ГХЯ: Хятадын талд нүүрс урт хугацаанд тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо
Хуваалцах:
img

Монгол Улс болон БНХАУ-ын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын үр дүнгийн шийдвэрийн талаар танилцууллаа.

Энэ үеэр тэрбээр “Монгол Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж, бүхий л салбарт хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцсон. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам долларт хүргэх зорилтыг 2021 онд хэрэгжүүлснийг тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ. Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо. Ханги-Мандал боомтын төмөр замаар холбох асуудлаар манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагатай ярилцахаар боллоо. Мөн Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэргийн нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галтэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох талаар ярилцлаа. Хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцэн тохирсон байгаль орчныг хамгаалах асуудлаар санал нэгдлээ. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамт хэрэгжүүлэхээр тохирлоо" гэв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img