Орон нутгийн кластер өвчлөл нэмэгдэж, хоногт батлагдах тохиолдлын тоо хэдэн мянга давж буй. Тиймээс Улсын онцгой комиссоос цагаан сарын өдрүүдэд хэрхэн хязгаарлалт тогтоохыг аймгийн Онцгой комисс шийдвэрлэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 13 аймаг хөл хорио тогтоохгүй, олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлана гэдгийг мэдэгдээд буй. Мөн зарим аймаг Улаанбаатараас зорчигч авахдаа заавал PCR шинжилгээ болон бусад бичиг баримт шаардаж байгаа гэсэн юм. Тиймээс аймгуудын хотоос зорчигч нэвтрүүлэх болон хөл хорио тогтоосон эсэх мэдээллийг хүргэж байна.
ЗАВХАН: ӨӨРСДИЙН ТӨЛБӨРӨӨР ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ
Завхан аймаг нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалсан. Тэгвэл тус аймгийн Асгат сумын онцгой комисс нэгдүгээр сарын 26-ны хуралдаанаар нэмэлтээр хэд хэдэн шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, хөл хорио тогтоохгүйгээр Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж байгаа иргэд өөрсдийн мөнгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч гэрийн тусгаарлалтад долоо хонох шийдвэр гаргасан байна. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байна. Иймд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос олон нийтийн үйл ажиллагааг баярын өдрүүдэд огт тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.
Тус аймгийн онцгой комисстой холбогдож тодруулахад "Зам хаахгүй. Халдварын тархалт сүүлийн долоо хоногт буураагүй учир тогтоосон дэглэмийн дагуу ажиллана. Өвчлөл нэмэгдэж байгаагаас гадна малын гоц халдварт өвчлөлийн тархалт, эрсдэл өндөр байна. Тиймээс баярын өдрүүдэд нэмэлтээр алба хаагчдыг томилж, хяналт тавьж ажиллах зохицуулалт хийх шийдвэр гаргасан" гэв.
ДОРНОД: ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД АЖИЛЛАХГҮЙ
Дорнод аймгийн Онцгой комисс цар тахлын омикрон хувилбар дотоодод илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор тодорхой хэмжээний хязгаарлалт хийх шийдвэр гаргасан. Нэгдүгээр сарын 29-ны хуралдаанаар нэмэлтээр олон нийтийн үйлчилгээний газруудыг ёс хоногийн хугацаанд хязгаарлах шийд гаргажээ. Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг нэгдүгээр сарын 23-наас хязгаарлаад байгаа. Хязгаарлалтын дэглэмийг нэгдүгээр сарын 27-ныг хүртэл мөрдсөн бол ирэх сарын 2-11-ныг дуустал дахин нэмэлт зохицуулалт хийсэн байна.
Тус аймгийн онцгой комиссоос тодруулахад “Аймгийн онцгой комиссын дөрөвдүгээр хуралдаанаар зохион байгуулалтын арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Одоо байгаа зохицуулалт дээр ямар нэгэн нэмэлт зүйл тусгахгүйгээр цагаан сар дуустал мөрдөнө. Зайлшгүй шаардлагатай болон УОК-оос мэдэгдэл гаргасан тохиолдолд албан бичгийн дагуу нэмэлт шийдвэр гаргаж магадгүй. Дөрөвдүгээр хуралдаанаар халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх хүрээнд шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 2-ноос амны хаалт авч үйлчлүүлдэг үйлчилгээний газрууд болох ресторан, караоке, кафе, зоогийн газар, хоолны газар, кофе шоп, баарыг 11-нийг дуусах хүртэл олон нийтэд үйлчлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Хэрэв энэ шийдвэрийг зөрчсөн тохиолдолд аж ахуй нэгжид хуулийн хариуцлага тооцно” гэлээ.
ДАРХАН-УУЛ: ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Дархан-Уул аймгийн Онцгой комисс нэгдүгээр сарын 24-нд хуралдаж ирэх сарын 7-н хүртэл мөрдөх шийдвэр гаргасан. Тархвар судлаачдын тооцооллоор тус аймгийн хэмжээнд халдварын оргил үе нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл учир хот хоорондын замд хязгаарлалт тавих эсэх талаар www.smartdarkhan.com цахим хуудсаар иргэдийн саналыг авсан байна. Нийт 3100 гаруй иргэн саналаа өгөхөд 39 хувь нь дэмжиж, 61 хувь нь дэмжихгүй байна гэсэн санал өгсөн учраас замын хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт хийгдэхгүй болсон. Гэсэн ч хотоос болон бусад аймгаас ирэх зорчигчдод хяналт тавьж ажиллах чиглэл АОК нь өгчээ.
Дархан-Уул аймаг энэ сарын сарын 15-наас эхлэн тодорхойгүй хугацаагаар олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласан. Тус комиссын энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан юм. Үүнд, нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй юм байна.
