Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллалаа. Эхлээд тус төвийн лабораторийн үйл ажиллагаа, авто замын мэдээллийн сан хэвийн ажиллаж буй эсэхийг үзэж танилцав. Үүний дараа төвийн дарга Х.Пүрэвжаргалын мэдээллийг сонсож тодорхой хэд хэдэн асуудлаар хугацаатай үүрэг өглөө. Цахимаар автомашины төлбөр авах цэгийн үйл ажиллагаанд анхаарал хандуулж 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хэвийн ажиллуулах, авто замын орон зайн мэдээллийн санд монгол орны хэмжээнд байгаа хатуу хучилттай авто замын мэдээллийг бүрэн байршуулж орон нутгийн АЗЗА компаниудаар хөтлүүлж хэвшүүлэх, зам барилгынажлын хяналтыг сайжруулж, бүс хариуцсан инженерүүдийг чадавхжуулах шаардлагатай зэрэг тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар өгөв.
Тэрбээр “2021 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр замын гадаргуугийн боловсруулалт хийдэг тоног төхөөрөмжийг авсан. Авто машин дээр суурилуулсан энэхүү төхөөрөмж нь хатуу хучилттай авто замаар явахад замын зузаан, элэгдлийг тодорхойлох, өөр дээрээ дата цуглуулах хүчин чадалтай. Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан тухайн техник хэрэгслийг 10 дугаар сард хүлээн авсан. Энэ онд орон нутгийн замуудад ажиллуулна. Замын насыг уртасгахын тулд баригдсан цагаас хойш 5-8 жилийн дараа заавал ээлжит засвар хийх ёстой. Тэгэхээр энэ онд баригдаад засвар хийх хугацаа болсон зүүн чиглэл, мөн Өвөрхангай чиглэлийн замд засвар, арчлалт хийнэ. Хоёрдугаарт, зам, засварын чанарт анхаарч, эвдрэл гарч байгаа хүчин зүйлийг зөв тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд судалгааг бодитоор гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, зам засвар арчлалтын компаниуд, түүнд хяналт тавьж байгаа газрын хариуцлага хамгийн чухал юм. Хоёр талын хамтын ажиллагаа шударга сайн байж чанартай зам тавих ёстой. Зам, засварын ажилд тодорхой үр дүн гаргаж, гүйцэтгэгч болон хяналтын газрын хариуцлагыг чангатгахыг дахин хэлье” гэлээ.
Зам, тээврийн хөгжлийн төв нь авто зам, замын байгууламжийн барилга засварын ажлын чанар, аюулгүй байдал, ашиглалтын найдвартай нөхцөлийг хангах бодлогыг хэрэгжүүлэх; онолын суурь судалгааг лабораторийн туршилт шинжилгээ, үйлдвэрлэлтэй хослуулах замаар замын салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлж, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх; замын салбарын стандартчилал, норм нормативын техникийн баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох, авто зам, гүүрийн зураг төслийн чанарыг олон улсын жишигт хүргэх, олон улсын болон улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлж бэхжүүлж, орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох зэрэг үндсэн зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0