Х.Батбаяр: Монгол тоглоом хүүхдийг авхаалжтай, сэргэлэн, аж ахуйч болгодог
Хуваалцах:
img

Архангай аймгийн Цэцэрлэг хот дахь “Заяын хүрээ Төгсбаясгалант буяндэлгэрэх хийд”-ийн лам Хасбазарын Батбаяр жил бүр “Номын баяр”-ыг зорин ирж, хүүхэд багачуудыг монгол тоглоомоор тоглуулдаг ажээ.

 

Монгол тоглоомыг түгээн, дэлгэрүүлэхийн төлөө арав гаруй жил зүтгэж яваа түүнтэй аян замын зуур ярилцсанаа хүргэе.

- Та хэдэн оноос монгол тоглоомыг судалъя, түгээе гэж шийдэв ээ?

- Яг 13 жил болж байна. 2008 оны намар би нэг өвөрмонгол хүнтэй хуучилсан юм. Тэр өвөрмонгол их мэдлэгтэй хүн байж таарсан. Нийгмийн тухай, үндэснийхээ зан үйлийн тухай үнэхээр сайн мэдэж байсан. Намайг нэг жаахан ахархаад байсан чинь “Чи бол Оросын монгол” гэдэг юм. Тэгэхээр нь би түүнийг “Чи бол Хятадын Монгол” гэчихлээ. Яг үнэндээ би Оросын Монгол байсан. Монголоо мэдэхгүй байсан би. Тэгээд би “Монголын Монгол болъё” гэж шийдсэн тэр өдөр. 2008 оны наймдугаар сарын тэр өдрөөс хойш Монголын монголоороо явж байна. Монголын монголыг хайж байна. Монгол нутагт байгаа тоглоомуудыг сонирхон судалж, монгол тоглоомыг шинэ цагт дэглэж, зохиож байна.

 

- “Номын баяр” дээр хүүхдүүдийг ямар тоглоомоор тоглуулдаг вэ?

- Ардын уламжлалт тоглоомоор тоглуулна даа. Бидний мэддэг шагайн тоглоом. Ажаад байхад өнөөгийн хүүхдүүд шагайтай ярьж тоглож чадахгүй байна. Шагайд яриа, хөг оруулах хэрэгтэй байна. Тиймээс шагайг мэдээлэлтэй холбож өгье гээд нэлээн хэдэн тоглоом зохиолоо. Угтаа энэ цагийн боловсролын салбарт хэрэг болох сургалтын хэрэглэгдэхүүн хийлээ дээ. Манайхан чинь 2012 оноос “Цөм  хөтөлбөр”, “Хүүхэд тоглонгоо суралцана. Тоглоомын аргаар дамжуулан хүүхдийг сургана” гэж ярьж яваа шүү дээ. Энэний гол хэрэглэгдэхүүн бол монголчуудын ардын уламжлалт тоглоом байхгүй юу.  Монголын энэ олон багш нар дотор уламжлалт  тоглоомоо судлаад цогцоор нь шийдлийг нь олоод явсан хүн нэг ч алга. Гомдох байх даа, энэ үнэнийг хэлэхэд. Би бол багш хүний хийх ёстой ажлыг л хийсэн хүн. Гол шалтгаан нь би өсөхөөсөө өнөөдрийг хүртэл эрдэм  ном сураагүй, харин тоглосон. Миний тоглож байгаа тоглоомыг өөр хэн ч тоохгүй байгаа. Тэр тусам нь хүнд аваачиж өгмөөр байгаа юм.

 

- Таны судалснаар монголчууд шагайгаар хэдэн төрлийн тоглоом тоглодог байв?

- Ер нь Монгол нутагт, манай Соёлын яамны мэргэжилтнүүд, эрдэмтдийн хэлж байгаагаар 15 ангийн 3000 төрөл зүйлийн тоглоом бий. Том тоо. Хичээлийг дор бүр нь ангилдаг шиг тоглоомыг тус тусад нь маш олон ангилж байна.

Минийхээр бол зөвхөн шагайн тоглоом гэхэд 70- 80 төрөл байна аа. Түүнээс 50-ийг нь би тоглож чадна.

Монгол тоглоомын гайхамшиг маш олон. Жишээлбэл шагай гэхэд дөрвөн настай хүүхэд тоглож болно, 14 настай дунд ангийн хүүхэд, 40 настай аав ээж нь, бүр 80 настай өвөө эмээ нь ч тоглодог.

