Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр утсаар ярьж, олон улсын нөхцөл байдал, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлууд болон хилийн боомтуудыг нээх, экспорт, импортыг нэмэгдүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Монгол, Хятадын хилийн ажиллаж байгаа боомтуудаар хийгдэж буй экспорт, импортын хэмжээг эрс нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, цар тахлаас үүдэлтэйгээр хаагдсан хилийн бусад боомтыг үе шаттайгаар нээх, ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх, Тяньжин боомтод байгаа чингэлгүүдийг яаралтай татан авах, энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд боломжит бусад далайн боомтыг ашиглах саналыг манай талаас хөндөв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И хилийн боомтын үйл ажиллагаа нь Монгол Улсын хувьд эн тэргүүний тулгамдсан асуудал гэдгийг ойлгож буйгаа илэрхийлээд Монгол Улсын “Шинэ сэргэлт”-ийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогыг Хятадын тал чухалчлан үзэж байна хэмээв.
Тэрбээр хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг хангах, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч байгаа бөгөөд ойрын үед цар тахлын улмаас хаагдсан зарим боомтуудын үйл ажиллагааг сэргээх, боомтын бүтээн байгуулалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаагаа дурдав. Тодруулбал, Сэхээ, Лаоемяо боомтын бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж буйг дурдаад, ойрын үед нээх боломж бүрдсэнийг Хятадын тал мэдэгдлээ.
Мөн Гашуунсухайт боомтод ачаа тээвэр гүйцэтгэж буй жолооч нараас нийт 92 халдварын тохиолдол гарсныг онцолж, Монголын тал хилийн боомтын халдвар хамгааллаа улам бүр сайжруулах нь ачаа тээвэр саадгүй явах гол нөхцөл болохыг тэмдэглэв. Сайд Б.Батцэцэг Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарыг Хятадын талын холбогдох албан тушаалтнуудтай хилийн боомттой холбоотой асуудлаар яриа хэлэлцээ хийлгэх санал дэвшүүлснийг судлан үзэж, ойрын үед зохион байгуулах чиглэлээр ажиллахаа Сайд Ван И илэрхийллээ.
Гадаад харилцааны сайд нар хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал нөлөөтэйг тэмдэглэж, боомтуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр цаашид ч нягт хамтран ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0