Замын-Үүд-Эрээний хооронд ачаа тээвэрлэлтийн бизнес эрхлэдэг 5300 жолооч, тээврийн хэрэгсэл бий гэсэн тоо бүртгэлтэй юм байна. Тэдний төлөөлөл Төрийн ордныг гороолж, хоёр өдөр жагслаа. Яасан вэ гэхээр, хилээр задгай тээвэрлэлт хийхийг Засгийн газраас тэд хүсэж шаардаж байна билээ. Учир нь нөгөө 5300 машины ихэнх нь задгай тавцант тээвэрлэлтийг л хийдэг байсан юм байна. Гэтэл өнгөрсөн оны аравдугаар сараас хилээ хаасан Хятадын тал өнгөрсөн нэгдүгээр сард эргэж хилээ нээхдээ ачаа тээвэрлэлтийг зөвхөн чингэлэгээр тээвэрлэхийг шаардаж. Үгүй гэвэл дахиад хилээ хаахаас аргагүйд хүрнэ гэдгээ ч манайханд сануулсан юм билээ. Хамгийн гол нь халдвар хамгаалалтын үүднээсээ Хятадын талын тавьж буй шаардлага зүй ёсных ч Монголын жолооч нарт огт таалагдсангүй. Тэгээд Хятадуудын гаргасан шийдвэрт гомдсон гомдол, бухимдлаа Улаанбаатарт ирж жагсаж “тайлж” байгаа юм байна л даа.
Шуудхан хэлчихэд жолооч нарын энэ жагсаал ямар ч хууль, журам, дүрмийг үл тоодог, зөвхөн хувь хүний эрх ашгийг нийтийн эрх ашгаас илүүд эрхэмлэдэг монголчуудын нэг тийм муухай, арчаагүй араншингийн тод илэрхийлэл боллоо.
Тэгээд ч өнгөрсөн оноос нэг биш удаа болж байгаа, хүнд даацын машины жолооч нарын эсэргүүцлийн гэх жагсаалын цаана тодорхой бүлэг хүмүүсийн эрх ашиг цухалзаж байгаа нь илт анзаарагддаг юм. Тодорхой хэлбэл тэдгээр жолооч нарын эрх ашгийг хамгаалдаг гэх нэртэй, хоёр, гурван төрийн бус байгууллага.
Тэдгээр байгууллагууд хамсан жолооч нарыг дарамтлаж, сүрдүүлж, илтээр хатгаж, хууль бусаар санхүүжилт босгон зохион байгуулж, магадгүй төрийн бодлогод нөлөөлөхийг завдан удаа дараа оролдлого хийх болсныг хууль, цагдаагийн байгууллагууд анхааралдаа авах цаг болсон байх аа!
Ковидын цар тахлаас үүдэн өнгөрсөн оны аравдугаар сарын 21-нээс хойш хил хаагдаж, урд хөршөөс орж ирж буй импортын бүх ачаа барааны эргэлт, татан авалт зогссон. Хилийн цаана маш их ачаа барааны бөөгнөрөл үүссэн.
Үүнтэй холбоотойгоор барааны хомсдол, үнийн өсөлт мэдээж бий болж эхэлсэн.
Хэдийгээр сайн нэргүй ч, нөгөө муу Засгийн газар, холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагууд үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд бүхий л түвшинд ажилласаар байгааг үгүйсгээд огт хэрэгггүй л дээ. Үр дүн ч гарч байна.
Хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой зохион байгуулалтуудыг газар дээр нь хийгээд ирсэн. Түүний дагуу нэгдүгээр сарын 11-нээс үйл ажиллагаа эхэлж, одоо өдөртөө 20-50 чингэлэг бүхий ачаа барааг татан авч байгаа юм байна. Цаашдаа энэ тоо нэмэгдэх аж.
Хятадын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд тэг цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж эхэлсэн байх жишээтэй.
Огтоос зогсчихсон байсан тээвэрлэлт ямар ч байсан эхэлж. Цаашаа мэдээж улам цэгцэрч жигдрэх нь тодорхой шүү дээ.
Гэтэл манай талаас огт хамааралгүй Хятадын талаас гаргасан шийдвэрийг эсэргүүцэж жагсаж байхаар жолооч нар дотооддоо цэгцэрч, зөв зохион байгуулалттай болох ёстой юм. Тэд өөрсдийг нь ёстой шар махтай нь хатааж, зовоож байгаа луйварчидтай тэмцэж тэдний үүсгэсэн сүлжээг нураах хэрэгтэй л дээ.
Жагсаалын үеэр хэд хэдэн жагсагчидтай уулзаж ярилцаж үзлээ. Тэдэнд ямар ч ойлголт, зохион байгуулалт гэж алга.
