“Манай нутгийнхан” Ховд аймаг, Дуут сум: Миний аав МӨНГӨН дарга
Хуваалцах:
img

Аав гэдэг их Хан уул

Алгуур, алгуур нурж л байдаг

Цаг нь болохоор тэр Хан уул

Цэгийн ч төдийгүй одсон байдаг...

       Манай Ховд нутгийн нэгэн үеийнхэн аавыг минь хүндэтгэн “Мөнгөн дарга” л гэдэг сэн. Дуут сумын уугуул аавын маань бүтэн нэр Намсрайн Мөнгөнхүү. Аавынхаа тухай би олонтоо бичсэн. Энэ удаа хувь хүн талаас нь бичье дээ.

1950 онд 17 настай залуу хүү сумынхаа “мал эмнэлгийн санитар” гэсэн албан тушаалд очсон байдаг юм. Мал эмнэлгийн сургууль төгссөн малын эмч, авга ах Галсанаа Чимэд нь бичиг үсэгт сайн, чих зөөлөнтэй, бас жаахан тэнхээтэй ач дүүгээ гарын үзүүрт зарж, адуу мал угаах, эмчилгээ туулга хийхдээ хань болгохоор Машийн голоос нь дуудаж дэргэдээ авсан юм болов уу даа.  Ингэж л аав минь 40 жилийн турш төрсөн нутаг, Ховд аймгийнхаа төлөө хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэх зам нь эхэлсэн аж. Тэр цагаас хойш яг 12 жил багийн аж ахуйн эрхлэгч, агент, сумын эвлэлийн үүрийн дарга, захиргааны нарийн бичгийн дарга зэрэг алба хааж, тасралтгүй зэрэг дэв ахисаар 1963 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын ажилтны хоёр жилийн курсэд суралцсан бий.  

      Сургуулиа дүүргээд 1965 оноос Ховд аймгийн Цэцэг сумын “Цэцэглэх”, Буянт сумын ”Соёл”, Эрдэнэбүрэн сумын ”Социализм” нэгдлүүдийн дарга, Дуут сумын ”Социализмын зам” нэгдлийн орлогч дарга, Ховд аймгийн ”Хүнсний захын контор”-ын даргаар тасралтгүй 35 жил ажилласан юм даа. Эрхэлсэн ажлын хувьд эдгээр урт удаан он жилүүдэд алдаа, оноо байлгүй дээ. Алдаж онодог амьдрал, хатуу дэглэм сахилга баттай эв хамтын нийгэм шүү дээ. Гэхдээ л бүтэн нэгэн үеийнхэн аавыг минь “сайн удирдагч”, “сайн хүн юм шүү” хэмээн үнэлж ирснийг мэдэх юм.

            Харин даанч эртхэн энэ хорвоогоос буцсан юм даа аав минь. Эр хүний 57 нас гэдэг юу сан билээ дээ. Яруу найрагч дүү маань  нэгэнтээ аавынхаа тухай

                        ...Орь намуухан эх нутгийн зоон дээр

                        Олонтоо нөхөрлөж, эрийн хийморь сэргээсэн

                        Аав минь та аз, од ивээсэн

                        Амь халуун уул аа... хэмээн тун чиг онож шүлэглэсэн нь их сайхан дуу болсон.

Эр хүнийхээ хувьд аав минь тун чиг одтой хийморлог явсан даа.

1952 онд авга болох баян Дүгэр ах нь Машийн голд Дуут сумын 3, 4 дүгээр багийн хамтарсан наадам зохион байгуулахад 19 настай аав бакиал гутлаа сугартал барилдаад түрүүлж, манай голынхон “албан хаагч хүн сайн барилдалгүй яахав” хэмээцгээн их урам зориг өгсөн байдаг. Тэр наадамд аавын маань хавчиг цагаан морь их насанд түрүүлсэн түүхтэй.

1957, 1958 онд Дуут сумынхаа наадамд хоёр жил дараалан аав, цагаан морь хоёр магнайдаа тоос хүргээгүй байдаг. Хожим цагаан мориныхоо толгойг Нууртын хоёр нуурын заагт жижигхэн овоон дээр тавьж билээ. Аавын минь энэ амжилтыг манай нутагт эдүгээ хүртэл хэн ч эвдээгүй шүү дээ. Ховдын хүчтэн бөхчүүдийн түүхэнд энэ амжилт нь тодорхой бичигдсэн л байдаг.  Түүний дараа сумандаа хоёр ч удаа үзүүрлэсэн бий. Удалгүй сургууль, соёлын мөр хөөж барилдах ноцолдохоо алгуурласан байх аа.  

            Аавын маань бас нэгэн эрдэм нь ан хийх байсан шүү. Тун сайн бууддаг анчин явсан юм. 1978- 1979 оны үед жил дараалан Эрдэнэбүрэн сумын тарваганы арьсны төлөвлөгөө биелэхгүй удааширсан байх. Цамбагарав нутгийнхан нэг их тарваганы араас хөөцөлдөхгүй л дээ. Тэгээд аав маань сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ГАЗ-53 машинтай Нянгар ахыг дагуулан, Дөрөө нуур, Живээгтийн даваанаас тэвшин дээгүүр дүүргэн ярайтал өрсөн тарвага агнаж ирээд, лагерын айлуудад дүү нараар маань (Ганбат, Гансүх) тараалган, хэдэн өдрийн дараагаар арьсыг нь Нянгар ах хураан бөөгнүүлж, сумын ангийн үсний төлөвлөгөө биелүүлж байж билээ. Биднийг бага цагаас л машинтайгаа хөдөө явах замдаа чоно агнаад л ирж байда гсан.  Аавынхаа бага залуудаа хэрэглэж байсан хуучин цагаан калибр бууг 1986 онд П.Тэрбиш ахаас би авсаан.

