2 жил
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров баяр наадмын өмнө Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэгвэл ирэх наймдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр товлож, талууд бэлтгэл хангаж байгаа аж.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт томилолтоор ажиллаж байхдаа мэдээлсэн бөгөөд тэрээр Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалаар гурвын зэрэг чухал асуудлаар яриа хэлэлцээр хийнэ гэдгийг мэдэгдсэн.
Нэгд, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх.
Хоёрт, Багануур цахилгаан станцыг барьж байгуулах асуудлыг эцэслэх.
Гуравт, Бээжингийн олимпын үеэр ярилцсан хилийн боомтуудын нэвтрүүлэх чадвар, ложистикийн асуудлаар албан ёсны баримт бичгүүдэд гарын үсэг зурах хүлээлттэй байгаа юм байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг барих газар дээр 250 гаруй малчин өрх амьдарч байгаа. Эдгээр өрхтэй Засгийн газар хэлэлцээр хийж, нөхөн олговор олгох санхүүжилтийг шийдсэн. Засгийн газрын шийдвэр гарсан учраас нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна. Нүүлгэн шилжүүлэлтийн ажил дууссаны дараа эл цахилгаан станцыг барих хөрөнгө оруулалтын асуудлыг БНХАУ-ын Засгийн газар эцэслэн шийднэ.
Ирэх наймдугаар сарын сүүлээр Монгол Улсад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлах бөгөөд энэ үеэр хамгийн гол нь Эрдэнэбүрэн болон Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийднэ. Ингэснээр энэ намартаа багтаж Эрдэнэбүрэнгийн станцын ажлыг эхлүүлэх боломжтой болно. Таван жилийн дотор Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц бүрэн хүчин чадлаар ажиллаж, баруун бүсийн эрчим хүчний эх үүсвэр найдвартай болно" гэсэн юм.
Ван И сайд хамгийн сүүлд 2020 оны есдүгээр сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн байдаг.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0