Зүгээр л “Эвийн үүд Хамтын жолоо”, “ БАТ” буюу Борхойн авто тээвэрчдийн холбоо, “Тээвэрчдийн гүүр” холбоо гэсэн гурван төрийн бус статустай байгууллагын эздүүдэд “ашиглуулсан” нөхдүүд юм байна гэж санагдсан. Өнгөрсөн онд ЗТЯ-ны сайдын тушаалаар хилээр 15 м-ээс урт тавцантай машинуудыг хилээр ачаа тээвэрлэхийг хориглосон. Энэ шийдвэр олон улсын стандартыг мөрдөх шаардлагын улмаас гарсан юм билээ. Гэтэл эдгээр байгууллагаас Авто тээврийн тухай хуулинд өөрчлөлт оруулж олон улсын стандартыг өөрчлөхийг удаа дараа тулган шаарддаг болсон гэж байна. Энэ бол дэндүү даварсан үйлдэл биш гэж үү. Аливаа юманд эрх ашгийн эрэмбэ гэж зааавал байх ёстой. Хэн нэгэн Дорж гэдэг жолооч, эсвэл дээр өгүүлсэн тээвэрчдийн эрх ашгийн төлөө гэсэн гоё халхавч дор зөвхөн хувийн ашиг сонирхолоо чухалчилсан хэсэг хүмүүсийн эрх ашгаас нийтийн, тэр тусмаа улс орны эрх ашиг хамгаас чухал эрхэм байх учиртай л даа.
Хилийн цаана ачаа бараа бөөгнөрч, үнийн өсөлт барааны хомсдол үүсээд буйн олон шалтгаан буй.
Манай жолооч нар ачаа тээвэрлэлт хийхдээ хамгийн өндөр ашигтай жимс, хүнсний ногоо, тахиа эсвэл гаалийн бүрдүүлэлт хийхэд хялбар барилгын материал гэх ачаа барааг л сонгож, бусдыг нь тээвэрлэх тун дургүй байдаг юм байна. Тиймээс импортын карго ачаа тээвэрлэлт жолооч нарт “гологдож”, илт удааширч, бөөгнөрөл үүсэхээс аргагүй болдог аж. Дээр нь нэрмээс болж манай хувь хүн, албан байгууллагын ачаа барааны тээвэрлэлтийг зуучлагч Өвөрмонголчууд нэг чингэлэгийн үнийн дүн дээр 10-15 мянган юань заавал нэмж ашиг унагаадаг юм байна. Энэ мэт шалтгаанаас болж нэг машины тээврийн зардал гэхэд л хэдхэн жилийн өмнө 11-12 сая төгрөг байсан бол одоо 110 сая төгрөгт хүрчихэж.
Онцгой цаг байдлын өмнө буюу ердийн үед Хятадын талаас өдөрт 150-200 машин ачаа орж ирдэг байсан бол эрс багасч өнөөдрийн байдлаар 20-50 машин л орж ирдэг гэж байна. Манайхаас бол бараг машин гарахгүй, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулж, нөгөө тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах учиртай хоёр холбоо нь авлига авч, танил тал харж ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгодог болсон нь жолооч нарын дунд асар их бухимдал, хэрүүлийн галыг дэгдээдэг болжээ. Энд баримт дурдах нь зөв байх. Ердийн үед холбоо тус бүр ачаа тээвэрлэлтээс өдөрт 3-4 сая төгрөгийн ашиг олдог байсан бол эдүгээ өдрийн ашиг 1сая төгрөг болтлоо буурсан гэж байна. Энэ хоёр холбоо 5300 жолооч нэг бүрээс сард 10 мянган төгрөгийн татвар заавал авдаг юм байна. Энэ татвараа өгөөгүй бол ачаа тээвэрлэлтийн дараалалд оруулахгүй гэж дарамтладаг учраас аргагүйддэг гэнэ. Эрээний талаас импортын ачаатай болон шинэ тээврийн хэрэгслийг татан авах жолооч нарыг сонгож ажилд томилохыг мөн л тэд шийддэг аж. Тэгээд хилийн “тэг” цэгээс гаалийн хяналтын талбайд ачаа хүргэсэн нэг тэргэнээс 100 мянган төгрөгийн хөлс авч, түүний 20 мянгыг нь холбоод өөртөө авчихдаг гэж байна. Ийм новшийн үйл ажиллагааг Замын-Үүдийн хил дээр хоёр холбоо нь яг үнэндээ тээвэрчдийнхээ эрх ашгийн эсрэг эрхлэсээр уджээ. Тэгээд цагийн нөхцөл байдлаас хамаарч ачаалал ихсэж, оочер дараалал үүсээд овоороод ирэхээр асуудлыг улс төржүүлж, зориуд тээвэрчдийг бухимдуулан төлбөртэй “сөрсөн базааг” Монголын төр, Засгийн эсрэг хийгээд эхэлдэг гэмтэй болчихож. Яс юман дээр чингэлэг тээврийн асуудал хэдхэн “чээнж”-үүдийн атганд орж, тэдний хүслээс хамаарч шийдэгдэж байдаг болсон байна. Монголын Засгийн газрын зүгээс Хятадын талд хандаж, хилээр гарах чингэлэгийн тоогоо нэмэх саналыг байнга тавьж байгаа ч зөвхөн халдвар гарахгүй гэсэн найдвартай нөхцөл үүссэн тохиолдолд л энэ саналыг хүлээж авна гэдгээ Хятадын тал сануулж байгаа юм билээ.
