О.Оджаргал: Явган хүний зам хамгийн аюулгүй байх ёстой
Хуваалцах:
img

Хотын стандарт, хяналт газрын орлогч дарга О.Оджаргалтай Улаанбаатар хотын  явган хүний зам, дугуйн замын стандартын талаар ярилцлаа.

-Ярилцлагын эхэнд стандартын ач холбогдлын талаарх ойлголтыг хүмүүст өгье. Хотод стандарт яагаад чухал байдаг вэ?
-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, дүрэм журам, заавар гэж бий. Эдгээрийг дагалдаж гардаг бас нэгэн баримт бичиг бол стандарт юм. Стандарт гэдэг бол аливаа улс оронд, тухайн хотод иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоож өгдөг гэсэн үг. Хотод амьдрах дүрэм гэж ойлгож ч болно. Тухайн иргэн өглөө гэрээсээ гараад нийтийн харилцаанд орж эхлэхээс орой гэртээ харих хүртлээ мөрдөж дагадаг дүрэм гэж хэлж болно. Нийтийн тээвэрт биеэ зөв авч явах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхаас эхлээд хувь хүний хэм, хэмжээ буюу стандарт эхэлдэг.  Хот стандарттай байж улс орны хөгжил яригддаг. Хүмүүс нийгмийн харилцаанд янз бүрийн байдлаар оролцдог. Явган болон дугуйгаар зорчих, машин унаж замын хөдөлгөөнд оролцохоос гадна нийтийн орон сууцанд   22:00  цагаас хойш  дуу чимээ гаргахгүй байхаас эхлээд дагаж мөрддөг стандарт олон бий.

Улаанбаатар хотод шилжин ирж амьдарч буй оюутан, залууст энэ бүх хэм, хэмжээг таниулж, танилцуулна гэдэг чинь хотын стандартыг л таниулж байна гэсэн үг. Тэгэхээр стандарт бол хол хөндий зүйл биш нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ л юм.

-Явган болон дугуйн замын стандартыг онцолж ярилцъя. Эхлээд явган хүний замын стандартын тухай ярихгүй юу?
-Нийслэлд явган хүний замаар зорчдоггүй нэг ч хүн байхгүй. Гэрээс гарч, машинаас буугаад л явган хүний замаар зорчиж, зорьсон газартаа хүрдэг. Тэгэхээр явган хүний замын стандарт хамгийн чухал. Явган хүний зам бол хамгийн аюулгүй орчин байх ёстой. Явганаар зорчиж байгаад гэмтэж бэртэх тохиолдол гаргахгүйн тулд аюулгүйн шаардлага нэн түрүүнд тавигдана.

Нөгөөтээгүүр тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан хэсэг заавал байх учиртай. Авто зам, явган хүний замын уулзвар болон өндөржилтийн зөрүүтэй замд налуу гаргахаас эхлээд харааны бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэд зорчиход зориулсан стандартыг боловсруулсан. Тэдэнд зориулсан хөтөч хавтан байршуулахаас эхлээд стандартад нарийвчлан заасан байдаг. Хөтөч шар хавтан гэхэд л тасралтгүй үргэлжлэх холбоосоор холбогдсон байх ёстой. Тэгж байж харааны бэрхшээлтэй иргэдэд хөтөч болдог онцлогтой.


 
Улаанбаатар хотод явган хүний замыг олон төрлийн материалаар хийж байна. Усан суурьт будагтай болон зиг заг хавтан, асфальтан зам гэхчлэн олон төрлийн материалаар хийсэн явган хүний замаар иргэд зорчдог. Тиймээс бид 2020 онд Явган хүний замын стандартыг батлаад Улаанбаатар хотод мөрдөх баримт бичиг болгон гаргасан. Энэхүү стандартын талаарх анхан шатны ойлголт өгөх сургалтуудыг явуулж байгаа. Бүтээн байгуулалтад оролцохдоо аж ахуйн нэгжүүд явган хүний замыг хэрхэн байгуулах вэ гэдэг талаар ойлголт өгч, зөвлөн зааварлаж байна. Энэ хэмжээгээр бүтээн байгуулалтын ажилд орхигдсон, хаягдсан зүйл байдаг бол засаж залж явна гэсэн үг. Хороо, СӨХ, нутгийн захиргааны байгууллагын хэмжээнд сургалт, мэдээлэл өгч байгаа.

                                                Дугуйн зам нь нэг урсгалтай бол дор хаяж 1.5 метр өргөн, эсрэг урсгалтай бол гурван метр өргөн байх  ёстой.

-Дугуйн замын хувьд стандарт боловсруулсан уу?
-Дугуйн замын асуудал сүүлийн жилүүдэд илүү эрчимтэй яригдаж байна. Хүүхэд, залуучууд цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеэ чийрэгжүүлэх байдлаар дугуй унах нь элбэгшсэн. Тэр хэрээр дугуйн замын стандартыг хөндөн тавьж байгаа. 2020-2021 онд бид дугуйн зам стандарт нормын дагуу баригдаж байна уу, тэмдэг тэмдэглэгээ байна уу, зорчих урсгалын аюулгүй орчин бүрдсэн үү гэдгийг судалж, шалгасан.