Дээр нь монгол тоглоом хүнийг их эмх цэгцтэй болгодог, бүх талаар нь хөгжүүлдэг. Хамгийн гол нь хүнийг аж ахуйч болгодог юм байна. Монгол тоглоомыг дэлгэж тавьж тоглочихоод буцаагаад заавал эмхэлдэг учраас бамбарууш, хүүхэлдэй, машин, буу шиг хаячихаад явчихдаггүй байхгүй юу. Тэр тоглоом минийх учраас юмандаа эзэн болно. Тийм ч учраас би өвөөгийнхөө авч өгсөн тоглоомоор 30 жил тоглож явахдаа ганцхан ширхэг дутаасан байсан. 

Үүгээрээ монгол тоглоом сургалтын хэрэглэгдэхүүнд онцгой ач холбогдолтой зүйл байхгүй юу. Энийг л эзэнд нь хүргэчих гээд ойлгуулчих гээд чадахгүй яваад байна даа.

 

- Та энэ саналаа Боловсрол, шинжлэх ухааны яаманд тавьсан уу?

- Тавьсан. Би Боловсролын таван сайдын хаалга татаж үзлээ. 2015 онд Л.Гантөмөр сайдыг “Цөм хөтөлбөр” ярьж байхад уулзаад “Таны яриад байгаа “Цөм хөтөлбөр”-ийн чинь тоглонгоо суралцахад туслах хэрэглэгдэхүүн бол энэ, монгол үндэсний ардын уламжлалт тоглоом байна” гээд орсон чинь сайд “Бид дүрэм  журмаа боловсруулаад, бичиг цаасан дээрээ явж байна. Яг хэрэгжүүлэхдээ энэ тоглоомуудыг сургалтын хэрэглэгдэхүүн болгоно” гэсэн. Л.Гантөмөр сайдын дараа Ж.Батсуурь сайд дээр орсон. “Би ажлаа аваад удаагүй байна, энэ  бол зөв зүйтэй санал байна, таныг би холбогдох хүмүүстэй нь уулзуулна” гээд. Удаагүй албанаасаа буусан. Дараа нь Г.Чулуунбаатар сайд дээр орсон. Жигтэйхэн гоё юм ярьсан. Түүний дараа Ц.Цогзолмаа сайдтай уулзахад яамны СӨБ-ын газрын дарга Эрдэнэчимэг гэдэг хүнийг дуудаад “Энэ хүний яриад байгаагаас ямар насныханд ямар нь тохирохыг судлаадах” гээд. Тэр хүн судлаад СӨБ-ын багш, эцэг эхчүүдийн гарын авлагад шагайн тоглоомоор нэг бүлэг хийсэн. Урагш ганцхан алхсан нь энэ хэрэг. Тэгээд Ц.Цогзолмаа сайдын дараа Ё.Баатарбилэг сайд дээр орсон. Энд ирэхэд нь ч уулзсан. Үнэндээ юм болоогүй. Гэхдээ би энийг хаяхгүй, явна.

Би тантай уулзахаас 7 минутын өмнө Л.Энх-Амгалан сайдын туслахтай яриад сууж байна. Та хар даа. (дуудлага хийсэн жагсаалтаа үзүүлэв) Сайдын туслах “Сайд тантай уулзахгүй ээ. Ням-Очир гэж газрын даргатай уулз” гэсэн. Би хариуд нь “Ням-Очир даргатай 7 удаа уулзсан. “Би мөнгө шийддэггүй учраас энийг чинь шийдэж чадахгүй байна аа” гэдэг. Одоо би тэр хүнтэй 8 дахь удаагаа уулзаад яах юм бэ” гэсэн чинь “Та үдээс хойш яриарай” гэсэн. Иймэрхүү байдлаар Боловсролын яамны хаалгыг олон ч татаж, босгыг нь элээж явна даа.  

 

- Хамгийн дуртай тоглоом чинь юу вэ?

- Манай өвөө намайг зургаан настай байхад, 1988 онд хургатай хониор үйчүүр гэж тоглоом авч өгсөн байдаг юм. Мал нийгэмчилсэн тэр үед хургатай хониор хүүхдэдээ тоглоом авч өгнө гэдэг айхтар өндөр үнэ шүү дээ. Тэр тоглоом 6 шоотой, 135 хөзөртэй. Тэрүүгээр өдий хүртэл тоглосон доо. Энэ олон жил тоглохдоо ганцхан ширхгийг дутаасан байдаг юм.

 

- Судлаад сурвалжлаад явахад мартагдсан хуучин тоглоом хэр олов?