            Аав минь бас чиг бичих дуртай, сонирхолтой. 1969 онд Цэцэг сумын “Цэцэглэх нэгдэл”-ийн 10 жилийн ойд зориулан гаргасан “Цэцэг нуур” нэртэй бяцхан  номонд хоёр шүлэг нь хэвлэгдсэн байдаг. Нэрт зохиолч Зундуйн Дорж абугай 1973 онд бичсэн “Дархан бэйлийн хөх Аюуш” баримтат тууждаа аавыг минь бичиг номын талаас тун сайхнаар дурссан байдаг юм. 1974 онд Эрдэнэбүрэнд сум-нэгдлийн даргаар очоод хөдөө бригадуудаар явж танилцаад ирсний дараа ааваас “манай нутаг танд ямархан санагдав” гэж асуухад тэр дор нь л “Алаг махан кэвтэй тавтай сайхан нутаг санж” гэсэн гэдэг юм. Үнэхээр Эрдэнэбүрэн нутаг цаст өндөр уулс, өргөн уудам тал хөндий, өвч ногоон их мөрөн гээд л дутуу юмгүй өөх, мах нь алагласан сайхан нутаг шүү дээ. “Манай нутгийн тухай танай аав шиг онож хэлсэн хүн байхгүй” гэж нутгийн нь хүмүүс хэлдэг л юм.

1990 онд аавын маань найз Ховд аймгийн МАН-ын хорооны боловсон хүчнээр олон жил ажилласан Намсрай ах намайг дуудан бид нэг хэсэг их сайхан яриа өрнүүлж билээ. Тэрбээр “аав чинь МАХН-аас хоёр удаа сануулах арга хэмжээ авахуулж байсан. Нэг нь 1965 онд Цэцэг суманд барилдсан тул, нөгөө нь Эрдэнэбүрэн суманд дарга байхдаа сонин хэвлэлд өөрийгөө магтсан учир” гэж билээ. Энэ бахдалтай ч гэмээр ярианы дараа нэлээд сураглаж хөөцөлдсөн. Цэцэг сумаар очиж Дэнзэн лхамхаа, Хашхүү жаажаа, Дамба агаа, сумын заан Нямсүрэн агаа нартай уулзаж байв. Тэднээс олж мэдсэнээр бол аав анхлан Цэцэг сумын МАН-ын үүрийн даргаар очсоны дараагаар  нутгийн залуус “Таныг барилддаг гэсэн. Барилдах уу?” гээд “өдөөд” байхаар Майн нэгний барилдаанд хүч үзээд түрүүлсэн байдаг. Удалгүй “ард түмнийг баясуулан баярлуулах атал намын дарга өөрөө барилдан баярласан” хэмээн сануулж албан тушаал бууруулан, сум- нэгдлийн дарга болгожээ. Тэр үед намын үүрийн дарга нэгдүгээр хүн шүү дээ. Тэгээд л аав минь насаараа л аж ахуйн ажил хийж, хөдөө аж ахуйн нэгдэл удирдсан юм.

Харин өөрийгөө магтсан тухайд Ховд аймгийн “Хөдөлмөр” сонин, ХАА-н Яамны “Шинэ хөдөө” сонинд Эрдэнэбүрэн сум, “Социализм”  нэгдэлд хашаа хороо барих, мал өвөлжүүлэх, төл бойжуулах, хадлан бордоо авах зэрэг ажлуудыг хийж амжуулсан талаар хэд хэдэн удаа мэдээ бичсэн байдаг юм.

Насаараа дарга хийлээ гээд, албаны машин уналаа гээд аавын минь унаган багын зан ааль огтхон ч өөрчлөгдөөгүй, дээр доор гэлтгүй хүн бүхэнтэй адилхан ая тааваар харьцаж, тус дэм хүргэж, тусламж дэмжлэг авсаар явсан ийм сайхан аавтай юм.

Аавын маань амьд сэрүүнд том таван хүүхэд нь жил дараалан шахуу дотоод, гадаадын их сургуулийн уралдаант шалгалтанд тэнцсэн үе л хамгийн бахадсан баярласан үе нь байсныг ээж минь дурсдаг сан. Ямартаа ч аавыгаа бид ганц боловч баярлуулсан юм даа.

1     Миний аав Оръяс Намсрайн Мөнгөнхүү, хурдан цагаан морьтойгоо. 1956 он.

Мөнгөнхүүгийн Ганболд

 

Нийт сэтгэгдэл 1

  • Цэцэгмаа
    3 жил

    Мөнгөн дарга бид нэг голын худ ураг хүмүүс үнэхээр үр хүүхэддээ бүү хэл нутаг усныхандаа заяасан ховор хүн байлаа

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img