3 жил
Өнөөдөр оройноос эхлэн шатахуун түгээх станцуудын гадаа бензин авахаар ирсэн авто машины урт дараалал үүсээд байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 5 хоногийн нөөцтэй гэдгийг салбарын яам мэдээлэв. БНХАУ-аас 2021.10.01-06-ны хооронд 150 вагон нийт 7540 тонн шатахуун ачихаар төлөвлөсөн бөгөөд 10.03-нд эхний 50 вагон Хөх хотын ГТБҮ-ээс хөдөлж, Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид 10 дугаар сарын 5-ны өдөр шилжүүлэн ачиж, УБ хот руу хөдөлсөн. 10 дугаар сарын 6-нд мөн 50 вагон АИ-92 автобензинийг буулгахаар 2 дахь ээлжийн шатахууныг улсын хилээр оруулж ирээд байна.
Түүнчлэн ОХУ-аас 10 дугаар сар гарснаас хойш 02-ны өдөр “Роснефть” компаниас 13 вагон 787 тонн, 10 сарын 3-ны өдөр 5 вагон 302 тонн, 10 сарын 4-ний өдөр 368 тонн, 10 сарын 5-ны өдөр 542 тонн газрын тосны бүтээгдэхүүн ачигдсан. Эхний ээлжийн бүтээгдэхүүнүүд импортлогчдын агуулахуудад бууж эхлээд байна.
БНХАУ, ОХУ-аас импортолж буй АИ-92 автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Сүхбаатар, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар УУХҮЯ нь Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас ОХУ, БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.
Эх сурвалж: Уул уурхайн яам
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0