Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Хэнтий аймгийн Мөрөн сумын ногооны талбай, усалгааны системийн суурь баазаар орж, тариалан эрхлэгчидтэй уулзлаа.
Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг Улсын Их хурлын чуулганаар хэлэлцүүлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ. Мөн хүнсээ дотоодоос бүрэн хангадаг болохын тулд төр, засгаас боломжтой бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгийг онцлов.
Мөрөн сумынхан Мөрөн голоо түшиглэн 1944 оноос Эрдэнэ уулын зүүн талд төмс, хүнсний ногоо бага хэмжээнд тариалж эхэлснээс хойш 78 дахь жилдээ тариалалтаа эхэлжээ.
Сумын 102 өрхийн 155 ногоочин, гурван аж ахуйн нэгж малын тэжээл, рапс, улаан буудай, төмс, хүнсний ногоо, хоёр иргэн чацаргана тариалж байна.
2018 оноос хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 594 м.кв талбай бүхий 16 хүлэмжтэй. Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 128 м.кв гурван улирлын хүлэмжийг 2019 онд барьж энэ жилээс ашиглаж эхэлжээ.
Хэдийгээр 100 тонны хүчин чадалтай зоорьтой ч цаашид өргөтгөх, аймгийн төвд ногоогоо худалдан борлуулах байнгын цэгтэй болох шаардлага байгааг ногоочид хэлж байлаа. Мөн тариалангийн талбайгаа 60 га болгож тэлэхээр төлөвлөсөн ч бороожуулагч, гүний худаг, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг шийдэхэд дэмжлэг хэрэгтэй тухай ярилаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас сумын тариаланчдад зориулж 90 морины хүчтэй трактор, анжис, борной, чиргүүлийг хүлээлгэн өглөө. Цаашид Азийн хөгжлийн банктай хамтран ирэх жил услалтын системийг нь шинэчлэхээр болсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэв.
Хэнтий аймгийн Мөрөн сум 2021 онд 678 тн төмс, 548 тн хүнсний ногоо хураан авсан байна. 2010, 2014 онд Улсын аварга тариаланч сум, 2017, 2020 онд Тариаланч сумаар шалгарч байжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Хэнтий аймгийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид болон иргэдтэй уулзана.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0