Ч.Дугаржав: Тэрбум мод тарих зорилт биелэх боломжтой
Хуваалцах:
img

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Нэг тэрбум мод тарьж ургуулах” зорилтыг дэмжиж, Bolor.mn сайт Монголын ойн салбарын тэргүүлэх мэргэжилтэн, судлаачдын үгийг хүргэх тусгай буланг нээлээ.

Булангийнхаа анхны зочноор ойн салбарын тэргүүлэх эрдэмтэн, Монгол Улс, ОХУ-ын ШУА-ийн академич, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор, профессор Ч.Дугаржавыг урив.

- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт дээр та ойчдоос хандивласан 200 мянган модны тарьц, суулгацын дээжийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулсан. Монгол орны ойг насаараа судалж яваа эрдэмтний хувьд та энэ зорилтыг хэрхэн үзэж байгаа вэ?

Ч.Д: Би 1970 онд Санкт- Петербургийн Улсын их сургуулийг Геоботаник, ой судлалын  мэргэжлээр төгссөн хүн. Түүнээс хойш тавь гаруй жил энэ салбарт ажиллахдаа улс даяараа мод тарихаар зориглон хөдөлсөн ийм сайхан цагийг анх удаа үзлээ.

2030 он гэхэд нэг тэрбум мод тарих Ерөнхийлөгчийн санаачилга бол биелэх боломжтой ажил л даа. Гагцхүү энэ зорилтыг цаасан дээр үлдээлгүй, амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд манай төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийнхан, ер нь найман настай хүүхдээс эхлээд ная гаруй настай ахмадаа хүртэл хүн бүхэн оролцож, хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна.

Нөгөөтээгүүр төрийн байгууллагууд энэ том зорилтыг бодлогоор зохицуулж, чиглүүлэх үүрэгтэй. Дээр нь их сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүд, судлаачид бид энэ ажлын шинжлэх ухааны үндсийг сайн тавьж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл модны жижиг үрээс эхлээд  том мод болтол нь ургуулах мэргэжлийн арга зүй, заавар, зөвлөмж, стандартыг боловсруулж өгөх ёстой. Энэ бүхэн дээр Төрийн бус байгууллагууд, ард иргэдийн оролцоог нэмчих юм бол тэрбум мод арван жилийн дотор тарина гэдэг биелэхгүй биш биелэх л зорилт байгаа юм.

- Энэ намрын төгсгөлд үндэсний хөдөлгөөн эхэллээ. Удахгүй өвөл боллоо. Хойтон хавраас өрсөж бид юуг хийж амжуулах ёстой вэ?

- Тэрбум модыг нэг өдөр л ургуулчихгүй. Энэ бол ойрын 10 жилээр тогтохгүй олон жил үргэлжлэх ажил. Энийг амжилттай болгохын тулд:

1. Төр засгийн оновчтой сайн бодлого, үзэл баримтлал хэрэгтэй.

2. Тэр бодлого, үзэл баримтлалыг гардан хэрэгжүүлдэг, Монгол Улсын ойн бодлогыг авч явах агентлаг шаардлагатай. Тэр агентлагийг сая байгуулчихлаа.  Үүнд хувь хүнийхээ хувьд ч, судлаачийнхаа хувьд ч их баяртай байна.

Юутай ч энэ намраас эхлээд тарих модны үр, ургал эрхтэн үрслүүлээд бэлтгэх нь чухал. Одоо үндэсний хэмжээний төлөвлөгөө, бодлогын баримт бичиг, үзэл  баримтлалаа боловсруулах учиртай. 2030 он хүртэл ямар бодлого баримтлах, юу хийхээ тодорхойлж, он оноор нь хуваачихсан, хоёр юм уу гурван шаттай үндэсний хэмжээний стратеги, төлөвлөгөөгөө яаралтай гаргах шаардлага гарлаа.

Энэ төлөвлөгөөг гаргахын тулд одоогийн байгаа нөөц, хүчин чадлаа судалж, анализ хийх хэрэгтэй болно. Тарьц, суулгацыг нийлүүлэх мод үржүүлгийн газрууд нь байна уу, тарих үр хэдий хэмжээтэй байна, энэ ажлыг хийх боловсон хүчин хэд байна гэдгийг тооцсоны үндсэн дээр төлөвлөгөө гарна даа. Үр, үрсэлгээ, ургал эрхтнээ үе шаттайгаар бэлтгэх,  он, оноор тарьц, суулгацаа ургуулах,  ургуулсан модоо аваачиж жил, жилээр тарина гээд нэг бүрчлэн нарийвчлан зааж өгөх ёстой юм.

