Ц.Дэлгэрмэнд: Эцэг, эхчүүд хүүхдээ бусадтай харьцуулж, өмнөөс нь шийдвэр гаргаж болохгүй
Хуваалцах:
img

“Family college” төвийн сэтгэлзүйч Ц.Дэлгэрмэндтэй өсвөр насныхны сэтгэлзүйн онцлогийн талаар ярилцлаа.

-Бид бол нүүдэлчин соёлтой ард түмэн. Одоо л суурин соёлд дасах гэж хичээцгээж байна. Ер нь нүүдэлчин, суурин соёлыг дагаад үндэстний сэтгэлгээний онцлог дагаад өөр байдаг. Монгол хүний сэтгэлзүйн онцлогийн тухай яриагаа эхэлье?

-Тархи, физиологийн үүднээс яривал дэлхийн хүн бүр л адилхан. Ялгаа үүсгэж байгаа зүйлс нь гэвэл тухайн улсын соёл, уламжлал, хууль дүрэм, өдөр тутмын амьдралын хэв маяг зэрэг орно. Бидний сайн тал нь дасан зохицох чадвар өндөр байдаг. Ганцаарчилсан аль эсвэл хосын харилцааны зөвлөгөө өгөхдөө ажиглахад ихэнх хүн өөрийнхөө юу хүсдэг, боддог, үнэт зүйлээ тодорхойлоогүй сул талтай. 1990 онд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалт гурав орчим байсан бол өнөөдөр 5-10  байна. Энэ долоон жилийн ялгааны учир юунд байна вэ гэвэл эмэгтэйчүүд урт хугацааны зорилготой, амьдралаа уртасгах үйлдэл, хэв маягт суралцсан. Харин эрэгтэйчүүдийн хувьд одоо л тэр зүйлсийг суралцаж эхэлж байдаг. Монгол гэр бүлийг ажиглахад хөвгүүдэд илүү их эрх чөлөө өгдөг. Өдөр тутмын гэрийн ажлыг хуваарилахад хөвгүүдэд бага ажил, үүнийг дагаад хариуцлага үүрүүлж сургадаггүй. Охидтой харьцуулбал онц сурахыг шаардахгүй. Ийм хүйсийн ялгаа манай улсад өнөөдөр ч байгаа. Өмнөх үетэй харьцуулахад мэдээж багассан. Охид, хөвгүүд зэрэгцэж их сургуульд суралцаж байна. Гэхдээ дээрх ялгаа удаанаар л арилж байна гэсэн үг.

-Зарим эцэг, эх өөрсдөө сэтгэл хөдлөл, биеэ хянаж чадваргүй байх тохиолдол бий. Энэ нь хүүхдэд нөлөөлж, уур бухимдалтай, бусдын биед халдах шууд шалтгаан болдог байж магадгүй. Хүүхдийг яаж сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлж сургах вэ. Энэ талаар тодруулбал?