- Ер нь бүгд мартагдсан даа. Жишээ нь танаас асууя. Би энийг бүх хүнээс асуудаг юм. Дөрвөн шагайг нэг морь, нэг хонь, нэг ямаа, нэг тэмээ буувал “Дөрвөн бэрх” гэдэг. Тэгвэл дөрвүүлээ ижил буувал юу гэдэг вэ? Дөрвөн хонь, дөрвөн ямаа, дөрвөн морь, дөрвөн тэмээ буухыг юу гэдгийг мэдэх үү?

 

- Мэдэхгүй байна.

- Яг ингээд л... монгол тоглоом мартагдсан байхгүй юу. Дөрөвхөн шагайн дээр ийм байгаа юм чинь цаашаа яривал асар их юм байгаа. Ер нь бид шагайн тоглоомыг гэхэд гарын таван хуруун дотор тоглож байна, амны 10 тоон дотор  нэрлэж байна. Бусдыг нь мэдэхгүй байна. Өнөө цагийн глобалчлагдаж байгаа хүүхдүүд шагайтай ярьж чадахгүй байна.

 

- Ярьж чадахгүй байна аа...

- Тийм ээ, бид шагайг шагшуулаад, үлээж үлээж байгаад орхихдоо таашаал авдаг шүү дээ. Тэр сэтгэлгээ их өөр л дөө. Шагайгаа амьд гэж үздэг. Морь уралдаж байхдаа “морь буугаарай” гэж шившээд яг л морь буулгана даа. Шагайтайгаа харьцдаг  тэр агуу мөн чанар одоогийн хүүхдүүдэд сууж өгөхгүй байна. Орчин цагийнхаар бол хүүхдүүдийн маань орон зайн мэдрэмж нь хөгжихгүй байна. Энэ мэтээр монгол тоглоомын тухай ярих юм бол маш их зүйл бий.

 

- Яагаад өвөө чинь үйчүүрийг сонгож авч өгсөн юм бол?

- Тэр үеийн хамгийн мундаг тоглоом шүү дээ. Маш олон юм тоглож болдог, монгол тоглоомуудын хаан нь. Нэгдүгээрт, үйчүүрийг гэр дүүрэн хүн тоглож болдог. Хоёрдугаарт, тэр тоглоом дээр дандаа амьд амьтад байдаг. Шувуу, туулай, буга, ирвэс, арслан, харцага... гээд. Түүгээр тоглосноороо намайг тэр амьтадтай яриулж байна шүү дээ. Одоо бодоход.

Тэр тоглоомоор тоглож байгаад хожигдчихоод. Тэр шөнө их хоосон шөнө байсан. Өглөө босож ирээд би андгай өргөсөн байхгүй юу. “Энэ тоглоомоор би 20 жил тоглочихоод яагаад сайжруулж болохгүй гэж. Одоо сайжруулна” гэж зорилт тавьсан. Тэгээд би амьтантай тоглоом зайлшгүй хийх хэрэгтэй болж байгаа юм. Монгол Улсад амьтны тухай гарсан бүх номыг цуглуулсан. Амьтны нэр төрөл орсон сургалтын хэрэглэгдэхүүн гэвэл 60, 70-аад ном байгаа. Яг л амьтнаар дагнасан нь хорь хүрэхгүй л бий. Ингэхэд та Монгол Улсын Улаан номыг хамгийн сүүлд хэзээ уншсан бэ?

 

- 1980 хэдэн онд сурагч байхдаа амьтан судлалын хичээл дээр уншсан санагдана.

- Улаан ном бол хамгийн чухал, уншихаас халгамаар ном шүү дээ. Энийг хүүхдүүд тоглонгоо ойлгодог, мэдэрдэг болгоё гээд Монгол Улсын Улаан номоор “Аргаль янгир” гэдэг тоглоом хийсэн дээ. Энэ бол Монголын амьтдын нэвтэрхий толь болох тоглоом. Дээрээс нь монгол тоглоомын төрөл зүйл дотор шинэ  хувьсал авчирсан байх гэж боддог. Би бол тэр тоглоомыг 60 хүн тоглосон ч гурван хожлоор хожихоор хийсэн.

Миний сүүлийн үед зохиосон 10-аад тоглоом дандаа хамтын хожилтой. Багаараа ажиллах ажиллагааг маш сайн дэмжинэ. “Аргаль янгир” тоглоом гэхэд нэрээсээ авхуулаад монгол уламжлалт ухаан, угсаатны зүй, монгол хэлний зохист аялгууны мэдлэг өгч байгаа. Яагаад “Аргаль Янгир” гэж нэр өгсөн юм бэ гэдэг хүртэл учиртай.

 

- Яагаад ингэж нэрлээ вэ?

- Хонины дээд өвөг бол аргаль, ямааны өвөг бол янгир. Энэ тоглоомонд хонины дөрвөн буултаар аргаль, ямааны дөрвөн буултаар янгир буюу хамгийн өндөр оноог авна.  

