Ковидоос үүдэлтэй дотоодын хөл хорио, хориглолт, хязгаарлалтууд шат дараатайгаар цуцлагдлаа. Гамшгийн үеийн зэрэглэлийг бууруулснаар монголчууд амны хаалтаа зүүх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх хоёроос бусдаар хэвийн амьдралын горимд шилжив. Одоо гадаад талдаа хил нээх, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас анхаарч, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын үйл ажиллагааг сайжруулж, тоог нэмж, эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Ямартай ч хойд хөрш ОХУ руу хил нээгдэж, харилцан зорчих хөдөлгөөн нээгдэв.
Өмнөд хөршид Ковидын нөхцөл байдал дахин хүндэрч, халдварын шинэ давалгаа өрнөж байгаа тул хил нээх тал дээр болгоомжлонгуй хандаж байна. Ийм шалтгааны улмаас ачаа тээвэр нэвтрүүлэх, халдварын өндөр дэглэм мөрдөх тодорхой шаардлагуудыг манай улсад тавьж байгаа тул харилцан тохиролцохоос өөр арга байхгүй. Хөрш байна гэдэг нэгнээ хүндэтгэхийн нэр. Замын-Үүд болон бусад боомтоор чингэлэгт тээвэр хийх шаардлагыг манайхан биш хятадууд л хатуухан тавьсаар байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр яриа хэлэлцээгээ чамбайруулж, шуурхайлах шаардлага бол бий.
Улс хоорондын тээвэр ложистикийн асуудлыг Зам тээврийн хөгжлийн яам дангаараа шийддэггүй. Засгийн газар хоорондын комисс, Шадар сайд, Гадаад харилцааны яам гээд олон талт яриа хэлэлцээний үр дүнд асуудал эцэслэгддэг. Дипломат албаныхны үүрэг асар өндөр. Хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын сүүлчээр Замын-Үүд боомтын талаар ажлын хэсэг байгуулж Шадар сайдаар ахлуулсан нь ийм учиртай. Замын үүдийн боомттой холбоотой бүх шийдвэрүүд тус ажлын хэсгээс гардаг.
Хилийн ачаа тээвэр ийм олон талын оролцоо, яриа хэлэлцээний үр дүнд шийдэгдэг гэдгийг мэдсээр байж мэдэн будлих, мушгин гуйвуулах, худал сенсаац дэгдээх нь өөрөө хорлол шүү дээ. Л.Халтар сайдыг харлуулах улс төрийн явуургүй хүслээр цаана хөрш орны асуудал, ачаа тээврийн яриа хэлэлцээг хавчуулж байгаа нь жамаараа яваа, урагшилж байгаа яриа хэлэлцээг хорлож байгаа хэрэг. Гадаад яамнаас авахуулаад олон байгууллагын оролцоотой хийдэг ажил гэдгийг ойлгох учиртай. Хамтаараа хариуцлагаа үүрдэг ийм л тогтолцоо. Ер нь тэгээд Л.Халтар сайд хамгийг мэддэг гээд хэн хэлчихсэн юм бэ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0