Ч.Ганга
Хүүхэд хулгайлж, хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг сүүлийн хэдэн өдөр монголчуудыг бүхэлд нь энэлэн шаналанд унагаж, төрийн түвшинд анх удаа хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах асуудлыг ярьж байна.
Гэтэл бидний заримын хараан зүхэж, нулимаад байдаг өнгөрсөн үе буюу социализмын үед ийм хэрэг өнөөгийнх шиг олон давталттай, ердийн үзэгдэл мэт болчихсон байсан зүйл огт байхгүй. Харин ч “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриатайгаар нийгмээрээ урагшилж, хийж, бүтээж байв. Үүнийг ганцхан хүн, тодруулбал БНМАУ-ын Тэргүүн хатагтай, орос бүсгүй Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова хийсэн гэхэд хилсдүүлсэн болохгүй биз ээ.
Ганцхан жишээ хэлье. Тэрбээр өөрийн хань, нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбалыг гадаадын улс орнууд руу яваад буцаж ирэхдээ онгоц хоосон ирж буйг судалж мэдээд “Ясли, цэцэрлэгүүдэд хүүхэд тоглох тоглоомгүй байна шүү дээ” хэмээн халаглаж, тоглоом ачуулж авчирч байсан гэдэг. Мөн хөдөө хүүхдүүд хөл нүцгэн байгааг харчихаад толгой сэгсэрч, онгоцоор гутал ачуулж ирж байсан хэмээн тэр явдлыг мэдэх хүмүүс дурсдаг.
Түүний тэргүүлдэг байсан Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр л гэхэд “Найрамдал” зуслан, Хүүхдийн ордон, Залуучуудын ордон, Өнчин хүүхдүүдийн асрамжийн газар, Гэрлэх ёслолын ордон, цэцэрлэг, яслиуд, “Туяа” ресторан, Хүүхдийн сүүний үйлдвэр, Төв бассейн, Хүүхдийн төв эмнэлэг, Хүүхдийн театр, Залуу техникчдийн ордон, Хүүхдийн төв номын сан гэх мэт Монголын хүүхэд багачуудын соёл боловсрол, эрүүл мэндэд хэрэгтэй олон барилга байгууламжуудыг барин ашиглалтанд оруулсан түүхтэй. Ингэж тэрбээр монголчуудыг Европын хөгжил, боловсрол, соёлтой холбож өгсөн байдаг. Тухайн үед үед нэг ч хүүхэд нийгмээсээ тусгаарлагдаж, шоовдорлогдож, сургууль завсардаж, бэлгийн мөлжлөгт өртөж, хүчирхийлүүлж, эрх нь зөрчигдөж байгаагүй гэдэг.
А. И.Филатовагийн Монголын хүүхэд залуучуудын төлөө хийсэн бүхэн онцгой чухал гэдгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Л. Түдэв агсан нэгэнтээ дурсахдаа “Эдүгээгийн нэг ч сайдын хийж чадаагүйг Анастасия Цэдэнбал-Филатова хэдхэн туслах, нэг л жолоочийн хамтаар хийчихсэн шүү дээ... "Бүхнийг хүүхдийн төлөө" гэсэн уриан дор өөрийн хань, төрийн тэргүүн Цэдэнбалаас эхлээд, эгэл жирийн үйлдвэрийн ажилтан хүртэлх бүхий л хөдөлмөрчдийн нэг өдрийн цалинг "Хүүхдийн төлөө фонд"-д хуримтлуулаад дөрвөн зүг найман зовхист хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг яслийг иж бүрнээр нь байгуулж байлаа... Хуримын ордон, Хүүхдийн ордон, Найрамдал зуслан гээд хэлвэл энэхэн цаас багадах хүүхэд залуус руу чиглэсэн их бүтээн байгуулалтыг зууны төрийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын гэргий, Орос төрхтэй ч Монгол сэтгэлтэй, та бидний авгайлан хүндэлж заншсан ажаа-мама буюу Цэдэнбал-Филатова байгуулсныг би энд бахархалтайгаар хэлмээр байна. Энэ үед хүүхэд бүр жаргалтай байж, хүүхэд нас нь цагаахан байж... Жаргалтай хүүхдийн цагаан сэтгэлээр эх орон маань дүүрэн байж дээ... “ гэсэн байдаг.
