Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Батцэнгэлтэй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор хэрхэн олгож байгаа талаар ярилцлаа.
Улс төрийн хэлмэгдүүлэлт гэж юуг хэлж байна. Энэ хэлмэгдүүлэлт хэдий үеэс эхэлсэн юм бэ?
Улс төрийн хэлмэгдүүлэлт гэж хүнийг нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан нам, төр, нийгэмд аюултай этгээд гэж тооцож, улс төрийн буюу төрийн эсрэг гэх гэмт хэрэгт хууль бусаар холбогдуулж, шүүх, тусгай, онцгой бүрэн эрхт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд нэр төр, сэтгэл санаа эд хөрөнгийн хохирол учруулсан бөгөөд зохиомол хэрэг, гүтгэлэгт үндэслэсэн арга хэмжээг хэлнэ гэж хуулиар тодорхойлсон байдаг.
Улс төрийн хэлмэгдүүлэлт нь төр засгаас явуулж байгаа бодлого ард олны санаа сэтгэлд нийцэхгүйгээс түүнийг эсэргүүцэх үзэгдэл, хандлагыг далимдуулан тэднийг улс төр, хүчирхийллийн аргаар хууль бусаар дарж авах гэсэн бодлогоор 1930-аад оноос бий болж 1980-аад он хүртэл үргэлжилсэн үйл ажиллагаа юм.
Монгол оронд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт нь Ардын Засгийн анхны ерөнхий сайд Догсомын Бодоог буудан хороосноос эхлэлтэй гэж үзэх үндэслэлтэй юм.
Улс төрийн хилс хэрэгтнийг цагаатгах ажил хэдий үеэс эхэлсэн бэ Өнгөрсөн хугацаанд улс төрийн хэлмэгдүүлэлтээр хичнээн хүн хохирч, мөн цагаатгагдсан байдаг вэ?
1939 оны дөрөвдүгээр сарын эхээр Дотоод явдлын яамны мөрдөн байцаагчдын улсын зөвлөгөөн болж, энэ зөвлөгөөн Дотоод явдлын яамны ажилд нэлээд шүүмжлэлтэй хандаж, улс төрийн хэрэгт хүмүүсийг толгой дараалан барьж хорьдог, бууддаг асуудлын талаар хурцаар ярилцаж, энэ зөвлөгөөний дараа Дотоод явдлын яамны дэргэд байгуулсан Онцгой бүрэн эрхт комиссыг татан буулгасан байдаг. Улс төрийн хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн зарим иргэдийн хэргийг болон мөрдөн байцаалтанд байгаа хэргүүдийг Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссоос 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн дахин хянаж, хэрэгсэхгүй болгож, суллах, мөрдөн байцаалт ял эдлүүлэх ажилд тавих, прокурорын хяналтыг сайжруулах, хэргийг заавал шүүхээр шийдвэрлэдэг болох зэрэг асуудлуудыг хөндөн тавьж, хэрэгжүүлж эхэлсэн үеэс улс төрийн хэргийн цагаатгалын ажил эхэлсэн гэж үзэж болно.
Тухайн үеийн Улс Төрийн Товчооны комиссоос улс төрийн хэрэгт хэлмэгдэгчдийн хэргийг нарийвчлан судлаж дараах тоо судалгааг гаргасан байдаг. 1930-1955 онд улс төрийн хэрэгт нийт 35744 хүн шийтгүүлснийг хэрэг бүрээр нь тооцоход: Ж.Лхүмбийн хэрэг гэгчид 317 хүн, Лам нарын бүлэг хэрэгт 17664, /үүнээс 14000 гаруйг нь 1937-1939 онд хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн/ П.Гэндэн, Г.Дэмид нарын эсэргүү бүлэг гэгчид 6000 гаруй, Порт-Артур болон бусад хэрэгт 3400 хүн, цагааны оргодол, японы тагнуул гэх хэрэгт буриад, орос, өвөр монгол 2100 гаруй хүн, гоминдан, японы тагнуул гэгдэж 2200 гаруй хүнийг баривчлан шалгасан бөгөөд үүнээс 5000 гаруй иргэний хэргийг цагаатгаж, 50-иад хүний хэргийг цагаатгах үндэслэлгүй гэсэн байна.
Хилс хэргээр хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрт нөхөн олговор олгох тухай хууль хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ ?
БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Комисс байгуулах тухай” 56 тоот зарлиг гарган, Улс төрийн хилс хэрэгт татагдан хэлмэгдсэн хүмүүсийн асуудлыг үргэлжлүүлэн судалж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссыг байгуулсан.
Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах алба 1991 онд 4327 хүний хэргийг шалгаад прокурорт шилжүүлсэн байдаг. Монгол Улсын Их Хурлаас 1998 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг батлан гаргаж, цагаатгах ажлыг хэрэгжүүлж байна.
