3 жил
МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр /МОУА/-ын Ажлын албанаас арбитрын талаар ойлголт өгөх, арбитраар маргаан шийдвэрлүүлэх онцлог, давуу талын талаарх сургалтыг зохион байгуулав. Сургалтад арбитрын дарга С.Энхцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, нарийн бичгийн дарга Н.Батдорж болон сонин, цахим сайтын эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчид оролцлоо.
Сургалтаар олон улсын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд маргаан шийдвэрлэхэд өргөнөөр хэрэглэгддэг шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх арга, ажиллагааны нэг төрөл болох арбитрын байгууллагын үйл ажиллагаа, зарчим, шүүхээс ялгагдах давуу талын талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өглөө.
МҮХАҮТ-ын дэргэдэх МОУА нь 1960 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улс байнгын арбитр бөгөөд 21 аймагт салбар арбитртай, Ази Номхон далайн орнуудын арбитрын холбооны гишүүн юм. Арбитрын бүрэлдэхүүнд хууль, эдийн засаг, санхүү, уул уурхайн мэргэжлийн мэргэшсэн дотоодын 72, гадаад /ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, Хонг-Конг, Польш зэрэг/-ын 32, нийт 104 арбитрчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Шүүхэд тусгайлан харьяалуулснаас бусад, арбитрын хэлэлцээрт тусгасан аливаа маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх боломжтой төдийгүй манай улс 1994 онд “Гадаад улсын арбитрын шийдвэрийг биелүүлэх тухай” НҮБ-ын 1958 оны конвенцод нэгдэн орсноор Арбитрын шийдвэр нь зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн бусад улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөх болжээ.
МОУА нь Монгол Улсад арбитрын үйл ажиллагааг сурталчлах, хөгжүүлэх, дэлгэрүүлэх, арбитрын ажиллагааны талаар судалгаа, эрдэм шинжилгээний ажил явуулах, давтан сургах мэргэшүүлэх, дотоод гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа явуулах, гадаад улс оронд төлөөлөх зэрэг бүхий л үйл ажиллагааг явуулж байгаа цорын ганц байнгын арбитр юм.
Эх сурвалж: Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн яам
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0