"Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа" ТББ-аас сүүлийн 100 жилд Монголын хөгжилд гарамгай гавьяа байгуулсан 100 эмэгтэйг алдаршуулан сурталчлах "Зууны 100 эмэгтэй" хоёр боть номыг гаргасан юм. Бид энэхүү номонд орсон Монголын сайхан ээжүүдийг танилцуулж байна.
Монголд шувууны аж ахуйг хөгжүүлж, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой гавьяа байгуулсан, Монголын анхны шувуучин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Далхын ДЭНСМАА
Шувуу фабрикийн шувуучин
Социалист Монгол улс 1960-аад оноос хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж эхэллээ. Жилээс жилд нэмэгдэж буй хүн амынхаа хэрэгцээг хангах, мах, хүнсний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд гахай, тахиа, зөгий гэх мэт туслах аж ахуйг хөгжүүлэх зорилт тавив. Тиймээс нийслэлийн Сонгинохайрхан уулын баруун урд, Туул голын эрэгт БНХАУ-ын зээл, тусламжаар Шувуу фабрик байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Төд удалгүй Бөхөгийн хөндийд их бүтээн байгуулалт өрнөж, ажилчдын орон сууц, дэлгүүр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, уурын зуух, соёлын ордон... гээд хүн амьдрах нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн бяцхан тосгон босчээ. Тэнд ажиллах мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургаж бэлтгэв.
1964 оны арваннэгдүгээр сард Монголын тал Шувуу фабрикийг ёслол төгөлдөр хүлээн авчээ. Үйлдвэр Өндөг даруулах (Инкубатор) бригад; Дэгдээхэй бойжуулах цех; Үржил, өсвөр шувууны бригад; Торон хайсны өндөглөгчийн цех гэсэн дөрвөн цехтэй үндсэн ажил эхэлсэн байна. Үйлдвэрийн дэргэд Бүтээгдэхүүн борлуулах бригад, Зоо мал эмнэлгийн тасаг, Тэжээлийн цех, Зуухан цех, Засварын цех, автограш, Сантехникийн болон Антибиотикийн цех ажиллана.
Шувуу фабрик үүдээ нээсэн эхний жилүүдэд 30 мянган толгой өндөглөгчтэй, 6-7 сая ширхэг өндөг, 60-70 тн мах үйлдвэрлэж, 3 сая төгрөгийн борлуулалт хийдэг байжээ. 1973- 1985 оны хооронд ЗХУ-ын инженер мэргэжилтнүүдийн тусламжаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг шат дараалан нэмсэн байна. 1990 онд уг үйлдвэр хөгжлийн оргил үедээ хүрч, жилд 36 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, 270 тн мах улсад тушааж байв.
Шувуу фабрикийн шувуучид Хятад, Орос, Герман, Куба, Чех улсын мэргэжилтнүүдээс суралцаж, манай улсад хөдөө аж ахуйн чиглэлээр сурч байсан Лаос, Вьетнам зэрэг улсын оюутнуудад өөрсдийн туршлагаас зааж, сургадаг байлаа.
Амжилт бүтээлээрээ улсдаа хошуучилж, МАХН, МҮЭ, МХЗЭ, Засгийн газрын шагналаар шагнуулж явсан энэ эвсэг, хөдөлмөрч хамт олны дундаас олон алдартан төрсөн. Тэдний хамгийн дээр Монгол даяар “шувууны Дэнсмаа” хэмээн алдаршсан БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Далхын Дэнсмаагийн нэр бичигддэг.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1981 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 232 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн өндөр нуруутай, дуу цөөтэй, цэмцгэр, даруухан энэ эмэгтэй Монголын анхны мэргэжлийн шувуучдын нэг бөгөөд 1979 оноос эхлэн Шувуу фабрикийн үе үеийн ажилтнуудад туршлагаа өвлүүлэн сургаж, 40 гаруй залуу шувуучинг халамжлан хүмүүжүүлсэн нэгэн билээ.
