Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулж байна. Энэ үеэр Эрүү болон Зөрчлийн хэргийн талаар албаныхан мэдээлэв.
Шүүхийн статистик хариуцсан референт Э.ГАНЦЭЦЭГ:
-Авлигын гэмт хэрэг бүхэлдээ өсөлттэй гарсан. Хоёр хэрэг тутмын нэг нь авлига албан тушаалаа ашигласан хэргээр шүүхэд шийдвэрлүүлж байна. Түүнчлэн нийт ял шийтгүүлсэн 11263 хүний 23.6 хувь өмнө нь ял шийтгүүлж байсан. Мөн 190 хүн Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж шийдвэрлэсэн.
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн 8.5 хувь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид байна. Тайлант хугацаанд 21.800 хүнд 21.810 хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн 11.580 хүнд яллах шийдвэр гаргасан. Цагдан хоригдсон хүний тоо өмнөх оноос 21.8 хувиар буурсан.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.АМАРСАНАА:
-Шүүх өмнөх онд 89.089 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Үүнээс анхан шатны эрүүгийн хэргийн 12.068, иргэний 45.444, захиргааны 1764 хэргийг хянан шийдвэрлэжээ. Нийт 1115 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллаж, 2354 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 10.4 хувиар, иргэний хэрэг 15.3 хувиар тус тус буурсан. Харин Захиргааны хэрэг 15.7, зөрчлийн хэрэг 4.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 53 хувиар, захиргааны хэрэг 66.8 хувиар буурсан дүнтэй гарлаа. 2021 онд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэг шүүгчид дунджаар 97.3 хэрэг, аймаг дахь дундын нэг шүүгчид дунджаар 77.4 хэрэг шийдвэрлэсэн байна. Өмнөх оноос дүүргийн нэг шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг 24.2 хувиар, аймаг дахь сум дундын нэг шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг 8.9 хувиар тус тус буурсан байна" гэлээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0