-Хүн төрөлхтний суралцах аргуудын нэг үндэс нь бусдыг даган дуурайх. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд хамгийн анх ажиглаж, даган дуурайх хүн нь эцэг, эх, асран хамгаалагчид нь. Дан ганц эцэг,эх ч биш ах, эгч, өвөө, эмээ, сургууль, цэцэрлэгийн багш, найз нөхөд нь ч байж болно. Гэхдээ сүүлийн хоёр жил цэцэрлэг, сургууль тогтмол ажиллаагүй учраас сургуулийн орчноос нөлөөлөх нөлөөлөл харьцангуй бага болсон байх. Ихэнх тохиолдолд хүүхдүүдээ ээжүүд өөрсдөө харна. Аав, ээж, ах эгч хэн нь харсан бай энэ үед хэрэгтэй хамгийн чухал зүйл туслалцаа. Ээжүүдэд туслах хамгийн эхний хүн бол нөхөр нь. Гэтэл тэд мөнгө олох, ар гэрээ авч явах үүрэгтэй гэж үзээд тэр бүр эхнэртээ тусалж чадахгүй үе байна. Өмнө нь бид нүүдэлчин соёлтой байхад төрөл садан биш ч байг саахалтын айл, авга, нагацууд нь тусалж, дэмждэг байсан. Ингээд хүүхэд асрах, өсгөх үйлд эмэгтэйчүүд түүртэж, ядардаггүй байлаа. Харин орчин үед гэртээ хүүхдээ харж байгаа ээжид туслах хүн хомс. Өдөр тутмын хийж байгаа зүйлд нь завсарлага, чөлөө зав үгүй болоод ирэхээр уурлаж, бухимдана. Тусламж хэрэгтэй байна гэдгээ зөв илэрхийлж чадахгүй байдаг. Бусад хүн ч гэсэн өөр өөрсдийн амьдрал, ажилтай. Үүний үр дүнд хүн бүр бухимдалтай болж байна. Бусдаас тусламж авахгүй удаан явсны үр дагавар нь нэгдүгээрт, хэн ч надад туслахгүй, намайг гэх сэтгэлгүй юм байна гэсэн гомдол тээж эхэлнэ. Түүнээс биш муу хүн учраас уурлаж, бухимдаад байгаа асуудал ерөөс биш.

-Тэгвэл үүнийг яаж шийдэх ёстой юм бол?

-Тухайн хүнийг уураа барь, тэвчээртэй бай гэхээс илүү шийдэл хэрэгтэй. Тодорхой шийдэлгүйгээр удаан хугацаанд явснаар хэрүүл, маргаан үүснэ. Ингээд хүүхдийн сэтгэлзүйд өөрийгөө буруутгах мэдрэмж төрдөг. Эцэг, эхчүүд хүүхдэдээ маргааныхаа шалтгааныг зөвөөр тайлбарлах ёстой. Үгүй л бол өөрийгөө буруутгаж, үгүйсгэж өөртөө итгэлгүй болно. Хэрвээ маргаан хүндрээд, бие биенээ хараах, гар хүрвэл хүүхдийн сэтгэлзүй гэмтэж, хэзээ дахиж маргалдах бол гэсэн айдастай болж эхэлнэ. Цаашлаад хүндэрсэн тохиолдолд тэр үеийн дурсамжууд алга болчихдог.  Хүн бүр сэтгэлзүйгээ эрүүл байлгахын тулд ямар үед уурлаж, баярлаж, аз жаргалтай болдгоо мэддэг байх ёстой.

-Зарим хүүхэд олон нийтийн газар авахыг хүссэн зүйлээ авах гэж бархирч орилох, шалан дээр хэвтэх зэрэг сэтгэл хөдлөлөө буруугаар гаргах үйлдэл байдаг. Эцэг, эх нь аль эсвэл орчин нь тийм реакц гаргахад нөлөөлдөг юм болов уу. Энэ тухайд?

-Ийм ааш гаргахад нөлөөлж байгаа хүчин зүйл нь эцэг эхчүүд өөрсдөө. Тэгэхээр энийг ээж, аав өөрсдөө засна гэдэгт би итгэлгүй байна. Учир нь ээж, аавын аль нэг нь асуудал, сэтгэлийн хямралтай, яаж шийдэхээ мэдэж чадахгүй байгаа учраас хүүхэд ийм ааш гаргадаг. Учир нь бусад үед авахыг хүссэн зүйлийг нь авч өгдөггүй, тоодоггүй учраас эцсийн арга нь хашхичих, бархирах, уйлах байдаг. Энэ нөхцөлд хүмүүс нэг л зүйлийг мэдэх хэрэгтэй. Тархи өөрөө өөрийгөө засварладаг механизм. Мартах ёстойгоо мартаж, санахаа санаж л байдаг. Ингээд өөрийгөө засаж, чимэглээд байж болох хамгийн сайн хувилбараа бүтээнэ. Тэр нь бусдад тайлагдахгүй ч байсан ч өөрчилж, засах гээд хэрэггүй. Олны дунд уйлж, биеэ зөв авч явж чадахгүй байлаа гээд ирээдүйд муухай ааштай, муу хүн болно гэж хэзээ ч дүгнэж болохгүй. Хэрвээ ярьж чаддаг насны хүүхэд бол ярилцдаг байх хэрэгтэй. Хүүхдэдээ жижиг ч бай амлалт өгсөн бол амлалтдаа хүрдэг байх ёстой.

