Хорт хавдрын тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас төлдөг боллоо
Хуваалцах:
img

УИХ, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Эрүүл мэндийн багц хуулиудад олон нэмэлт өөрчлөлтүүд оруулсан. Үүний үр дүнд өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж, иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулжээ гэсэн сайхан таатай мэдээлэл гарсан.

 

Үүнтэй холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл” уулзалт өнгөрсөн баасан гарагт ЭМДЕГ-т зохион байгуулагдсан билээ.

Уулзалт тус газрын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга Г.Гийхнаран, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Тусламж үйлчилгээний чанар төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэг болон сэтгүүлчид оролцож Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн талаар харилцан нээлттэй ярилцлаа.

Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж салбарын  хууль, эрхзүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын хүний нөөцийг чадавхжуулахад чиглэсэн олон сайхан хууль, тогтоомжийг батлаж хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, төр төлбөрийг нь хариуцах тусламж, үйчилгээнүүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан худалдан авах зохицуулалтыг хийж, Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь “Стратегийн худалдан авагч” болох эрхзүйн орчин бүрдсэн.

Ингэснээр эрүүл мэндийн салбарт нэг худалдан авагчийн тогтолцоо бүрдэж, бүх төрлийн тусламж үйлчилгээг ЭМДС-аас санхүүжүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, хуулийн шинэчлэлтээс өмнө улсын эмнэлэг зарим санхүүжилтээ нэг хэсгийг нь улсын төсвөөс нөгөө хэсгийг нь даатгалын сангаас авч, харин хувийн эмнэлэг төр хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлсний төлөө санхүүжилт авалгүй, иргэн төлбөрийг нь бүрэн хариуцдаг байсан. Харин хуулийн шинэчлэл хийснээр улсын хувийн ялгаагүй бүх эмнэлэг иргэдэд үзүүлсэн чанартай тусламж, үйлчилгээнийхээ тоогоор ЭМДС-аас санхүүжилт авах боломж бүрэн нээгдсэн гэсэн үг юм.

Энэхүү хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор төр төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний жагсаалттай нэгтгэн ЭМД-ын Үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолоор батлан гаргаж хэрэгжилтийг мөн оны гуравдугаар сарын 01-нээс хэрэгжүүлэн ажиллаж эхлээд байна. Энэ хүрээнд ЭМДҮЗ-ийн дээрх тогтоолоор даатгуулагчдад үзүүлэх тусламж үйлчилгээний зардлын төлбөр, ЭМДС болон иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоож өгсөн бөгөөд бүх төрлийн хорт хавдрын эмийн эмчилгээ болон мэс засал, хавдрын дараах хими болон химийн бай эмчилгээ, амбулаторийн хяналт, хими, туяаны өдрийн эмчилгээ, хавдрын дараах сэргээн засах эмчилгээ зэрэг хорт хавдар түүнтэй холбоотой бүх төрлийн тусламж үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцаж байна. Үүний үр дүнд зөвхөн энэ оны 3 сард гэхэд 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум, 5035 иргэний мэс заслын тусламж үйлчилгээнд 6.8 тэрбум төгрөгийг ЭМД-сангаас олгожээ.

Түүнчлэн энэ оны эхний 3 сарын байдлаар нийт 188221 зорилтод бүлгийн иргэдэд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЭМДС-аас санхүүжүүлсэн. Ингэснээр хүн амын зорилтод бүлэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдэд эрүүл мэндээс үүдэх санхүүгийн бодит дарамт учруулахгүйгээр эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img