1

Тэгээд энэ ажлыг гүйцэтгэх, чиглүүлэх ойн мэргэжилтэн, ажилтныг бэлтгэхэд их дээд сургуулиуд, МСҮТ-үүд анхаарч, элсэлтээ төлөвлөгөөтэйгээр нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Жинхэнэ ажил одоо л эхэлж байна.

- Цөлжилтийг сааруулах, бүс нутаг даяар түйвээдэг шороон шуургатай тэмцэхэд энэ хөдөлгөөний гол зорилго чиглэж байгаа. Тэрбум модоо бид хаана тарих вэ?

- Миний төсөөлж байгаагаар үндсэндээ Монгол орны түймэрт шатсан, мод огтолсон, хортон шавжад өртсөн, ойгүй болсон талбайнуудаа эхний ээлжинд ойжуулна.

Нөгөөтээгүүр тал хээр, говийн бүс  нутгийн цөлжилт явагдаж байгаа газар мод тарьж ургуулна. Түүний зэрэгцээ агро аж ахуйн чиглэлээр тарина аа. Агро аж ахуй гэж дэлхий дээр шинэ чиглэл гараад байгаа юм.  Төрөл бүрийн хамгаалалтын зориулалтаар, тухайлбал  малын бэлчээр, доройтсон бэлчээрийг хамгаалахын тулд мод тарина.

Үүний тулд нэгдүгээрт тариалангийн талбайг хамгаалах зурваст мод тарина. Нөгөө хэсэг нь  төмөр зам, авто замын дагуу тарина. Гагцхүү мэргэжлийн арга зүй, зөвлөмжийн дагуу тарьж, арчилж тордох шаардлагатай.

-Энэ бүх ажлын эцсийн үр дүнг 2030 онд дүгнэхэд Монгол орны ойн талбай ямар байхаар төсөөлж байна?

- Бидний тооцоогоор Монгол орны ойрхог байдлыг 9 хувьд хүргэхийг зорьж байна.

- Тэрбум мод хангалттай юу?

- Нийслэлээс эхлээд Монгол Улсын 21 аймаг, 340 сумын төв болон мод огтолсон, түймэрт шатсан талбай төрөл бүрийн хамгаалалтын талбайд мод тарих болно. Энд тэрбум мод хаанаа ч хүрэхгүй. Бидний бодит тооцоогоор наад зах нь 2 тэрбум мод хэрэгтэй. Тэгэхээр ийм том эрэлт хэрэгцээ байна, гагцхүү сайн зохион байгуулалттай, оновчтой зөв тактиктай эхлэх нь дараагийн ажлыг хийхэд чухал байна.

- Малын бэлчээр, тариалангийн талбайг хамгаалж мод тарина гэдэг ойлгомжтой. Төмөр зам дагуу мод тарихын цаана ямар учир байна?

-  Энэ саналыг төмөр замчид тавиад байгаа юм. Ялангуяа хаврын их салхи шуургатай үед говь, тал хээрийн бүсэд угалз болж, төмөр замыг элсээр дардаг. Тэр үед галт тэрэгний хөдөлгөөн саатаж, асар их зардал гаргаж, цэвэрлэдэг юм байна. Жил бүр давтагддаг үзэгдэл. Сая шинээр тавигдсан төмөр зам дээр хүртэл вагон яваагүй байхад зам нь элсэнд дарагдсан тухай ярьж байна. Элсийг тогтоон барьж, элсний нүүдлээс хамгаалдаг гол зүйл бол мод, сөөг, ургамал тарих л байгаа. Авто зам ч бас ялгаагүй.

Нөгөөтээгүүр төмөр замчдад нэг давуу тал бий. Төмөр замаа дагуулаад олон худаг гаргасан байдаг. Тийм учраас тарьсан мод, бут, сөөгөнд усалгаа хийх боломжтой. Дээр нь төмөр зам руу мал оруулахаас сэргийлсэн хашлагатай байдаг. Тэгэхээр модоо хамгаалах хашаатай гэсэн үг шүү дээ.

- Ингэхэд таны судалгааны ажлын сэдэв юу билээ?