Тэгвэл эрдэм судлалын Ю.Цэдэнбал академийн Гүйцэтгэх захирал, гэр бүл судлаач З.Түвшинжаргал “Ер нь манай улс эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн, үр хүүхдүүд рүүгээ анхаарсан үйл ажиллагаа маш бага явуулдаг. Тиймээс хэдэн жилийн өмнөх тэр хурал дээр би Цэдэнбал Филатовагийн талаар хүмүүсээр зориуд яриулж, илтгэл хүртэл хэлэлцүүлж байсан. Тэр эмэгтэй 1973 онд Монголын хүүхдүүдэд зориулан “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулснаас хойш бүхэл бүтэн хагас зуун жил өнгөрч байна. Түүхэнд нь “Хүүхдийн төлөө фонд” байгуулж, 80-аад обьект барьж, бий болгосон жишиг байна. Түүнийх нь үр дүнг өнөөдөр ч бид хүртсээр байна. Тэр эмэгтэй монгол хүн биш, хийх албатай ч бус, гэтэл тэр бүхнийг санаачилж, зохион байгуулж бий болгосон. Гэтэл монгол эмэгтэйчүүд, ээжүүд төрийн өндөр албанд очиж суучихаад яахаараа нэгдэж нийлээд ийм зүйлүүдийг хийчихэж чаддаггүй юм бэ” гэж “Түүх мартахгүй” илтгэлдээ дурдаж байв.
Монголчууд ардчиллаас хойшхи 30 жилийн хугацаанд хэтэрхий задгайрч, төрд гарсан хүмүүс улсаа тонон дээрэмдэж, эмх замбараагүй байдал газар авч, авлига цэцэглэж, эмэгтэйчүүдээ дээрэлхэж, зодож, үр хүүхдээ бэлгийн мөлжлөгт оруулж, хүчирхийлдэг гаж нийгмийг бүтээж иржээ. Энэ бүхэнд сая Дорноговь аймгийн Сайншандад хичээлдээ явахаар гараад гараад хулгайлагдлаж, улмаар амиа алдсан охины тухай мэдээлэл хонх цохилоо. Аймшигт энэ хэрэг олон нийтийн анхааралд хүрсэн учраас л нийгмийн бухимдал өндөр авсан байх. Гэтэл олон нийтэд мэдэгдсэн, мэдэгдээгүй ийм хэргүүд өчнөөн гарсныг хэлэх хэрэгтэй.
Ялын бодлогыг аваад үзвэл, бага насны хүүхдийг алах гэмт хэрэг үйлдсэн бол 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн гэмт хэрэгт дунджаар 22.2 жилийн хорих ял оногдуулж байж. Тэгвэл 2015 оны Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт дунджаар 14, 25 жилийн хорих ял оногдуулж иржээ. Энэ нь өмнөх хуультай харьцуулахад ялын бодлого найман хувиар зөөлөрсөн бол нөгөө талд нь энэ төрлийн гэмт хэрэг өсжээ. Ялын энэ бодлого зөөлөрснийг дагаад нялх үрсийг алах, хүчиндэх аймшигт хэргүүд нэмэгдээд байж. Эцэст нь Монголын төр анхааралдаа авч, УИХ-ын түвшинд хуулиа чангатгахаар ярьж байна. Бүхэл бүтэн 30 жил өнгөрч байхад Монголын хүүхэд, залуусын төлөө А.И.Филатова шиг зүтгэсэн хүн бидний дунд алга. Гэтэл тэр орос хүн байсан шүү дээ, тэгэхээр монголчууд улсаа хөгжүүлж гайхамшиг бүтээдэггүй юм гэхэд үр хүүхдээ өөрслийн гараар алж хядаад баймааргүй байна шүү дээ. Бид өөрсөд рүүгээ, дотогшоо өнгийж харах цаг болжээ.
Нийт сэтгэгдэл 0