- Таны яриаг сонсоод байхад харийн янз бүрийн тоглоомонд донтож байснаас ардынхаа тоглоомыг хөгжүүлбэл үр хүүхдүүдэд маань үнэхээр хэрэгтэй санагдлаа. Тэр тусмаа лам хүн тоглоом судлаад явж байгаа нь өөрөө сонирхолтой..

- Хүмүүс ярьдаг, “лам нар торгон дээл өмсчихөөд, амьтны мөнгө авах гээд алгаа тосоод сууж байдаг” гэдэг. Яг үнэндээ лам хүний хийх ажил бол хүмүүсийг соён гэгээрүүлэх. Намайг “Хүүхэд тоглоом явахаар номоо уншаад сууж байх нь яадаг юм” гэж хэлдэг хүн ч бий. “Лам” гэдэг үг чинь монгол хэлний зохист аялгууны толиор “зам” гэсэн утгатай үг. Тэгэхээр би хүнийг зөв зам  мөрд хөтлөх ёстой хүн. Би өөрөө ном муутай учраас өөрийнхөө чадах ажлаа л хийж байгаа. Ардынхаа тоглоомыг тогловол чи монгол хүн мөн шүү гэдгийг зааж өгөх гээд явж байгаа.

Сая би Архангай аймгийн Эрдэнэбулган сум буюу аймгийн төвд  байгаа улсын 5 том сургуулийн 3000 гаруй хүүхдэд тоглоомоо заагаад, 8 шатлалаар уралдаан зохиосон. Нэг тоглоомыг 2- 9 дүгээр ангийн хүүхдүүдэд найман өөр шалгуураар тоглуулж, багийн ажиллагааг сорьж үзлээ. Энэ тоглоомонд нэг нь хожно гэсэн ойлголт байхгүй, багаараа хожно. Таны авч байгаа хожил, таны авч байгаа оноо, мөнгөн цол багтаа дүн авчирна. Энэний араас  50 хоног явж, Улс тунхагласны баяраар дүнгээ гаргасан.  

 

- Хүүхдүүд их идэвхтэй оролцож байна уу?

- Айхтар идэвхтэй, үнэнхүү гайхалтай. Гудамжинд явж байхад хүүхдүүд надаас асуудаг юм. “Хэзээ тоглуулах вэ?” гээд. Хамгийн хэцүү зүйл нь би багшид нь заагаагүй юм билээ. Таньдаг багш руугаа утастахаар “Харин тийм  ээ, таны тоглоомыг манай ангид өгсөн байна лээ. Би шкафан дээрээ тавьчихаад байгаа. Өөрөө сурч байгаад заая гэж  бодоод байгаа” гэж байсан.  Тэр бол миний хамгийн том алдаа байсан. Алдаагаа олж харсан. Олсон юм чинь болно доо.

 

- Монголын монгол болъё гэж сэрж ухаараад эргээд харсан чинь хамгийн түрүүнд юугаа өөрчилмөөр байсан бэ?

- Хэлээ. Би нэг түүх ярья. Одоогоос тав зургаан жилийн өмнө би ээжийгээ дүүгийн гэрийн гадаа буулгаад “За баяртай ээж ээ,  хүү нь ажилтай учраас явлаа, оруулж өгч чадахгүй нь байна шүү” гэсэн чинь ээж минь өөдөөс “Гүүд бай” гэдэг юм. Орь хөдөөний, амьдралдаа ганц ч удаа англи хэл заалгаагүй жар гарсан настай ээжийгээ тэгж хэлэхэд нэг талаар омогших баяр төрсөн. Эх хэл минь тэгж мөхөж байгаад харуусаж байсан. Миний ээж  тэр харь үгийг их хотын урсгал дундаас, ач зээгээ сургуульд нь хүргэж өгөх зууртаа сурсан байна шүү дээ. Харь хэл манайд тэгж л нутагшиж байна. Бид түүнийг анзаардаггүй.

Гэтэл монгол хүний ухаан мэдлэгийг багтаасан эх хэл минь юутай баялаг билээ дээ. Хамгийн энгийнээр ярих юм бол “Хүний биеэс 360 нэршил гарна. Хүн дөрвөн мөчтэй байгаа нь дөрвөн улирал юм аа” л гэдэг. Өнөөдөр шинжлэх ухаан хөгжиж байна л гээд байна, хэчнээн өндөр хөгжлөө гээд монголчуудын зан үйлийн нууцыг, түүнд агуулдаг гайхалтай өв мэдлэгийг тайлж чадахгүй.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img