- Би магистрын дипломынхоо ажлыг Украйны зүүн зах, Харьковын ойролцоох царсан ойн хэв шинж, байгалийн нөхөн ургалтаар бичсэн хүн. Царсан ой манайд байдаггүй юм. Би ШУА-ийн нэр дээр сургуульд явсан болохоор их сургуулиа төгсөөд Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд ажилд орсон. 1970 оноос Монгол-Оросын хамтарсан биологийн экспедиц Монгол оронд ажиллаж эхэлсэн юм. Тэр экспедицийн бүрэлдэхүүнд орж, Оросын том, том эрдэмтдийг дагаж, эх орныхоо ойг 50 гаруй жил судалж явна даа.

1980 онд “Хангайн нурууны шинэсэн ойн байгалийн нөхөн ургалт” гэдэг сэдвээр дэд эрдэмтний зэрэг, одоогийнхоор боловсролын докторын зэрэг хамгаалсан.

1990- 1996 онд ОХУ-ын ШУА-ийн Ойн хүрээлэнгийн докторантурт сурч, “Монгол орны шинэсэн ой” гэсэн сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Ерөнхийдээ Монгол орны шинэсэн ойн гарал үүсэл, тархац, одоогийн нөхцөл, байгалийн нөхөн ургалтыг судалсан юм. Одоо ч энэ чиглэлээрээ судалгаа шинжилгээний ажил хийж байна. Дээрээс нь нэмээд ой модгүй, хуурай хээрийн бүсэд ой үржүүлэх туршилт хийж, судалгаа явуулж байна. Эхний үр дүн ч гарч байна. Сайн ургаж байгаа.

2

- Яагаад чухам шинэсэн ойг сонгон судалсныг сонирхож болох уу?

- Манай  орны гол зонхилох мод бол шинэс л дээ. Талбайн хэмжээ,  тархац, нөөцөөрөө Монголдоо нэгдүгээрт ордог мод. Шилмүүст ойн 72 хувийг шинэсэн ой бүрдүүлдэг.

Манай Монгол орны шинэсэн ой  дундажаар 350- 450 жилийн настай, бүр 500 гаруй настай мод ч байна. Доктор Н. Баатарбилэг багш Хархираа,Түргэний уулнаас 700 гаруй настай шинэс мод олсон байдаг юм.  Үр нь байгальдаа тарж, унаад л, байгалиасаа ургаад л, залуу ойгоосоо эхлээд хөгшин ойгоо хүртэл өөрөө нөхөн төлжөөд ургаад байдаг онцлогтой. Нөхөн төлждөг байгалийн баялаг л даа.

Бидний судалгаагаар Монголын ойн нөхөн төлжилт байршлаасаа хамаарч, өөр өөр байгаа нь харагдсан. Шинжлэх ухааны хэллэгээр бол манай ой  уулын бэлээс орой хүртлээ өндрийн хэд хэдэн  бүслүүр ургадаг. Бэлээр нь нэг өөр, дунд хэсгээр нь арай өөр, оройн хэсгээр ахиад өөр төрлийн ойн хэв шинж бүслүүр үүсгэдэг юм. Бүслүүр үүсгэх  болгондоо байгалийн аясаараа ургах нөхөн ургалтын явц нь өөр, өөр байдаг.

Ховдын Мөст сум зэрэг газар байгаа Монгол Алтайн нурууны ойн дээд зах далайн түвшнээс 2200- 2400 метр өндөрт оршдог, тэрнээс дээшээгээ болохоор өсвөр мод ургаж чадахгүй. Мөнх цэвдэг цастай, нүцгэн оройтой уулууд болоод хувирчихдаг.

Уулын орой дэд тагийн хэсгийн моднууд хамгийн удаан нөхөн төлждөг юм.  Нэг га-д байх модны тоо, нэг га-д тоологдох өсвөр мод  цөөхөн. Тэр нь экологийн нөхцөл, бичил цаг уураасаа л шалтгаалж байгаа юм. Гэтэл уулынхаа дунд хэсгээр байдаг тайгархаг ой байгалийн аясаар сайн ургаж байгаа. Миний судалгаагаар түрүүний ярьсан уулын оройд ургадаг “тагийн ой”-н нэг га-д өсвөр мод тоолоход ерөөсөө тавин ширхэг, хамгийн дээд тал нь хоёр зуун ширхгээс илүү тааралддаггүй бол тайгын бүслүүр, тайгархаг ойн нэг га-д 3500- 6000 ширхэг хүртэл өсвөр мод тоологддог.