1980-аад онд орон нутагт шувууны аж ахуйг хөгжүүлэх кампанит ажил өрнүүлэхэд Д.Дэнсмаа баатар одоогийн 120 дугаар цэргийн ангийн урд орших Цагаантолгойн бэлд “Нутгийн шувууны туслах аж ахуйг хөгжүүлэх” даалгавар авч, технологич Лхагвасүрэн, үржлийн технологич Долгорсүрэн, малын эмч Дашзэвэг, техникч, өөрийн нөхөр П.Төмөрийн хамт тавуулаа томилогдон ажиллажээ. Шувуу фабрикийнхан хөдөөгүүр их явдаг, шувууны аж ахуй эрхэлж байгаа байгууллага, сумдад тоног төхөөрөмжийг нь бэлдэж өгч, тэнд ажиллах боловсон хүчнийг нь дадлагажуулж, өндөглөгчийн дэгдээхэйгээр хангадаг байв. Энэ ажилд Дорнод аймаг цөм төв нь болж байсан гэдэг.
Өнөөдөр баатрын хоёр охин ээжийнхээ үйлсийг үргэлжлүүлж, 95 настай ахмад шувуучин тэдэндээ зөвлөсөөр явна.
Дэгдээхэйний зуны зуслан
Д.Дэнсмаа баатар Дэгдээхэй бойжуулах цехэд ажилладаг байжээ. Тэнд Өндөг даруулах цехээс хүлээн авсан 1 хоногийн настай охин дэгдээхэйг 90 хоног бойжуулна. Авахад дундажаар 36 гр жин татах туниа муутай дэгдээхэйнүүд төдхөнөө л өрөвгөр шар сэвлэгээ хийсгэж, шулганалдан хөөцөлдсөн дүрсгүй амьтад болон хувираад, өндөглөх чадвартай болоод ирэхийн цагт Өсвөр шувууны бригадад шилжүүлнэ. Тэр болтол мөн ч их ажилтай.
Д.Дэнсмаа баатар үүрийн 4 цагт ажилдаа явж, оройн 9, 10 цаг хүртэл ажилладаг байжээ. “Ухаан орохын манай ээж өглөө намайг сэрэхэд байдаггүй байлаа. Үдийн цайгаараа ч ирэхгүй. Дэгдээхэйний хорогдол гарвал ээж ажил дээрээ хонож ажиллана. Ажлаасаа тараад ирж, хувцсаа сольчихоод Сонин уншлага, ҮЭ, Намын хурал гээд яваад өгнө. Миний санахад Даваа, Лхагва, Пүрэв, Баасан гарагт тогтмол хуралтай, Бямба гарагт Өглөөний сонсголтой. Манай ээж ажлын төлөө төрсөн юм шиг хүн байсан” гэж охин Т.Гүндэгмаа нь дурссан.
Дэгдээхэйг 30-31 хэмийн дулаан, хуурай, цэвэрхэн, агаар сэлгэлт сайтай байранд нарийн технологийг чанд мөрдөж бойжуулна. Хэр бойжих нь инкубаторт яаж байснаас их хамаарна. Өндөг байхад нь инкубаторт горим алдахгүй бойжуулсан дэгдээхэйн өсөлт хурдан, жин их байдаг. Харин тэнд горим алдагдвал жин багатай, амьдрах чадвар муутай дэгдээхэйнүүд гарч ирдэг. Тиймээс Д.Дэнсмаа баатар хүлээн авсан дэгдээхэйгээ эхний 7 хоногтоо сул дорой, цовоо сэргэлэн, товир, давжаагаар нь ангилан ялгаж, туниа муутай, давжаа жижиг дэгдээхэйг онцгой анхааран, тусад нь арчилдаг, бусдыг нь бага багаар тасалдуулалгүй хооллох замаар торниулан өсгөдөг онцлог аргатай байлаа.
Тэр талаараа өөрөө дурсахдаа “ Би их эртэч хүн. Дээр нь шинэ дэгдээхэй хүлээн авсан эхний 1-20 хоногтойдоо маш их ажиллагаатай. Шараа татаагүй, цүндгэр муу өрвөгөр дэгдээхэйнүүдээ нэг бүрчлэн ялгаж, тусгаарлах ажил ихтэй тул энэ хугацаанд үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол борви бохисхийхгүй ажилладаг байв. Дэгдээхэй бойжуулах ажлын гол үе нь л эхний 20 хоног. Энэ үед шувуучин хүн орой босох эрхгүй. Бүр үдийн цайндаа явахгүй байх үе олон. Тиймээс миний хань үдийн цайг минь ажил дээр авчирч өгдөг байлаа. Тэр үед хурал цуглаан ч их, сонин уншлага ч тасрахгүй. Гэртээ байх хугацаа маш богино байж дээ” хэмээн өгүүлсэн юм.