Сая болж өнгөрсөн тээвэрчдийн жагсаалыг дээрх холбоодоос зохион байгуулж санхүүжүүлэхдээ задгай тавцант чиргүүл бүхий машины жолооч бүрээс 300-600 мянган төгрөг татсан гэж байна. Тэгээд өөрсдөө эсвэл төлөөллөө уг жагсаалд заавал оролцуулахыг шаардаж бүртгэж байсан гэдгийг жагсагч нар ярьж байгааг хууль хяналтынхан заавал шалгах ёстой болж байна. “Эвийн үүд, хамтын жолоо” НҮТББ-ийн тэргүүн гэх эмэгтэй хилийн “тэг” цэгээс гаалийн хяналтын талбай руу тээвэр хийх 50 машины эрхийг олгохдоо нэг эрхийг 5 сая төгрөгөөр үнэлж зарсан гэдгийг мөн л жагссан жолооч нараас сонслоо.
Эрээний боомт руу өдөрт буцдаг хоосон чингэлэг нь дан Хятад, Өвөрмонголчуудынх байдаг гэж байна. Хачирхалтай байгаа биз. Гэтэл монгол иргэдийн ачаа ачих чингэлэгийг огт гаргадаггүй аж. Энэ ажлыг мөн л Д. Байгалмаа гэх эмэгтэй зохион байгуулдаг гэж байна. Энэхүү төр,засгаас давж гарсан “чээнж”-үүдийг АТҮТ-ийн Замын-Үүд салбарын дарга Д.Болор-Эрдэнэ гэдэг эрхэм ивээлдээ авч давраасан гол хүний нэг гэнэ. Мэдээж энэ том дарга өөрийн “доль”-оо чамлахааргүй авчихдаг бололтой. Төр, засгийн бодлогыг гацааж, завсардуулж, нөхцөл байдлыг зориуд улам хүндрүүлж, ашиг олдог энэ зохион байгуулалттай тогтолцоо, сүлжээ Замын-Үүдийн боомт дээр үнэхээр бэхжсэн байна. Замын-Үүдийн хилийн боомтын тээвэрчдийн хийсэн жагсаалд оролцогчид өөрсдөө ч энэхүү нөхцөл байдлыг тодорхой мэддэг атлаа л тэдний дарамтад орж нийслэлд ирж жагсаж байгаа гэдгээ өгүүлж байна шүү дээ.
Засгийн газраас Замын-Үүдийн хилийн боомтоор орж гарах ачаа тээвэрлэлтийг хэвийн болгоход 5 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө гаргах шийдвэрийг гаргачихлаа. Ингэснээр хилийн цаана бөөгнөрч хугацаа алдаж буй карго ачаа бараагаа татаж оруулж ирэх зай талбайгаа тэлэх боломжтой болж байгаа юм билээ.
Бид алийн болгон хамгийн бохир заваан аргаар ажил хийж оромдсоор байх юм вэ? Дэлхийн улс орнууд бүгд л ачаа тээврээ чингэлэгээр хийдэг боллоо. Бид л гэсэн шиг халтар царайлаад тоос тортогтойгоо холилдоод явдгаа монголчууд одоо болих цаг болж. Энэ чинь соёл гэхээсээ илүү улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал шүү дээ. Монгол Улсын Засгийн газраас нүүрсний экспорт хийдэг хилийн бүх боомтуудад чингэлэгт тээврийн терминал байгуулах шийдвэрийг нэгэнт гаргасан.
Улс орнууд халдвар тархалтаас асар болгоомжилж бүхий л аргаар аюулгүй байдлаа бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Чингэлэгт тээвэр үүний нэг баталгаа. Улс орнууд өөрсдийн аюулгүй байдлын үүднээс чингэлэгт тээврийг эрхэмлэж, задгай тээвэрлэлтийг хүлээж авахгүй, зөвшөөрөхгүй гээд байхад бид зөрөөд хийнэ гээд талбай дээр мөнгө төлж, бусдад дарамтлуулж жагсаж байдаг нь үнэндээ хөгийн тэнэглэл. Уг нь нөхцөл байдлыг хамгийн сайн ойлгож байгаа хүмүүс жолооч нар өөрсдөө шүү дээ.
Эх сурвалж: Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “НАЖ МОГОЙ” үндэсний холбоо
Нийт сэтгэгдэл 0