Ойт хээр газар өсвөр мод тайгынхаас арай цөөн, гэхдээ ургана аа, харин хээртэй хил залгаа газруудад ойн зах их тэлж байгаа. Хээр рүүгээ түрж ургаад байгаа нь Хангайн нуруунд нэлээн их тааралддаг. Хөвсгөлийн зарим газар байдаг. Булган, Сэлэнгэ аймаг, Хэнтийн зүүн хэсэг,  Хэрлэн голын эх, Төв аймгийн Мөнгөнморьтын нутагт хээр рүү түрж ургасан залуу ойнууд байна. Зүүн тийшээгээ Дорнод, Хэнтий аймгийн сумдаар тэлж ургасан мод зөндөө байгаа. Гэтэл яг энэ дурдсан газрууд малын гол бэлчээр байдаг, отрын бүс нутаг болдог нь ойн ургалтад саадтай байна. Учир нь мал бэлчихдээ нөгөө цухуйсан өсвөр модыг, өвстэй хамт идчихдэг. Тэгээд тэлэх явцад саад учруулдаг,  устгадаг. Нэг үгээр хэлбэл ойн нөхөн төлжилтийн байгалийн зүй тогтол ийм юм.

- Монгол орны 330 суманд мод тарина гэж ярьж байна. Огт мод ургах боломжгүй, байгаль экологийн нөхцөл хэт өндөр, уулын бүсэд байдаг сумууд яах бол?

- Бүс нутаг бүрд мод тарихын тулд тохирсон арга хэрэгтэй. Хаана ямар модыг тарих вэ гэдэг нь судалгаагаар тогтоогдсон зүйл. Түүн дээр үндэслэн, тарих гэж байгаа хүмүүст нь ийм мод энэ энэ газар таривал хамгийн бололцоотой ургана шүү гэдгийг хэлж, зааж өгөх нь мэргэжилтэн бидний үүрэг л дээ. Нөгөө шинжлэх ухааны үндэслэлтэй ойжуулна гэдгийн нэг жишээ тэр юм. Говийн нөхцөлд бас өөр болно. Говьд, говийнх нь модыг ургуулахгүйгээр Улаанбаатараас нарс модны 2, 3 настай суулгац  аваачаад таривал ургахгүй шүү дээ. Тиймээс нутаг, нутгийн онцлогт тохирсон мод тарих, ургуулах, арчлах заавар, зөвлөмжийг сайн гаргаж өгье гэж судлаачид бид ярьцгааж байгаа.

- Таныг Шилийн Богдын хавьд ой тарьсан гэж сонссон. Энэ талаараа тодруулахгүй юу?

- Түрүүн миний хэлсэн туршилт, судалгааны нэг нь энэ л дээ. Шилийн Богд ууланд улсаас мөнгө, санхүүжилт  аваагүй, цэвэр өөрсдийн санаачилгаар, хувийнхаа зардлаар, гэр бүлээрээ хийсэн ажил.

2001 оноос эхлээд нутагтаа амралтаараа очих бүрдээ мянгаас мянга таван зуун суулгац аваачиж тарьсаар 20 жил өнгөрч байна. Тэнд хуучин уламжлалт мод тарих аргаас өөр, орчин үеийн хэллэгээр шинэ инновац, шинэ технологи боловсруулж байгаа юм.

Дорнод Монголын тал хээрийн бүсэд зөв технологийг боловсруулбал усалгаа, арчилгаа хийхгүйгээр ой мод өөрийнхөө байгалийнхаа аясаар ургаж чадна гэдгийг туршсан. Болдог л юм байна. 2001 онд аваачиж тарьсан 15- 20 см хар моднууд өнөөдөр хамгийн дээд тал нь 7 м өндөр болж ойн төгөл үүсчихээд байна.

- Та ямар арчлалт хийсэн бэ?

- Анхнаасаа том мод аваачиж тарилгүй, жижиг 15-20 см өндөртэй, хоёроос гурван настай шинэсний тарьцуудаар ойжуулсан юм. Өөр том мод аваачиж тариагүй, уулнаас шилжүүлж суулгаагүй.  Шинэ технологийн дагуу тариад, ямар ч усалгаа, арчлалт хийлгүй, байгалийнх нь аясаар ургуулсан. Усалгаа хийх бололцоо ч байхгүй. Жижиг горхи, нуур цөөрөм байхгүй газар. Хамгийн ойрын суурин Дарьганга сумын төв гэхэд л 75 км зайтай.

- Тэгвэл яаж ингэж сайхан ургав?