Ийм чимхлүүр нямбай ажиллагааны үр дүнд шувуучин Д.Дэнсмаа хариуцаж авсан дэгдээхэйнийхээ амьдын жинг 90 хувиас дээш бариулж, 95 хувиас дээш хувь бүрэн бойжуулдаг байжээ. Хэрвээ нэг хорогдол гарвал нялх амьтад эмзэг, нэгнээ дагаад үхчих гээд байдаг тул хонож ажиллахаас ч аргагүй байж. Ер нь сэтгэл муутай, зөвхөн цалин бодож ажилладаг шувуучны дэгдээхэй сайн торнидоггүй, жин нэмдэггүй гэсэн. Тэгэхээр ярихаасаа хийхийг эрхэмлэдэг ажилсаг, шургуу Д.Дэнсмаагийн сайхан сэтгэл, чин зүрхний энэрлийг өрвөгөр бяцхан дэгдээхэйнүүд нь мэдэрдэг болохоороо л эзэндээ урам нэмж, өсдөг байсан болов уу.
Баатрын хүүхдүүд багадаа хагас, бүтэн сайн өдөр ээжийнхээ ажил дээр очиж тусалдаг байжээ. Дэгдээхэйнүүдийн усыг өгч, хоолны идүүрийг нь цэвэрлэнэ. Зундаа, зургаадугаар сараас наймдугаар сарын хооронд дэгдээхэйнүүд зусланд гарна. Дэгдээхэй ч гэж дээ, анх ирснээ бодоход зөндөө томорч, өндөглөхөд бэлэн болсон тахианууд Дэгдээхэй бойжуулах байрнаас Үржил, өсвөр шувууны тасаг руу шилжихийн өмнө хөдөө гарч, жижигхэн, жижигхэн шовгор байшин дотор амьдарна. Энгийн үед тэд шаагилдаж шуугилдаж, хоолоо идчихээд, аягүй тайван алхацгааж, хэд гурваараа нийлээд, ийшээ тийшээ зугаалж гүйлдэнэ. Харин элээ эргэлдвэл... бүгд хөл толгойгоо алдан бужигнаж, байр байр руугаа гялалзтал гүйцгээнэ. Тэр нь хүүхдүүдэд нэн зугаатай тул Янжмаа, Гүндэгмаа, Ламчин гурав авга дүү нартайгаа “элээ ирээсэй” гэж хүлээдэг байсан гэсэн.
Тэр үед Шувуу фабрик шувууныхаа тэжээлийг өөрсдөө найруулдаг, дотоодынхоо зах зээлээс бүх түүхий эдээ авдаг байж. Хөвсгөлийн цагаан загасны яс, шохой, дун, аймгуудын сүүний үйлдвэрт хийдэг ээдэмцэрийг Хөвсгөлд үйлдвэрлэдэг загасны тосонд найруулж, тэжээл хийнэ. Шувуучин бүсгүйчүүд байрны гадаа тавьсан 50 кг-ийн шуудайтай тэжээлийг хотосхийлгүй үүрч зөөн, шувуудаа хооллоно.
Алдрын замнал
Ажилдаа чин зүтгэлтэй шувуучин Д.Дэнсмаа V таван жилд төлөвлөгөөнөөсөө илүү 5000 дэгдээхэй бойжуулж, 7104 кг мах давуулан тушааж, улсад 39,2 мянган төгрөгийн цэвэр ашиг оруулжээ. VI таван жилийн төлөвлөгөөгөө 114429 толгой дэгдээхэй нэг бүрийн амьдын жинг 532,9 гр-д давуулан хүргэж, зөвхөн жингийн нэмэгдлээс 11,4 тн мах буюу тухайн үеийн ханшаар 82,4 мянган төгрөгийн цэвэр ашгийг үйлдвэрт оруулсан байна. Хэр ашигтай ажилласныг нь багцаалъя гэвэл эдгээр дүнг 5000- 10000 дахин үржүүлж гэмээнэ нь одоогийн ханшаар буух байх. Тийм ч учраас Шувуу фабрикийн шувуучин Д.Дэнсмаагийн нэр улс даяар цуурайтаж эхэлжээ.
Шувуу фабрикийн 7 удаагийн Хөдөлмөрийн аварга, V, VI, VII таван жилийн гавшгайч Д.Дэнсмааг 1971 онд “Ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль”, Сүхбаатарын одонгоор шагнав.
