Мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөг үргэлжилж байна
Хуваалцах:
img

Мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөг Барилгын политехник коллежид хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү өдөрлөгийн нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцов. Улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллага үйл ажиллагаа явуулдаг.

Барилгын политехник коллеж 1954 онд байгуулагдсан бөгөөд 27 мэргэжлээр боловсрол олгох 1-2,5 жилийн сургалтыг явуулдаг байна. Нээлттэй өдөрлөгийн үеэр тус коллежид суралцагчдын гэр бүлийнхэн сургуулийн үйл ажиллагаатай танилцахаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эцэг эх, асран хамгаалагчдын хамт оролцож байлаа. Мөн энэ үеэр ур чадварын уралдаанд оролцогчдын хоёрдугаар шатны шалгаруулалт явуулж байв.

Мэргэжлийн боловсролын салбарт суралцах хугацааг сунгах, дараагийн шатанд дэвшин суралцахад дүнг дүйцүүлэн тооцдог болох, дадлага ажлын хэрэглэгдэхүүн, материалын өртгийг шинэчлэн тогтоох, суралцагчдад олгодог мөнгөн тэтгэмжийг уян хатан зохицуулалттай олгох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай талаар багш нар хэлж байлаа.

Мэргэжлийн боловсролын салбар энэ оны нэгдүгээр сараас Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд шилжиж ирсэн. Оны эхнээс мэргэжлийн боловсролын хуулийн төсөл боловсруулах ажил эхэлж эдгээр тулгамдсан асуудлын зөв шийдлийг тусган ажиллаж байгаа аж. Мэргэжлийн боловсролын салбарт гажуудсан асуудлуудыг зөв голдиролд нь оруулах зорилгоор сургуулиудын удирдлагуудтай хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулж, хуулийн төсөлд санал аваад байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img