Нийслэлийн шилдэг багш нарт түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа
Хуваалцах:
img

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шилдэг багш нарын төлөөллийг хүлээн авч, баяр хүргэлээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгийн багш Н.Алтаннаран, Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн багш Г.Энхмэнд нарт түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах эрхийн батламжийг гардууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар багш нарт хандан “Ирээдүйн түүчээ болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж, боловсролтой, зөв монгол хүн болгох их үйлсэд өөрийн мэдлэг оюун, хүч чадлаа дайчилж байгаад талархаж байна” хэмээв.

Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах батламж хүртсэн Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Г.Энхмэнд “Би боловсролын байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байгаа жирийн нэг багш хүн. Өнөөдөр ийнхүү хөдөлмөрөө үнэлүүлэн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдсандаа маш их баяртай байна. Хүүхдүүдэд мэдлэг олгон, сурган хүмүүжүүлнэ гэдэг маш бахархалтай ажил. Амжилт гаргахад минь ямагт тус дэм болж байдаг хамт олон, сургуулийн захиргаа, хайртай шавь нартаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Мөн мэргэжил нэгт нөхдөдөө багш нарын баярын мэнд хүргэхийн ялдамд ажлын амжилт хүсье” хэмээн ярилаа.

Хотын даргаас батламж гардаж авсан Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгийн багш Н.Алтаннаран боловсролын салбарт 12 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Өсвөр насны гурван хүүхэдтэйгээ хажуу өрөө түрээслэн амьдардаг тэрбээр ийнхүү нийгмийн асуудлыг нь шийдэн, түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулж буйд маш их баяртай байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр “Залуу багш намайг дэмжиж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үнэхээр их талархаж байна. Бяцхан шавь нарынхаа дулаан энерги шингэсэн өргөөндөө улам хичээн ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа.

Монголын багш нарын 55 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын А/755 тоот захирамжаар нийслэлийн есөн шилдэг багшид түрээслээд өмчлөх орон сууцны батламж олгосон юм. Мөн тэргүүний 40 сургууль, цэцэрлэгийг шалгаруулан, 18 шилдэг багш, ажилтанд зөөврийн компьютер, 47 багш, арга зүйч, нийгмийн ажилтан тус бүрд нэг сая төгрөгийн мөнгөн шагнал олголоо.

НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img