1976 онд V таван жилийн төлөвлөгөө болон социалист уралдааны үүргийг биелүүлэхэд амжилт гаргасны учир Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэв.
1977 онд “Улсын аварга малчин” цол тэмдэг авчээ. Улсын аварга малчныг угалз хээ чимэгтэй, иж бүрэн тавилгатай, Уянгын гэрээр шагнадаг байлаа. Үүдэндээ “Улсын аварга малчин” гэсэн пайзтай, улаан эрээн тавилгатай эрээн цоохор гэрийн тухай сайхан дурсамж баатрын хүүхдүүдэд одоо хүртэл бий.
1981 онд “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэнээс хойш Шувуу фабрикийн шувуучин Д.Дэнсмаа, Зүүнхараагийн Сангийн аж ахуйн гахайчин Н.Дэнсмаа нарын нэр бага ангийн “Цагаан толгой”-н сурах бичигт орсон билээ.
1979 оноос хойш Д.Дэнсмаа зөвлөх шувуучнаар ажилласан. Монголд анх удаа “Шувуучин” мэргэжил эзэмших сургалтад сууж, хятадын мэргэжилтнүүдийг дагалдан ажил үйлсийн гараагаа эхлүүлсэн анхны 15 дэгдээхэй бойжуулагчийн нэг ийнхүү хойч үедээ мэдсэн, сурснаа өвлүүлэх боллоо. Тэрбээр Нэргүй, Удвал, Хишигбуян нарын зүтгэлтэй залуу шувуучдыг халамжлан, ажил мэргэжилдээ дадлагажуулан сургасан юм. Шувуу фабрикийн захиргаа түүний арга, туршлагыг залуу ажилчдадаа үлгэр дуурайл болгох зорилгоор уралдаан зарлаж, түрүүлсэн хүнд Фабрикийн аварга шувуучин Гармаа, Дэнсмаа нарын нэрэмжит шагнал олгож байсан баримт бий.
Хамт олондоо хөдөлмөр, зүтгэлээрээ үнэлэгдэж, тодорсон шувуучин Д.Дэнсмаа тэр цагийн жишгээр үндсэн ажлаасаа гадна төр, нийгмийн ажилд идэвхийлэн оролцох болов. МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцлоо. Улаанбаатар хотын МАХН-ын хорооны гишүүнээр 2 удаа, Улаанбаатар хотын депутатаар 5 удаа сонгогдож, төр барилцжээ. Иргэдээ төлөөлөн төрд ажиллах үед нь Д.Дэнсмаа баатрын гэрийн хаалга үргэлж тогшоостой, хүний хөл тасардаггүй байсан гэдэг. Шагналд тодорхойлох, шүүхэд өргөдөл гаргах, дээд байгууллагаас тусламж дэмжлэг хүсэх, санал хүсэлт илгээх... бүхий л зүйлд депутатын хувьд оролцдог, тодорхойлолт бичдэг, өргөдөлд нь цохдог байж. Иргэдийн санал, гомдлыг шийдвэрлүүлэхийн төлөө чадахаараа л зүтгэнэ. Хажуугаар нь хүүхэд, залуучуудтай уулзалт хийнэ. Ер амсхийх завгүй ажиллаж байлаа. Энэ үед түүнд хань П.Төмөр нь тусалж, төрийн ажилд нь дэмнэдэг байжээ. П.Төмөр гуай эхнэрт нь хандсан хүмүүст өргөдөл, тодорхойлолт бичиж өгнө. Шувуу фабрикийн цахилгаанчин П.Төмөр, шувуучин Д.Дэнсмаа хоёр олон хүнд тусалсан. Наанаа эхнэр нь харагддаг ч цаана нь нөхрийнх нь нөр их дэмжлэг байлаа. Хөдөлмөрийн баатар Д.Дэнсмаагийн бүтээсэн их үйлс, шуугиулсан амжилтын тал нь түүний нөхөр П.Төмөрт ногдоно.