ХОВД: 16 СУМЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭР ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАХ БОЛСОН
Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглов. Тухайлбал, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгох, олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хориглосон байна. Мөн иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах, нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах, халаалт дулааны асуудлыг сайжруулах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгожээ.Мөн шинжилгээний цэгүүдэд ажиллах хүчийг нэмж, цагийг 09:00-14:00 хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Үүнээс гадна шүлхийн тархалт өндөр байгаа учир хоёрдугаар сарын 20-ноос өмнө эрүүл бүсэд байгаа малыг вакцинжуулах ажлыг яаравчлахаар болжээ.
Өнөөдрийн байдлаар тус аймагт нийт 20 мянга гаруй иргэн Covid-19-өөр өвчилж, хамгийн олон хүн халдвар авсан гурван аймгийн нэг болжээ. Халдварын тархалт өндөр байгаа ч зам хаахгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжлэх төлөвтэй байгааг албаны хүн онцоллоо.
ГОВЬСҮМБЭР: ЗӨВХӨН ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦУЦАЛСАН
Говьсүмбэр аймагтай холбогдоход “Энэ сарын 13-наас эхлэн аймгийн хэмжээнд тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоосон. Нэг талаар эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа хэлбэр. Нөгөө талаар аймгийн хэмжээнд халдварын тархалтыг хумих зорилготой. Хөл хорио тогтоох талаар тус аймгийн онцгой комиссоос ямар нэгэн шийд гаргаагүй. Уриалга бүхий мэдэгдэл л гаргасан. Зам хаах эсэх талаар хүмүүс их асууж байна. Баярын өдрүүдэд зам хаах нь зөв хэдий ч иргэд аль аль талын байр суурьтай байгаа учраас онцгой комисс хуралдажзам хаахгүй байх шийд гарагсан” гэлээ. Баярын өдрүүдэд тусгайлан хорио тогтоох шийдвэр гараагүй. Постуудаар нэвтрэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох талаар одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна.
УВС: ЗАМ ХААХГҮЙ
Увс аймгийн Онцгой комисс хуралдаж, нэгдүгээр сарын 14-нөөс ирэх сарын 10-ныг хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00-22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна. Цагийн хязгаарлалт зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хууль болон бусад хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах аж.Түүнчлэн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ. Зам хаах талаар иргэдээс санал асуулга авахгүйгээр аймгийн онцгой комисс хуралдаж шийдэх аж. Эрсдэл өндөр, халдварын тархалт нэмэгдвэл цагаан сарын өдрүүдэд хязгаарлалтыг чангатгаж, постын хяналтыг нэмэгдүүлнэ гэлээ.
ОРХОН: ХЯЗГААРЛАЛТ ТОГТООСОН ШИЙДВЭРИЙГ ӨӨРЧЛӨӨГҮЙ
Орхон аймгаас Covid-19-ийн оргил үеийн идэвхжилтийг бууруулах үүднээс тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулахгүй байхаар болжээ. Мөн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байх, төрийн байгууллага аливаа олон нийтийг хамарсан хурал, сургалт зөвлөгөөнийг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг үүрэг болгосон байна. Сүүлийн 24 цагт тус аймагт халдварын 247 тохиолдол бүртгэгджээ. Эмнэлэгт нийт 501 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд хоногт батлагдах тохиолдол буурахгүй байгаа учир хязгаарлалтыг тогтоосон хугацаанаас өмнө цуцлахгүй аж. Зам хаах талаар асуухад "Иргэдээс ирж буй саналд тулгуурлаж шийдвэр гаргана" гэсэн юм.
БАЯНХОНГОР: ЗАРИМ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООСНООС ӨӨР ШИЙД ГАРААГҮЙ
Баянхонгор аймагт Covid-19-ийн хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хязгаарлав. Уг шийдвэр энэ сарын 11-нээс эхлэн хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хумих зорилгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг нэг сар орчим хугацаагаар хязгаарлах шийд гаргажээ. Ингэснээр нутгийн хэмжээнд цагаан сарыг өргөн дэлгэр зохион байгуулахгүй аж. "Хяналтын постууд дээр ажиллах хүчийг нэмэхээр төлөвлөж байна. Одоогоор олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласнаас өөр шийд гараагүй байна" гэж тус аймгаас мэдээллээ. УОК-оос нэгдсэн шийдвэр гаргаагүй хэдий ч аймгууд өөр, өөр зохицуулалт хийж байгаа учир заавал холбогдож лавлахыг анхаарууллаа. Бид Архангай, Сүхбаатар, Хөвсгөл болон бусад аймагтай холбогдоход нэгдсэн шийдвэр гараагүй гэх тайлбар өгсөн юм. Тиймээс та бүхэн орон нутаг руу зорчих бол АОК-оос тодруулах нь зүйтэй.
Нийт сэтгэгдэл 0