- Хилийн зурвасаас тав зургаахан км зайтай  хориотой бүс болохоор мал бэлчдэггүй, хүн амьдардаггүй. Энэ л хамгийн чухал нөхцөл болсон байх. Анх 2001 онд бид очихдоо ХХЕГ-аас зөвшөөрөл авч нэвтрэн, модоо тарьж байсан юм. Гэтэл одоо аялал жуулчлал гээд бүгдийг задгай болгоод, хүмүүс хамаагүй зорчоод замбараагаа алдлаа л даа.

- Шинэ ойдоо та ямар мод тарьсан бэ?

- Би Монгол орныхоо моддыг л тарьсан.  Мод үржүүлгийн газар үрээр ургуулсан, бортоготой, бортогогүй 15- 20 см модыг тарьсан. Шинэс дийлэнх нь. Бас нарс, гацуур, цагаан хус, хайлаас байгаа. Мөн хэд хэдэн зүйл жимсгэний сөөг тарьсан.

Надад хүмүүс “Танд гацуур бэлэглэе, ав” гэж  байсан. Очоод үзсэн манай Монголынх биш, гаднаас авчирсан гацуур байсан. Би тэрийг аваагүй.

- Гадаадаас мод оруулж ирж тарихыг та юу гэж боддог вэ?

- Харь зүйлийг судалгаа, шинжилгээний үндэсгүйгээр хамаагүй тарьж болохгүй ээ. Гадаадаас мод авчирсан ч гэсэн заавал Хорио цээрийн албаар дамжуулж, энэ мод ургах ургахгүй, дасах дасахгүйг нь эс гэхэд дор хаяад энэ модтой цуг ямар шавж, юуны өндөг байна гэдгийг шинжилдэг, тодорхой хугацаанд байлгаж хянадаг, ариутгал хийгээд оруулдаг байх ёстой. Гэтэл 1990-ээд оноос хойш хувь хүмүүс ямар ч хяналтгүйгээр урд хөршөөс мод олноор оруулж байна. Тэрийг хянадаг ч хүн гэж алга. Гэтэл ийм харь зүйл олон мянган жил эндээ ургаж дассан унаган ургамлуудад хөнөөлтэй. Тэр нь ганц хоёр жилд харагдахгүй, олон арван жилийн дараа л мэдэгддэг.

3

- Цаг уурын дулаарал Монголын ойн өсөлт, хөгжилд яаж нөлөөлөх бол? Та судлаач хүний хувьд юу гэж харж байгаа вэ?

- Янз янзаар л нөлөөлнө. Монголын ойн талбайн урд захаар бол ерөнхийдөө сөрөг нөлөөтэй байгаа. Хур тунадас багатай байна, моднууд их хатаж байна, гэтэл ойн гүн рүүгээ, мөнх цэвдэгтэй газар руугаа дулаараад эхлэхээр мөнх цэвдэг хайлж эхэлж байгаа юм, түүнийг дагаад уулынхаа доод бэл рүү хайлж урсаад, чийг их нэмэгдэнэ. Тэгэхээр тэнд үр нь соёолоод, залуу моднууд ургах хандлага ажиглагдаж байгаа. Гэхдээ цаад утгаар нь үзвэл мөнх цэвдэг аажмаар гэсэж, гол горхийг тэжээж байгаа ч гэнэт  дулаараад их хэмжээгээр хайлаад эхлэхээр хэдэн жил гайгүй ургаж байгаад дараа нь бүр сөрөг нөлөөнд орно л доо. Мөнх цэвдэг хайлаад түвшин нь доошилно, олон жил давтагдаад ирэхээр бүр хуурайшаад ирнэ. Тэгэхээр дэлхийн дулаарал алс хэтдээ сөрөг нөлөөлөл үзүүлнэ.

- “Тэрбум мод” тарих хөдөлгөөн эхэллээ. Та улам завгүй болох нь дээ...

- Ойн асуудал, ойн мэргэжил үнэд орж байгааг харахад үнэхээр баяртай байна. Тавь гаруй жил сурсан мэдсэн бүхнээ олон түмэнтэйгээ хуваалцахын төлөө зүтгэнэ дээ. Энэ бол зөвхөн Монголынхоо төлөө биш дэлхийн ирээдүйн төлөө хийж байгаа ариун үйлс.  

4

8

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт сэтгэгдэл 1

  • Зочин
    3 жил

    Дугаржав гуай ёсой мундаг хүн. Төр энэ хүний үгийг сайн сонсож ажилдаа хэрэгжүүлээрэй. Сайхан ярилцлага болжээ. Баярлалаа

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img