Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК, "Зүүнбаян төмөр зам" ХХК-иудад ажиллаж, тухайн компаниудын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын үүрэг, чиглэл өглөө.
Эхлээд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батнасан “Утсан харилцаагаар галт тэрэг аялуулах төлөвлөгөөний биелэлт, баруун, зүүн босоо төмөр замын төсөл”-ийн талаар танилцуулав. Тэрбээр “Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын шинэ бүтээн байгуулалт хийгээд төмөр замын үндэсний сүлжээг хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй субьект. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн удирдагч, захиалагчаар ажиллаж, харьцангуй хямд өртгөөр барьж 3 дугаар сарын 15-наас зүгшрүүлэлтийн тээврийг эхлүүлэх гэж байна. Цаашлаад төмөр зам барьж байгуулах хүчин чадал бүхий машин механизм, мэргэжлийн боловсон хүчин бүхий төмөр замын зам, барилгын механикжсан ангитай болж дараа, дараагийн төмөр замын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх бааз сууриа бүрдүүлж чадсан” гэв.
Сайд Л.Халтар “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 01 дүгээр сард Зам, тээврийн хөгжлийн яамнаас техникийн комисс гарч шалган, замын чанарыг өндөр түвшинд гүйцэтгэлээ гэж дүгнэсэн. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс утсан харилцаагаар галт тэрэгний хөдөлгөөн нээж төлөвлөгөөний биелэлтийг хариуцлагатайгаар ханган ажиллах ёстойг сануулъя. Түүнчлэн зүүн болон баруун босоо чиглэлийн төмөр замын төслүүдийн барилгын ажлыг мөн оны 03 дугаар сард эхлүүлэхээр хөрөнгө оруулагч талтай уулзалт зохион байгуулж, саналаа танилцуулна. Мөн Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 13 км дэлгэмэл урттай төмөр замын төслийг холбогдох албаныхантай хамтран 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс барилгын ажлыг эхлүүлэхийг үүрэг болгоё” гэлээ.
Үүний дараа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Тавантолгой төмөр зам” ХХК-д ажиллалаа. Уулзалтын эхэнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэрэгжүүлж буй төслүүдийн ажлын явцыг танилцуулав. Тус компани одоогийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын цогцолбор төсөл, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох 22 км төмөр зам, Богдхан төмөр зам зэрэг төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Сайд Л.Халтар, 2022 оны 07 дугаар сарын 01 гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг дуусгах ёстой. Түүнээс өмнө тээврийн тариф, ажиллах хүчийг бэлтгэх чиглэлээр төмөр замын салбарын зөвлөхүүдтэй нягт хамтран ажиллан төлөвлөгөөгөө, 2 дугаар сард багтаан яаманд танилцуулна. Гашуунсухайт боомтын ойролцоо байгуулах ачиж буулгах терминалын техник, эдийн засгийн үндэслэлийг 2022 оны нэгдүгээр улиралд дуусгах, Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын цэгийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн ханган мөн оны 05-р сарын 01-нд эхлүүлэхийг үүрэг болгов.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссоны дараа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг 2022 оны 09 дүгээр сард бүрэн дуусахын зэрэгцээ байгалийн хүчин зүйл, мал амьтны хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалахыг нэн тэргүүнд анхаарах ёстой. Энэ чиглэлд “Улаанбаатар төмөр зам” ХНН, орон нутгийн холбогдох газруудтай хамтран ажиллах шаардлагатай талаар чиглэл өглөө.
Нийт сэтгэгдэл 0