нь уур ёстой л галт бамбар шиг бадраад,  яах ийхийн зуургүй л Тулгын толгой дүүрч, нүд бүрэлзээд ирэв. Бага ахын шанаа бодсоноос чанга, бараг том ахад мөрөөрөө гөвүүлчихсэн бол хавьгүй дээр санагджээ.

Ингээд гэрт ганцаараа буруудан суухад Тулгын цээжин дотор горойсон хар юм тээглэчихээд, эвгүйхэн хөдөлбөл нүднээс нулимс болон урсчих гээд, ам ангайвал зарга хийн үсчих гээд байлаа. Тэгэхтэй зэрэг “Ээж, том ах, бага ах, ер нь бүгдээрээ новшнууд. Хэн ч намайг хайрладаггүй. Хэнд ч би хэрэггүй” гэсэн хатуу бодол зүрхийг нь хөрөөдөв.  

Энэ өрхийн хамгийн балчир гишүүнд ээж, ах нарынх нь уурладаг үндэстэй л байж. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш, хоёр сарын хугацаанд гурав дахь цүнхээ алдаж байгаа хүнийг шийтгэхгүй өнгөрөх аргагүй. Цүнхийг яах вэ, аргалж болно. Харин цүнхэнд байсан сурах бичгүүдийг олно гэдэг, тэдгээрийг ахиж худалдаж авна гэдэг тун хэцүү.

Тулгааг автобусны буудал дээр ирэхэд ажилдаа яарсан баахан хүмүүс зогсож байлаа.

  • “Чингэлтэй” ирээгүй хэр удаж байна?
  • Өө нэлээн удаж байна. Түрүүнээс хойш л зогслоо. Бараа алга.
  • “Хайлааст” сая хөдөлчихөв үү? гэх яриа хэл дуулдана.

Харин Тулгаа “Үйлдвэр- Долоон буудал” чиглэлийн 318 дугаарын автобусыг л харуулдана.

Намар оройн жиндүү салхи хүүгийн хуучин, нимгэн хүрмийг нэвт үлээнэ. “Намар даарах сайн” гэдэг ч хүү голдоо ортол жиндэж, нэг мэдэхэд уруул нь чичирч байлаа. Эцэг нь өөрийн гэсэн хамаг эд зүйлээ баглаад гарсан хаврын хүйтэн орой л Тулгаа ингэж даарч билээ. Аавыгаа явуулахгүй гэхдээ бахим гараас нь зүүгдэн, хувцаснаас нь зуурч, хөлсөө гартал бархиран зууралдаж байхдаа хүү хальс шиг нимгэн цамцтай, нүцгэн шахуу гадаа гарчихсанаа ч анзаараагүй.

Томчууд хүүгийн хичээл зүтгэлийг огтхон ч тоосонгүй, ах нараас нь илүү зөвхөн түүнийг л өхөөрдөн хардаг аав нь өөрчлөгдөж, огтын танихгүй хүн шиг хүйтэн, шийдмэг царайлаад, зуурсан гарыг нь өвдтөл базан салгуут хоёр ах руу нь хайр найргүй чанга түлхээд холдоход хүү гомдсон, шаралхсан, бас даарсандаа “Чи муу аав. Чамтай уулзахгүй за юу. Хэзээ ч уулзахгүй. Үхсэн ч уулзахгүй дээ” гэж чичрэн уйлж хоцорсон юм. Түүнээс хойш ингэтлээ жиндэж чичирсэн удаа үгүй.

Гэтэл “Давахгүй гэсэн даваагаараа долоо давна” гэдэг болжээ. Гэрийнхэндээ зад загнуулж, “ухамсрын шанаа” аваагүй бол энэ өглөө автобусны буудал дээр ирэхийн хэрэг хүүд байсангүй.  

