Байгаль орчны яамнаас агаарын чанарын асуудлаар долоо хоног бүрийн Даваа гаригт ээлжит мэдээллийг өгдөг. Өнөөдрийн /2022.01.17/ мэдээллээр сайжруулсан шахмал түлш болон агаарын чанарын хяналт шалгалтын талаар мэдээлэв.
Засгийн газрын нэгдүгээр сарын 12-ны хуралдаанаар сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарт шалгалт хийж, лабораторийн дүгнэлт гаргах, түлшний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Үүний дагуу БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг "Таван толгой түлш" ХХК-ийн баруун, зүүн бүсийн үйлдвэрт болон нийслэлийн айл, өрхүүдэд гэнэтийн шалгалт хийжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд төвийн зургаан дүүргийн айл өрхүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар түүхий нүүрс хадгалж байсан дөрөв, зориулалтын бус гялгар уут түлж байсан гурван зөрчил илрүүлжээ. Түлэх зориулалтаар хадгалж байсан 10500 кг түүхий нүүрсийг Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэж өгсөн байна.
"Таван толгой түлш" ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек:
-"Тавантолгой түлш" компанийн зүүн, баруун бүс нийт 22 шугамаар ажил үүргээ явуулдаг. Үүнээс 17 нь тогтвортой ажиллаж байгаа бөгөөд гурав нь засвартай, хоёр нь нөөцөд байна. Сайжруулсан түлшний тухайд нөөц хэвийн.
"Тавантолгой түлш" компани үндсэн гурван технологи ашигладаг. Нэгдүгээрт, барьцалдуулагч хийх, хоёрдугаарт, уураар халаах, гуравдугаарт, уураа хатааснаа эргээд хатаах гэсэн технологийг хангаж ажиллаж байна.
Стандартын хувьд чанарын хяналт шалгалтыг байнга хийдэг учир ямар нэгэн асуудал гараагүй. Иргэд айл өрхүүдэд мөн түүврийн аргаар хяналт шалгалт хийхэд чанарын асуудал гараагүй байна. Үйлдвэр дээр ч ажлын хэсэг гарч тогтмол хяналт тавьж байгаа. Үйлдвэрийн тухайд өдөр бүр бүтээгдэхүүнийг шалгадаг. Барьцалдуулагч болоод бусад зүйлс дээр мэргэжлийн хяналтын байгууллага ч мөн шинжилгээ хийж байгаа.
НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Угтахбаяр “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар "Тавантолгой түлш" компанийн зүүн болоод баруун бүсийн үйлдвэрээс дээж авсан. Уг шинжилгээний дүнгээр стандартад нийцээгүй зүйл гараагүй байна” гэсэн юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0