Сайн ханийн түшиг
1930-аад оны хэлмэгдүүлэлтэд аавыгаа алдсан Д.Дэнсмаа 1954 онд Улаанбаатар хотод иржээ. Арван долоон настай охин “Алтай” зочид буудалд үйлчлэгчээр орсноор ажил, амьдралын замаа эхэлсэн билээ. Дараа нь Сонгинын амралтад үйлчлэгчээр ажиллахдаа насны хань П.Төмөртэйгээ танилцаж, ханилжээ. Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн П.Төмөр Байтаг Богдын тулалдаанд оролцож явсан дайчин эр. Ардын цэргээс халагдсаны дараа Замын-Үүд, Сайншандад клубын эрхлэгч, найруулагч, кино механикч хийж байсан, хөгжимдөх, дуулах, жүжиглэх гээд олон талын авьяастай нэгэн байв. Тэрбээр Шувуу фабрик байгуулагдахад Засварын цех, автограашид цахилгаан, техникчээр оржээ. Тэнд ажиллаж байхдаа хөдөлмөр бүтээлээрээ тэргүүлж, үйлдвэрлэлд ашигтай шинэ санал, санаачилга зохион бүтээж, шагнуулж байсан баримт бий. Ирээдүйд ажил хөдөлмөрөөрөө манлайлах боломжтой байсан тэр эр эхнэрийнхээ бат ар тал болж, халамжтай хань, сайн эцэг байх сонголтыг хийсэн байна.
П.Төмөр өглөө сэрээд ээжийгээ үгүйлэх охидынхоо үсийг самнаж, өдөр ирэх завгүй эхнэртээ хоол, цайг нь зөөж, үхэр малаа янзалж, орой хаалга тогшсон нэгэнд өргөдөл, гомдлыг нь бичиж, нэгэн насаараа гэр бүл, ханийнхаа төлөө зүтгэсэн сайхан монгол эр.
Тэд таван хүүхэдтэй. Ууган хүү Т.Гонгорсүрэн хилийн цэргийн хурандаа. Удаах хүү Т.Ширэндэв нь зураач байжээ. Том охин Т.Янжмаа, бага охин Т.Гүндэгмаа хоёр нь одоо шувуу үржүүлгийн “Баянууд” компанийг эрхэлдэг. Отгон хүү Т.Ламчин хувиараа ногоо тарьдаг. Бүгд л эцэг, эхийнхээ үлгэр дуурайлаар эх орондоо хайртай, ажил хөдөлмөрийг шүтдэг хүмүүс болон төлөвшжээ.
П.Төмөрийнх хувьдаа үхэр малтай айл байжээ. Ажлын зав чөлөөгөөрөө эсвэл амралтаа аваад хүүхдүүдээ дагуулаад хадланд явна. Хадсан өвсөө хашаандаа авчирч буулгаад, дэлгэж хатаадаг. Д.Дэнсмаа гуай өглөө эртээ босоод чийгтэй өвсийг дэлгээд ажилдаа явна. Үдийнхээ цайгаар ирэхдээ хашаа дүүрэн дэлгэсэн өвсөө эргүүлчихнэ. Орой ажлаасаа тарж ирээд хатаасан өвсөө буцааж хураадаг байжээ. Түүнийг хараад “Миний ээж ямар ажилсаг, ямар ч ажлыг амжуулж чаддаг их сийрэг ухаантай, гялалзуур хүн юм даа” гэж боддог байсан тухайгаа охин Т.Гүндэгмаа нь дурссан.
Шувуучин баатар Д.Дэнсмаа Архангай аймгийн Тариат сумын нутаг Баян-Улаан гэдэг газар төрсөн. Эхээс гурвуул. Эгч Д.Дотгом нь Архангай аймгийн оёдлын үйлдвэрт “ударник” цолтой оёдолчин, дүү Д.Сүглэгмаа нь Монгол Улсын Гавьяат жүжигчин, уртын дуучин хүн байв.
Идэр залуу насандаа эх орныхоо төлөө хөдөлмөрлөж, ард түмэндээ хүндлүүлж явсан Д.Дэнсмаа баатар өдгөө үр хүүхэд, ач нарынхаа хайр халамжинд умбаж сууна. Ажилсаг махруу, цэмбэгэр цэмцгэр нь янзаараа. Хашааны зэрлэг зулгааж, аяга угааж, гэр орноо цэмцийлгэж... ер зүгээр суухгүй. Төрөлхөөс дуу цөөтэй энэ эмэгтэй “Аливаа ажлыг дуустал нь, гүйцэд хийж бай. Сэтгэл гаргаж хийж бай” гэж хүүхдүүддээ захидаг.
“Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ” гэдэг дээ.
О.ЭНХЖАВХЛАН
Нийт сэтгэгдэл 0