Удаан хүлээлгэсэн Чингэлтэйн автобус ирлээ, Хайлаастын автобус ирлээ, өөр нэг, дахиад нэг автобус ирлээ. Ар араасаа зогсоод л, зорчигчдоо суулган хөдлөөд л байдаг, Долоон буудал орох 318 дугаарын автобус л алга.

Хүү автобусанд ороод, яахаа төлөвлөж зогслоо. “Хамгийн эхлээд ээж, хоёр ахын уурлаж, зодсоныг хэлнэ. Тэгээд шинэ цүнх, ном, бас бөмбөг авахуулна. Гочоогоос дандаа бөмбөг гуйх ядаргаатай юм” гэж бодтол өлөн ходоод нь унд, цай нэхэж, гэдэс нь дуугарахуй “Байз байз, хамгийн түрүүнд аавтай хамт гуанзанд орж, цадталаа хоол идье. Бас үзэмний компот авахуулъя” гэж шийджээ.

Гэнэт түүний толгойд “Аав намайг гэртээ дагуулж очоод, хамт амьдарна гэвэл яана аа” гэсэн санаа цахилан буухад “Аавтай амьдарна гэвэл ах нар ч үхтэлээ уурлана даа. Ээж ёстой их гомдоно. Тэгэхдээ... Өө яадаг юм, өөрсдөө л намайг зодсон биз дээ?” гэсэн тавласан асуултаар цэг хатгажээ. Түүнийг аавтайгаа цуг гэрээс гарахад нь гомдон уйлах ээжийгээ төсөөлтөл Тулгаагийн дотор жаахан эвгүйрхэв.

Автобус ирж, буудал дээрх хүмүүс бужигналдах бүрд аль өчигдрөөс цээжинд нь тээглэчихээд  байсан арзгар хар гомдол багассаар. “Буцъя л даа” гэх хорлонтой урвагч санаа дотроос сэмхэн хатгана.

Эргэлзээ ихэсч, өглөө бат шийдээд гарсан зорилгоосоо няцаж, цагаан тугаа өргөн бууж өгөхийн босгон дээр тээр холоос уухилан зүтгэх 318 дугаарын автобус харагдав.

Урдаа томоос том 318 гэсэн дугаартай, улаан автобусны бараанаар буудал дүүрэн хүмүүс зээрийн сүрэг шиг хуйлран, өөдөөс нь угтан гүйлдэв. Сэргэлэн хүү толгойн хэсэгт дарцаг шиг дэрвэж хүрлээ.

Ядруухан хөгшин шиг хуучин автобус аахилан уухилсаар буудлаас хэтрэхэд хүмүүс араас нь мөр даган гүйлээ. Тэднийг гүйцэж очихоос өрсөн автобус огцом тооромслон зогсоод, зорчигчдоо яаран сандран асгаж эхлэхэд Тулга шууд урд талын хаалга руу гүйн очжээ. Хүү өмнөөс асгаран буух хүмүүсийн өөдөөс чихэлдэн зүтгэж, нудруулж, цохиулж, түлхүүлсээр автобусанд орчихлоо.  

Зорчигч суух ёстой арын хаалган дээр баахан хүн шавж, “Урагшаа яваач ээ, алив зайгаараа урагшил. Нэг ч гэсэн хүн оруулчих” гэх кондуктор хүүхний тасхийсэн дуу хадан, хүмүүс цааш нааш түлхэлцэв. Жолооч урд, хажуудаа зүүгээстэй хоёр толийг харснаа автобусаа асаан хөдөлж, тэгснээ гэнэт огцом зогсож, зорчигчдыг лаазалсан загас шиг битүү чихэв. Тэр чихцэлдээнээр Тулгаагийн хөл газар хүрэхгүй жингүйдэж, жолоочийн хажуугаар хөвөн өнгөрлөө.

Хүдэр биетэй, ширвээ сахалтай жолооч эр  амандаа зуусан “Беломорканал” янжуураа аваад микрофоноор “Хөөе тэр урд талын хаалгаар дайрч орсон саарал пальтотой хүүхэд хулгай хийх гээгүй юм бол цаашлаадахаач. Хүний хөлд тээглээд байх юм” гэж зандран зарлалаа.

