МСҮТ-ийн суралцагчдын дэмжлэгт зориулж Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 72 тэрбум төгрөг олгож байсан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн боловсролыг дэмжих зорилгоор МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг олгодог. Тэгвэл "Халамжаас хөдөлмөрт" бодлогын хүрээнд энэ тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, суралцагч төгсөхөд нь ажлын гараагаа эхлүүлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгож олгох болсон тухай салбарын сайд хэллээ. Ингэснээр 16 настай МСҮТ-д элсэн орсон бол төгсөхдөө 5 сая төгрөг, 17 настай элссэн бол 2.5 сая, 18 настай бол 1.5 сая төгрөгийн дэмжлэгийг төгсөхдөө авна гэсэн тооцооллыг урьдчилсан байдлаар гаргасан байна.
Учир нь тэтгэлгийг 200 мянга болгон нэмсний дараа оюутнуудын суралцах хугацаа уртассан. Мөн эхнэр, нөхөр хоёулаа суралцах болсон гэх мэт завхралууд гарсан. Харин хуримтлал хэлбэрээр төгсөхдөө авснаар үсчин, засварчин гэх мэт мэргэжил эзэмшсэн хүүхдүүд ажлын багажаа шууд худалдан авч, гарааны бизнесээ эхлүүлэх боломжтой гэж тооцжээ.
Дашрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 18 нас хүрээгүй 30 мянган хүүхэд суралцаж байна. Тэд сар бүр хүүхдийн мөнгө болох 100 мянган төгрөгөө авна, дотуур байранд үнэ төлбөргүй суудгаас гадна дотуур байрны оюутнуудад сар бүр хоолны мөнгө болох 90 мянган төгрөг олгодог байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0