Эрүүл мэндийн яамнаас тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлэх эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Монгол улсын Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсний дагуу 5 сарын 1-нээс эхлэн улс орон даяар иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулах ажлын зохион байгуулж, бэлтгэл ажлуудаа хангаад байна. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийх хэд хэдэн зорилго бий.
Нэгд "Алсын хараа-2050" Монгол улсын урт хугацааны бодлогын бичиг баримтад тусгагдсан байдаг. Үүнд иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд тогтмол хамрагддаг болгож хэвшүүлэх гэсэн заалт байдаг. Мөн 2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эдгээр ажлууд тусгагдсан байдаг. Эдгээр ажлын хүрээнд орон нутаг болон нийслэлийн хэмжээнд зохих бэлтгэл ажлуудыг хийж 5 сарын 1-нээс урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар эхлүүлэх гэж байна. Энэ удаагийн үзлэг хэд хэдэн онцлоготой байна. Манай улсад 2018 онд Эрүүл мэндийн сайдын тушаал гарч эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр журам тогтоол болон гарч урьдчилан сэргийлэх үзлэгийг хийсэн боловч иргэдийн хамрагдалт идэвхтэй байгаагүй. Ийм учраас бид энэ жил нилээд өргөн цар хүрээгээр урьдчилан сэргийлэх ажлыг хийхээр төлөвлөж тухайн журам тогтоолыг өөрчилсөн.
Журамд үзлэг шинжилгээ 6 насны бүлгээр хийгдэж байгаа. 0-с дээш насны бүх иргэд хамрагдахаар зохион байгуулсан.
0-17 насны иргэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг сумын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдээрээ үзүүлнэ.
18-аас дээш насны иргэд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үзүүлнэ. Энэхүү үзлэг, оношилгоо нь бүтэн жилийн хугацаанд үргэлжилж, жил бүр тогтмол хийгдэнэ. Бид насны багцын шинжилгээнүүдийг манай улсад зонхилон тохиолддог, тэргүүлж байгаа, нас барж буй өвчлөлүүдийн шалтгаан руу чиглэсэн багцыг гаргасан. Энэ удаагийн багцын шинжилгээ
0-17 насанд 6 төрлийн шинжилгээ хийгдэнэ. Үүнд зан төрхийн өөрчлөлт, амны хөндий, өсөлт, биеийн жингийн үзүүлэлт гэх мэт 6 үзүүлэлтээр үзнэ.
18-с дээш насанд 19 нэр төрлийн шинжилгээг оруулсан. Нилээн өргөтгөсөн байдлаар зохион байгуулж байна. Манай улсад зонхилон тохиолддог зүрх судасны өвчлөл, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах тогтолцоо зэрэг өвчлөлрүү чиглэсэн. Дээрээс нь 9 төрлийн хавдрын шинжилгээг хавдрыг илрүүлэх зорилготойгоор багцад оруулсан.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах иргэдэд тухайн амьдарч буй дүүргийн өрх хорооноос мэдээллийг хүргэнэ. Тухайн иргэнд дүүрэг хороогоор нь хуваарилалтуудыг хийсэн байгаа. Ингээд тухайн дүүрэг хороонд хуваарилагдсан төр болон хувийн хэвшлийн эмнэлэгтээ очоод иргэн урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдах нь байна. Үзлэг ажлын өдрүүдэд хийгдэнэ. Зарим гэрээ байгуулсан хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хагас сайнд хийгдэхээр зохион байгуулалтад орсон.
Үзлэг, оношилгоонд хамрагдахын тулд иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай. Эрүүл мэндийн даатгалын сангаас урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийхээр зохион байгуулалтуудыг хийсэн. Багцын шинжилгээ нь 60-150 мянган төгрөгийн өртөгтэй. Нас наснаасаа хамаараад зарим нэр төрлийн шинжилгээнүүд насны багцдаа харилцан адилгүй байгаа.
Мөн хэд хэдэн үүрэн телефоны компаниуд хамтран ажиллаж байгаа. Энэ компаниудаас иргэд рүү Скайтелын 9119 дугаараас залгана. Скайтелын энэ дугаараас залгавал урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгооны талаар мэдээлэл өгөхөөр өрх хорооноос ярьж байна гэж ойлгоорой. Орон нутагт зохион байгуулалтуудыг хийсэн. Ялангуяа 2021 оны төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарт 230 тэрбум төгрөгний тодотголыг хийж эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, ажилчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх тал дээр ажилласан. Үүнээс 110 тэрбум төгрөг нь тоног төхөөрөмж ялангуяа хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор тусгасан. Энэ хүрээнд орон нутгуудад эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулж байгаа. Ингэхдээ шинээр байшин барилга барилгүйгээр эмнэлгийн нэг корпус, өмнө нь ашиглагдаж байсан барилгуудад засвар хийж иж бүрэн тоног төхөөрөмжтэй нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулсан. 21 аймагт дэмжих төвүүдийг үе шаттай байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 15 аймгийн нэгдсэн эмнэлэгт дэмжих төв бэлэн болсон. Мөн 9 дүүргийн 5-д нь дэмжих төвүүд байгуулагдаж ашиглалтад орж байна. Улсын томоохон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд нэг цэгийн үйлчилгээ үүсгэсэн. Ингэхээр иргэд амбулаторийн үзлэгтэй холилдохгүй, дэмжих урьдчилан сэргийлэх төвөөр үйлчилгээгээ авна гэсэн үг. Манай эмнэлгүүдийн хүчин чадал харилцан адилгүй. Иймд нэг өдөрт нэг байгууллага дээр 50-60 хүн авахаар зохион байгуулалтуудыг хийсэн. Ингэж байж үзлэг тусламж үйлчилгээ маань чанартай хүртээмжтэй байна гэдэг үүднээс ийм зохион байгуулалтыг хийсэн" гэлээ.
Нийт сэтгэгдэл 0