Төв талбайд өчигдөр эхэлсэн “Монголдоо сайхан амьдаръя” жагсаал өглөөний 5 цаг орчимд дуусчээ. Үнийн хөөрөгдлийг эсэргүүцсэн иргэдийн тайван жагсаалд залуус идэвхтэй оролцож, үймээн үүсгэхээс сэргийлэн цагдаагийн байгууллагаас нэмэлт бүрэлдэхүүн гарган ажилласан хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдэгдлээ. Үнийн өсөлт гаарч буй энэ үед Засгийн газраас шударга ёсыг эрхэмлэх, өрөө төлөх, инфляцийн түвшнийг тодорхой хэмжээнд барихыг залуучууд шаардсан. Тэд өчигдөр Засгийн газарт долоон шаардлага хүргүүлсэн юм.
Тодруулбал,
• Авлига, албан тушаалын хуулийн 22.1 дүгээр заалтыг шинэчлэх,
• Үйлдвэрлэлийг дэмжих, зээлийн бодлогыг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах,
• Бизнес эрхлэгчдийг дэмжих, Хөгжлийн банкны асуудлыг шийдэх,
• Олон улсын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх,
• Дарга нарын хангамжийг зогсоох,
• Үнийн өсөлтөд арга хэмжээ авах,
• Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд байгаа юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр 18.00 цагийн үед жагсагчдын шаардлагыг хүлээн авч Ерөнхий сайдад танилцуулсан байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд захирамж гарган, ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулан холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өгчээ. Жагсагчдын тавьсан шаардлагад Засгийн газар өнөөдөр хариу өгөх юм байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0