Тайландын Дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацын яам болон Тайландын Үндэсний шинжлэх ухааны музейгээс жил бүр зохион байгуулдаг Шинжлэх ухаан, технологийн яармагт Монголын үндэсний оньсон тоглоомын үзүүлэнг дэлгэжээ.
Тайландын шинжлэх ухаан, технологийн яармаг нь тус улсын оюутан, сурагчид болон шинжлэх ухаан, боловсролын байгууллагын дунд өргөн дэлгэрсэн, Зүүн Өмнөд Азийн бүс нутагт зохион байгуулагддаг томоохон арга хэмжээ юм. Энэ жилийн яармаг нь Урлаг, шинжлэх ухаан, инновац ба тогтвортой нийгэм сэдвээр зохион байгуулагдаж байна. Энэхүү үйл ажиллагаанд Тайландын боловсрол, судалгааны байгууллага болон гадаадын зарим улсын боловсролын байгууллагаас оролцож байна. Энэ сарын 13-21-д үргэлжлэх уг үзэсгэлэн яармагийг цар тахлын улмаас ойролцоогоор 200 мянга гаруй оюутан, сурагч үзэж сонирхоно гэсэн тооцоо гарчээ.
Яармагт тавигдсан Монголын олон төрлийн оньсон тоглоомыг Оюун ухааны олон улсын музейг үндэслэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзий урлажээ. Эдгээр тоглоомыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн зургаадугаар сард Тайландын Үндэсний шинжлэх ухааны музейд зочлох үеэрээ хандивласан юм байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0