1 жил
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол баталжээ.
Тогтоолд дөрвөн зүйлийг шийдвэрлэхээр тусгасан талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.
Мэдээлэлдээ, Станцын техник хяналтын зардал болох 5 сая орчим ам.долларыг 2024-2027 оны улсын төсөвт суулгах, мөн эд хөрөнгийн нөхөн үнэлгээний төлбөр болох 4 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 2024 оны улсын нэгдсэн төсвийг батлахад тусгах, 1241 айлд нэг удаагийн нөхөн төлбөр олгоход 13,4 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгааг 2024 онд багтаан дуусгах, усан цахилгаан станцын усан сангийн нөлөөлөлд автаж болзошгүй гэж үзсэн эд өлгийн зүйлийг аврах хамгаалах шаардлагатай 6 тэрбум төгрөгийг мөн 2024 оны төсөв суулгахаар шийдвэрлэлээ.
2023-2024 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусгана. 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хятадын Экзем банк, худалдааны яамнаас Төрийн зөвлөлдөө Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар мэдээллийг хүргэнэ. Учир нь 250 сая ам.доллараас дээш гадаад улсад хийж байгаа хөрөнгө оруулалтыг Төрийн зөвлөлөөрөө батлуулдаг. Төрийн зөвлөлөөр дэмжигдсэний дараа зээлийн тусгайлсан хэлэлцээрийг 2 дугаар улиралдаа багтаагаад хийх төлөвлөгөөтэй, Хятадын талын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийнэ. Үндсэндээ Хятадын талаас тавьсан шаардлагыг бол биелүүлсэн.
Эгийн голын усан цахилгаан станцын хувьд ОХУ-ын талаас ЮНЕСКО-д гомдол гаргасан. Энэ дагуу манай Эрчим хүчний яамны захиалгаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээг гадаадын компаниар хийлгэсэн. Гарсан үр дүнг ЮНЕСКО-д хүргүүлнэ. ОХУ-д бол хүргүүлсэн байгаа. Асуудлыг бүрэн шийдэгдсэний дараа Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ.
Таван толгой цахилгаан станцын төслийн хувьд Засгийн газрын хуралдаанаар сонгон шалгаруулалтыг зарлах эрхзүйн орчныг бүрдүүлэх тогтоолын төслийг оруулсан. Сайд нар хэд хэдэн санал оруулсан. Тиймээс байр сууриа нэгтгээд дөрөвдүгээр сарын 4-5ны Засгийн газрын хуралдаанаар эцэслэн зарлагдсаны дараа тендер зарлана гэв.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0