Дугуйн зам нь нэг урсгалтай бол дор хаяж 1.5 метр өргөн, эсрэг урсгалтай бол гурван метр өргөн байх  ёстой. Мөн дугуйн зогсоол, амрах талбайг  бэлдсэн байх ёстой. Хүн багадаа 3-4 км зорчино шүү дээ. Тиймээс хөл цуцах, ядрах нь бий. Ийм үед амрах, утсаар ярих, амны цангааг гаргаж ус уух зэрэг байдлаар түр амсхийх, бусдын хөдөлгөөнд саад болохооргүй  зориулалттай зогсоолыг бий болгох учиртай.
 
Нийслэлд Таван шараас Офицеруудын ордон хүртэл дугуйн зам  байгуулж байгаа. Энэ ажилд захиалагчийн хяналт тавьж, дугуйн замын төлөвлөлт, хучилтад тавигдах шаардлагад зөвлөгөө өгөх, явцын хяналтыг хамтран хэрэгжүүлэх, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, стандарт норм зөрчигдөх, орц найрлага нь дутмаг байх юм бол зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах  зэргээр ажиллаж байна. Энэ бүхнийг “Дугуйн замын төлөвлөлт, хучилтад тавигдах шаардлага”, “Явган хүний зам талбайн төлөвлөлтөд тавигдах техникийн ерөнхий шаардлага” болон  Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/456,  2021 оны А/276 дугаар захирамжийн хүрээнд хийж хэрэгжүүлж байна.

Таван шараас Офицеруудын ордон хүртэлх дугуйн зам бол стандарт шаардлага бүрэн хангасан зам. Хэвтээ тэмдэг, тэмдэглэгээнээс эхлээд стандартын дагуу хийгдсэн.

Ирэх жилүүдэд хийж, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд явган хүний болон дугуйн замыг хэрхэн тавих вэ, ямар материал ашиглах уу, тухайн компани техник технологи, хүн хүчний хувьд ямар хүчин чадалтай байх уу гэхчлэн бүгдийг дээрх стандартын баримт бичигт тусгасан.

-Энэ бүх шаардлага, стандартыг хангуулахад тулгардаг бэрхшээл юу вэ?
-Анхан шатанд ажлын зураг гарч, магадлалаар төсөв батлагдаж, үүний дараа сонгон шалгаруулдаг. Хамгийн эхэнд ажлын зураг зөв гарах ёстой. Сонгон шалгаруулалтад зураг төсөвт тусгагдсан даалгаврыг хийж гүйцэтгэх хүчин чадал бүхий компанийг сонгох учиртай. Ингээд тухайн компани ажилдаа ороход зохиогчийн дүгнэлт буюу авторын хяналт маш чухал. Авторын хяналтыг тогтмол хийж, хэрэгжүүлэх ёстой. Мөн захиалагчийн хяналтыг тогтмол хийж, журнал дээр хөтөлж, баталгаажуулах ёстой. Энэ бүхний үр дүнд стандарт шаардлагад нийцсэн, аюулгүй орчинг бүрдүүлсэн, үр өгөөжтэй ажил болох юм.



-Улаанбаатар хотод стандарт шаардлага хангасан, иж бүрэн тохижуулсан явган хүний болон дугуйн зам хэр олон байна вэ?
-Дээр дурдсан Таван шараас Офицеруудын ордон хүртэлх дугуйн зам бол стандарт шаардлага бүрэн хангасан зам. Хэвтээ тэмдэг, тэмдэглэгээнээс эхлээд стандартын дагуу хийгдсэн. Явган хүний замын хувьд Москва хороолол, Өнөрийн гудамж орчимд зөвшөөрөлгүй гарааш буулгаж, газар чөлөөлсөн талбайд бий болгосон  ногоон байгууламж, явган хүний зам стандартын дагуу хийгдсэн.

 

Хийж, хэрэгжүүлж буй ажилд маань дөрвөн улирлын нөхцөлд тохирсон, халуун, хүйтэнд тэсвэртэй байхаас эхлээд чанар, стандартын өндөр шаардлага тулгардаг.

-Зөвшөөрөлгүй гараашийг буулгаж, газар чөлөөлсөн нь иргэдийн талархлыг хүлээсэн. Иргэд та бүхэнд хандаж хэрхэн санал, санаачилга гаргах боломжтой вэ?
-Бид стандартын баримт бичгийг нутгийн захиргааны байгууллагуудад хүргүүлэхийн сацуу энэ жил боловсруулсан 22 бүлгийн 97 баримт бичгээ байгууллагынхаа вэб сайт, пэйж хуудсанд байршуулсан. Иргэд тэр бүхэнтэй танилцаж, санал өгөх бүрэн боломжтой. Иргэдийн саналыг судалж, боломжит саналыг бид дараа дараагийн баримт бичгүүдэд тусгадаг.

-Стандартын баримт бичгийг боловсруулахдаа гадаадын улс орны адил төстэй баримт бичгийг давхар судалдаг байх. Энэ талаар сонирхуулбал?
-Монгол цаг уурын хувьд онцлогтой, дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай. Хийж, хэрэгжүүлж буй ажилд маань дөрвөн улирлын нөхцөлд тохирсон, халуун, хүйтэнд тэсвэртэй байхаас эхлээд чанар, стандартын өндөр шаардлага тулгардаг. Бид бусад улс орны жишгийг харахдаа ижил цаг ууртай, Канад, Швед зэрэг өндөр хөгжилтэй орны туршлагыг судалдаг. Зөвхөн дотоодын үндэсний MNS стандартыг судлахаас гадна өндөр хөгжилтэй орнууд стандартыг юунаас эхэлж байгаа, иргэдэд стандартыг хэрхэн хүргэж байгааг байнга тусгадаг.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img