Дүрээ нуусан эр алдарт "Мона Лиза"-гийн зурагт бялуу түрхжээ
Хуваалцах:
img

Парисын дэлхийд алдартай Луврын музейд нэгэн зочин Сэргэн мандалтын үеийн "Мона Лиза"-гийн зурагт бялуу нааж, сүйтгэх оролдлого хийжээ.

Луврын музейн мэдэгдэлд дурдсанаар, тэрхүү эр урлагийн бүтээлд бялуу нялахаасаа өмнө тэргэнцэр дээр суун зураг руу дөхөж очсон байна. Хэргийн дараах видео бичлэгүүдэд тэр тэргэнцрээсээ боссон байдалтай буюу хөл дээрээ зүгээр явж байгаа нь харагджээ. Өөрөөр хэлбэл тэр хөгжлийн бэрхшээлтэй хүний дүр эсгэн бүтээл рүү ойртсон байна. Луврын музей нь тэргэнцэртэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан журмын дагуу урлагийн бүтээлийг энгийн хүмүүсийн урдуур орж, илүү ойроос үзэхийг зөвшөөрдөг байна.

"Тэр хүн зургийн дэргэд зогсож байхдаа нуусан бялуугаа гэнэт гаргаж ирээд Мона Лизагийн шилэн дээр наан нялж, сүйтгэсэн. Гэхдээ түүний энэ үйлдэл нь зурагт ямар ч нөлөө үзүүлээгүй, зураг гэмтээгүй" хэмээн музейн төлөөлөгч мэдэгджээ.

36 настай эрэгтэйг баривчлан цагдаагийн төв байранд байрлах сэтгэцийн эмгэгийн эмнэлэгт хүргэсэн гэж Парисын прокурорын газраас мэдээлэв. Мөн Луврын музей гомдол гаргаж "Соёлын үнэт зүйлийг гэмтээхийг завдсан" гэсэн үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэр эр твиттер хуудсандаа нийтэлсэн видео бичлэгтээ  францаар "Эх дэлхийг бод, хүмүүс үүнийг устгаж байна" хэмээжээ.

"Мона Лиза" нь Леонардо да Винчигийн гайхамшигт бүтээл нь дэлхийн хамгийн алдартай уран зураг бөгөөд жил бүр хамт зургаа авахуулахаар сая сая жуулчин ирдэг. Үүнийг 1911 онд Луврын нэгэн ажилтан хулгайлсан нь олон улсад нэр хүндийг нь улам өсгөсөн бөгөөд 1950-иад онд зотон даавууны доод хэсэг хүчилд өртсөн учир сум нэвтэрдэггүй шил зэрэг хамгаалалтын аргыг нэмэгдүүлжээ. 2009 онд нэгэн эмэгтэй уран зураг руу керамик аяга шидсэн ч аяга хагарч, зураг гэмтээгүй өнгөрсөн юм. Энэхүү нийтлэлийг Луврын музейн мэдэгдлээр шинэчилсэн болно хэмээн CNN мэдээлжээ.

Эх сурвалж: СNN

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img