-Үүнээс гадна хүүхдийн хүмүүжилд гарч байгаа сөрөг зүйлс бий байх?

-Эцэг, эхчүүд дараах зүйлийг тогтмол ажиглаж байх хэрэгтэй. Нэгдүгээрт, олон хүүхэд англи хэлээр хэлд орж байна. Хөл хорионы үед энэ үзэгдэл ихэссэн. Хоёрдугаарт, 8-13 насандаа маш их ууртай болбол хүүхдийнхээ тархийг ямар нэгэн байдлаар гэмтээж байсан уу гэдгээ бодох хэрэгтэй. Хүний зан чанарт удамшил, нийгмийн хүчин зүйл, боловсрол нөлөөлөхөөс гадна тархи нөлөөлдөг. Тархи бол эрхтэн. Гэмтэл авсан тохиолдолд уураа барьж чадахгүй, бусдыг ойлгохгүй, буруутгадаг, ганцаараа л байхыг эрмэлзэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Багад нь унагасан, спортоор хичээллэж байхдаа бөмбөгөөр цохисон ч байж болно. Гуравдугаарт, өсвөр насныханд уур бухимдал, түгшүүр  нэмэгддэг. Энэ бол жам ёсны зүйл. Эцэг, эхчүүдийн хувьд энэ үед нь хэт их шаардлага тавих, бусадтай харьцуулах, ирээдүйн зорилго, мэргэжлийг нь өмнөөс нь сонгох, сул талыг нь үргэлж ярих зэрэг алдаа гаргаж болохгүй. Ярилцах ёстой үед нь ярилцаж, тайвшруулж, дэмжих хэрэгтэй.

-Хүүхдүүд сургуульд явахгүй удаан хугацаа өнгөрлөө. Хэд хоногийн дараа хичээл танхимаар эхэлж тэд эргээд нийгмийн харилцаанд орж эхэлнэ. Хүүхэд бүрийн өссөн орчин өөр тул зөрчил, маргаан гарч таарна. Үүнийг яаж эерэгээр шийдэх вэ?

-Яг ийм нийгмийн харилцааны асуудал эцэг, эхчүүд туслах дүр. Тэгэхээр гол дүр юм шиг хариуцлага авч, санаа зовоод, багш нар, найз нөхөдтэйгөө яг л тэгж харьц гээд хувийн зүйлс рүү нь хэт халдаж болохгүй. Гурван хүүхэдтэй айл байлаа гэхэд хүүхэд бүр өөр зан чанартай. Зарим нь бие даасан, сэргэлэн эсвэл залхуу, хойрго, зорилгогүй ч байж болно. Ер нь хүүхдээ сайн ажиглах л хэрэгтэй. Юунд хамгийн их баярлаж эсвэл уурлаж, айж байна гэдгийг анзаараад аз жаргалтай болгож байгаа зам руу нь л чиглүүлэх хэрэгтэй. Хүүхэд өөрийнхөө амьдралаар амьдрах эрхтэй. Яг өөр шигээ, эсвэл өөрийнхөө хүслээр байлгах гэсний хэрэггүй гэж хэлмээр байдаг. Нөгөө талаас хүүхэдтэйгээ зөвлөж байгаад хүсэл сонирхол дээр нь үндэслэн зорилго, төлөвлөгөө гаргавал хүүхэд хичээнгүй хүн болдог. Харин хэт ахадсан зорилго тавьж болохгүй. Хүүхэд өөрөө хүсэж байна уу гэдэг л хамгийн чухал.

 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img