2021.10.04
У.Хүрэлсүх: Эх орноо ногоон Монгол болоосой гэж хүсэж байна
Улаанбаатар. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо Монгол Улс байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийг зарласан юм.
Хан-Уул дүүргийн 14-р хороо, “Өлзийт” хороолол дахь “Ногоон хэрэм” төслийн талбайд болсон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрсдийнхөө болон үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө үндэстнээрээ нэгдэж, хамтран зүтгэх түүхэн өдөр тохиож байгааг тэмдэглэлээ.
Тэрбээр “Цаашид хүн бүр, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж бүр мод тарьж ургуулдаг, байгаль хамгаалагч байх ёстой. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зөвхөн мод гэлтгүй, жимс, жимсгэнэ, эмийн ургамал, малын тэжээл тариалж, дотоодын хэрэгцээгээ ханган, экспортод гаргах боломжтой. Үүнийг даган, олон ажлын байр бий болж, энэ хэрээр иргэдийн амьдрал сайжирна. 330 сум цэцэрлэгт хүрээлэн байгуулна, халамжийн бодлогыг мод тарьж ургуулахтай холбоно” гэлээ.
Энэ үеэр нийслэлийн дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нэг хүнд ногдож байгаа 5.6 м2 ногоон байгууламжийг ойрын жилүүдэд 10 дахин нэмэгдүүлэх зорилт тавьснаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэв.
ОЙЧИД 200 МЯНГАН ТАРЬЦ, СУУЛГАЦ ХАНДИВЛАВ
Улаанбаатар. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Монголын ойн салбарын мэргэжилтэн, ажилтнуудаас эхний ээлжинд 200 мянган модны тарьц, суулгац хандивласныг Монгол Улс, ОХУ-ын ШУА-ийн гишүүн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор, профессор Ч.Дугаржав Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд гардууллаа.
Ойн салбараас төрсөн анхны академич, буурал эрдэмтэн төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Шилийн богд ууланд ирэх арван жилд гэр бүлийнхэнтэйгээ 50 мянган шилмүүст мод тарьж ургуулахаа амлаж, гэр бүлээрээ мод тарьдаг өдөртэй байх санаачилга гаргав.
Ойчдын хандивласан 200 мянган тарьц, суулгацыг “Мөнх ногоон тал” ХХК үрслүүлж бэлтгэсэн бөгөөд нарс, шинэс, хайлаас зэрэг Монгол оронд түгээмэл ургадаг модод байна.
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТ УЛС ДАЯАР 7 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт 2021 оны 10-р сарын 4-11-нд үргэлжилнэ. Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Соёлын яам, Барилга, хот байгуулалтын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар зэрэг 30 орчим байгууллагын ажилтан, албан хаагчид нийслэлийн дөрвөн дүүргийн сонгосон байршилд мод тарилаа.
Мөн Дархан-Уул аймаг 11 жилийн хугацаанд 20 сая, Баянхонгор аймаг 10 жилд 10 сая, Говь-Алтай аймаг 10 жилд 108 сая мод тарьж, ургуулах аянаа албан ёсоор эхэлжээ.
ЖИЧ: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 4-р сарын 14-д зарлиг гаргаж, жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг тэмдэглэх болсон билээ.
Баянхонгор. Мод тарих үндэсний өдрөөр албан ёсоор эхлүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтэд 1500 гаруй төрийн албан хаагчид нутгийн иргэд оролцжээ. Баянхонгор аймаг өнгөрсөн хавар 26,000 мод тариалсан. Энэ хугацаанд усалгааны системийг шийдвэрлэн, шаардлагатай цэгүүдэд гүн өрмийн худаг шинээр гаргаж, 50 гаруй хүнийг ажлын байраар ханган арчилгаа усалгааг тогтмол хийлгэж иржээ. Тэгвэл энэ намрын тариалалтаа өнөөдөр эхлүүлж нийтдээ 20,000 модыг нэмж суулган ойн зурвасаа 15 метр өргөсгөх болно гэдгийг аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан хэлэв. 2022 оны улсын төсөвт суулгажээ.
Сангийн яам. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Сангийн яам салбарын байгууллагууд дэмжиж өнөөдөр СХД-ийн 24-р хороо Бумбатын булаг орчимд мод тарилаа. Энэ жил Сангийн яам үүсгэн байгуулагдсаны 110 жилийн ой тохиож байгаа. Түүхэн ойг тохиолдуулан сангийн яамны хамт олон 110 мод суулгалаа. Мөн тус яамны харьяа Гаалийн ерөнхий газар, Монгол Улсын Хөгжлийн банк, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ. Зөвхөн мод тариад орхих бус цаашид усалгаа арчилгааг тогтмол хийж ургуулах юм.
Нийт сэтгэгдэл 0