Автобус дүүрэн зарлуулсан хүүгийн чихэнд “Урд талын хаалгаар дайрч орсон саарал пальтотой хүүхэд хулгай хийх...” гэдэг үг шигшигдэж үлдээд, энэ насандаа ой тойнд буумгүй гэмт бодлыг тулгаж, ойр хавийн улс түүн рүү жигшин ширтэх шиг санагдахад хүүгийн нүүр чинэрэн улайж, өчигдрөөс хойш дотроос төөнөсөн өнөөх гомдол хатууран зангираад иржээ.

Сэгсчин давхих автобусанд хөл тавих газар олж ядан тухгүйтсэн хүү “Бушуухан дараагийн буудалд хүрээсэй, яаж ийгээд буух минь. Ээжийн чимхсэн, бага ахын шанаадсан... түй ёстой энэний хажууд юу ч биш байж. “Урд талын хаалгаар дайрч орсон... саарал пальтотой хүүхэд... хулгай хийх гээгүй юм бол” гэнэ үү, арай ч дээ. Ёстой ертөнцийн шившиг... Ахиж л ингэж шившиг болохгүй юм шүү” хэмээн уурсан зүхэж, эгээтэй л усан нүдэлчихэлгүй явлаа.  

“Аавтай таарлаа. Долоон буудлын 318 дугаарын автобусыг барьдаг юм байна” гэж том ах нь сонирхуулахдаа “Уулзах гээд үзээрэй чи” гэж хүүд хатуу сануулсан сан.

Хүү тэднийг бөртийтөл орхиод, өөр хүүхдүүдийн аав болоод явсанд нь заримдаа эцэгтээ зүйргүй их гомдох ч “Гурвын гурван хүүдээ ганц гутлын мөнгө хүрэхгүй тэтгэмж өгөхөөс татгалздаг харласан дотортой хүн шүү. Ийм амьтантай таарсан минь урд насны минь үйлийн үр байх” гэж эхийгээ халаглах бүрд дотроо эцгээ битүүхэн өмөөрдөг байлаа. 

Эцгийн сургийг сонсчихсоноос хойш хүү ээж, ах нарыгаа уурлах бүрд, элдэв хэрэг тарьж, “алган боов” амсах тоолондоо “ингээд намайг гадуурхаад байвал аав дээр очно шүү” гэсэн адайр бодолд автах болжээ.

Сүр сархийн чахарч, автобус буудал өнгөрч зогслоо. Түрүүчийн буудалтай адил бөөн хүмүүс автобусыг шаван бүчлээ. Хүү буухаар зүтгэж, хөвж жингүйдсээр хаалга руу ойртохдоо жолооч руу хяламхийсэн ч үгүй.  

“Аминдаа л аавтайгаа уулзчих санаатай урдуур орж байхад юу юу гэнэ ээ. Би цүнхээ л гээдэг болохоос хэзээ ч хулгай хийхгүй. Хэн гэдгээ харуулна даа”.

Хүү автобуснаас буугаад шууд сургууль өөдөө зүглэжээ.

Анзаарах нь ээ, бүр исгэрчихсэн алхаж явав. Хөлд нь жижгэвтэр чулуу тээглэхэд түүнийг багадсан гутлаа ханзартал нам өшиглөж орхилоо. Чулуу болжмор аятай дээш дэрхийн одоод, тээр цаана унав.

Хн, аавтай хүн гэнэ шүү!

Нийт сэтгэгдэл 3

  • уншигч
    2 жил

    Баярлалаа. Ойрд ийм гоё өгүүллэг уншаагүй яасан их удаа вэ.

  • шоовой отгонбаатар
    2 жил

    Маш сайхан өгүүллэг байна аа эгч

  • Зочин
    2 жил

    Бага насаа саначлаа

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img