Прокурорууд цагаатгалын комиссын гишүүнээр ажилладаг. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажилд та бүхэн ямар үүрэг оролцоотой ажиллаж ирсэн бэ?
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах үйл ажиллагааг эрхэлж эхэлснээс хойш Улсын прокурорууд цагаатгалын комиссын гишүүнд байнга сонгогдон, бодлогыг нь тодорхойлон ажиллаж ирсэн. Мөн хэлмэгдэгчдийг цагаатгахаар шинээр илэрсэн нөхцөл байдлаар эрүүгийн хэрэг үүсгэн, Тагнуулын байгууллагаар шалгуулж, түүнд хяналт тавьж, хилсээр улс төрийн хэрэгт хорих болон хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн хүмүүсийг цагаатгуулахаар 1990-ээд оноос хойш Улсын Дээд шүүхэд Улсын Ерөнхий прокурорын орлогчийн эсэргүүцэл бичиж, хуралдаанд оролцон дүгнэлт гаргаж байна.
Хэлмэгдэгчид ял шийтгэл оногдуулсан Шүүх болон шүүхийг орлож ажилласан байгууллагын шийдвэр, шүүхийн тогтоол нь олдохгүй тохиолдолд хэргийг хянаад прокурорын тогтоолоор улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож цагаатгах, хэлмэгдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй бол шинээр илэрсэн нөхцөл байдлаар шалгасан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх зэргээр оролцсоор ирсэн.
Түүнчлэн Прокурорын байгууллага хэлмэгдэгсдийн садан төрлийг тогтоох, хэлмэгдэгсэд болон тэдний садан төрлийн хүмүүст хуульд заасан нөхөх олговор олгуулах тухай хүсэлт гаргасан шүүх хуралдаанд оролцон хууль зүйн дүгнэлт гаргах, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулахаар иргэд, байгууллагаас гаргасан өргөдлийг хүлээн авч, шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэн шалгуулах, цагаатгалын үнэмлэх олгох, нөхөж олгох, Тагнуулын Тусгай архивт байгаа хэргүүдийг хянаж, хариу өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байна.
Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулахаар өргөдөл гаргах хүмүүст хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Дээрх хэргүүд нь бүгд хуучин монгол бичгээр бичигдсэн байдаг онцлогтой. Тиймээс цагаатгалын ажил хариуцах прокурор нь хуучин монгол бичгээр унших, бичих чадвартай байх шаардлагатай байдаг.
Прокурорын байгууллага өнгөрсөн хугацаанд хичнээн хэргийг цагаатгасан бэ?
Прокурорын байгууллага нь 1990 оноос хойш Тагнуулын байгууллагаар шалгуулсан 23516 хэрэгт хяналт тавьж, прокурорын тогтоолоор 2531 хүнд холбогдох хэргийг хянаж хэрэгсэхгүй болгон цагаатгасан. Мөн 1118 хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлаар эсэргүүцэл, 1232 хэрэгт прокурорын дүгнэлт бичиж Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэн, 24425 хүнийг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулсан гэсэн тооцоо байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль хэдийд хэрэгжиж дуусах вэ. Иргэдээс цагаатгуулах тухай өргөдөл хүлээж авахаа больсон гэх юм?
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль 1998 онд батлагдаж хэрэгжсэнээс хойш таван удаа нэмэлт өөрчлөлт орж, цагаатгуулах тухай өргөдөл гаргах, хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор олгох нэхэмжлэл гаргах хугацааг сунгасан. Хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулиар хэлмэгдэгчийг цагаатгуулах тухай өргөдөл гаргах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байхаар заасан. Мөн нөхөх олговрын нэхэмжлэл гаргах эрх нь хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд шийдвэрийг хүлээн авснаас хойш гурван жилийн хугацаанд байхаар тогтсон.
Мөн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийн нөхөх олговор олгох эрх зүйн орчин бүрдэж, энэ хуулийн заалт хэрэгжиж байна.
Энэ хуулийн заалтын дагуу хэлмэгдэгчийг цагаатгуулах тухай өргөдлийг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн тус прокурорын газарт хүлээж авахгүй байгаа.
Харин Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивт хадгалагдаж буй огт шалгагдаагүй болон 1998 оноос хойш шалгаад улс төрийн хилс хэрэгт холбогдсон нь нотлох баримтаар тогтоогдоогүйгээс мөрдөн байцаалтыг зогсоосон хэргүүдийг сэргээн шалгах ажиллагааг гүйцэтгэж байна.
Одоогоор энэхүү шалгагдаагүй хэргийн тоо 1200 орчим байна.
Мөн хэлмэгдэгчдэд нөхөх олговор олгох, тэдний садан төрлийг тогтоох ажиллагаа шүүхийн шатанд хуулийн дагуу явагдаж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин 2021.05.21 Баасан №101 (6723)
Нийт сэтгэгдэл 0